Ц.Даваасүрэн: Засгийн газар ӨР төлөхгүй
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс зарим асуудлыг тодрууллаа.
-Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцсэн гээд байгаа. Түүнчлэн манай улсын Засгийн газар Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 99 сая ам.доллартөлөхөөр болсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Засгийн газар өр төлөхгүй. "Эрдэнэт" үйлдвэрээс баталгаа гаргасан нь бодитой эсэхийг тодруулах яриа л байгаа. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол “Эрдэнэт” үйлдвэр хуулийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээх ёстой. Тэр дагуу л шийдээд явах ёстой. Мөн “Эрдэнэт”-ээр баталгаа гаргасан нөхдөд хариуцлага хүлээлгэж хохирлыг барагдуулсан эсэх асуудал яригдах ёстой.
-Ингэхэд Засгийн газраас энэ онд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд ямар ажлууд хийх вэ?
-Сэргээгдэх эрчим хүчинд үүсээд буй хоёр л асуудал байна. Нэгдүгээрт, үнэ тарифын асуудал. Үнийг буулгах шаардлагатай. Тэгэхгүй бол сэргээгдэх эрчим хүчний тарифыг иргэд, аж ахуйн нэгжүүд нуруундаа үүрдэг. Үүнийг буулгахын тулд хууль эрх зүйн орчныг өөрчлөх саналыг оруулж байгаа. Цаашид өрсөлдөөнт байдлаар тарифыг нь буулгана. Одоо нэг кВт цагт 300-400 төгрөг төлдөг. Хоёрдугаарт, эрчим хүчний өөрийн зохицуулалт, тогтвортой байдлын асуудал байна.
-Жишээ нь?
-Нарны станц өдөрт 100 мВт-ыг үйлдвэрлэж байна. Зургаан цагаас хойш оргил ачааллын үеэр наргүй болчихдог учир үйлдвэрлэлээ явуулж чаддаггүй. Энэ мэт хүндрэл гарч байгаа учир зохицуулах шаардлагатай асуудлууд бий. Эрчим хүчний системийн тогтвортой байдалд нар, салхины станцууд тодорхой хэмжээнд сөрөг нөлөө гаргаж байна. Үүнийг зохицуулах дэвшилтэт технологийг ашиглах шаардлагатай.
Зарим улсад хуримтлалын технологи ашигладаг болсон. Усан цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчинд бид түлхүү анхаарал хандуулж байна. Энд хүндрэл гарах нь бага. Үүнийг бид дэмжих ёстой. Манай улсын эрчим хүчний бие даасан тогтвортой байдлыг хангахад усан цахилгаан станц хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Европын сэргээн босголтын банктай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ-г бий болгох чиглэлд хамтран ажиллахаар тохирсон. Үүний дараа Ховд голыг түшиглэж усан цахилгаан станц барих хөрөнгийг олох ажлууд хийгдэнэ. Мөн Эгийн голын дэргэд усан цахилгаан станц барих асуудал яригдаж байгаа.
-Уг усан цахилгаан станцыг барихад хэдий хэр хэмжээний хөрөнгө орох вэ. Эргээд мөн хэдий хэр хэмжээний зардлыг хэмнэх юм бол. Энэ талаар тооцоо, судалгаа хийв үү?
-Даваад биелэгдэх юм байна лээ. Нар, салхины цахилгаан станц явуулах зөвшөөрлөөр 1300 мВт үйлдвэрлэж байгаа. Гэтэл манай улсын суурилагдсан хүчин чадал хэрэглээ 1000 мВт байгаа. юм. Хэзээ ч нар, салхиар цахилгаанаа 100 хувь хангана гэж байхгүй. Ийм зөвшөөрлийг өгсөн нь бодлогын алдаа. Үүнийг зохицуулахад хүндрэл тулгараад байна.
Энэ жил нарны 100 мВт цахилгаан станц барина. Гэтэл нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувь байх ёстой. Энэ хувь нь хэтрээд явчихаж байгаа юм. Учир нь нарны цахилгаан станцын хүрээнд 600,700 мВт эрх өгчихсөн байна шүү дээ.