2018.02.08

Ц.Даваасүрэн: "Эрдэнэт"-ээр баталгаа гаргасан хүмүүс хариуцлага хүлээж хохирол барагдуулах ёстой

Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдэлд байсан 51 хувийн асуудал дуулиан тараад байна. Энэ асуудлаар өчигдөр Засгийн газар хуралдаж "Стандарт" банкны 99 сая долларын зээлийг төлнө гэсэн шийдвэр гаргасан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.

Лондонгийн Арбитрын шүүхээс "Эрдэнэт" үйлдвэрлэлд холбогдох шүүх хурлыг 4 удаа явуулж, эцсийн шийдвэрээр 51 сая долларын зээл, 44 сая ам.долларын зээлийн хүү торгуулийн төлбөрийг манай талаас гаргуулахаар өнгөрсөн оны сүүлээр шийдсэн тухай мэдээлэл бий. Харин "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан Жаст группын Батхүү 2013 онд хэвлэлийнхэнд хандахдаа Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж зээл авсан ч өөрт хамааралтай хэсгийг бүгдийг нь төлж барагдуулсан гэдгээ мэдэгдэж байжээ. 

Өчигдөр Засгийн газрын хуралдаанд суусан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дараахь байр суурийг илэрхийлсэн юм.

Ц.Даваасүрэн: Засгийн газар өр төлнө гэсэн асуудал байхгүй. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол Эрдэнэт үйлдвэр энэ асуудал дээр хуулийн өмнө хариуцлагаа хүлээгээд төлөх ёстой өрөө төлнө. Үүний хохиролыг барагдуулах асуудал яригдах ёстой. Эрдэнэтийг барьцаанд өгж үү, баталгаа гаргаж өгж үү гэдгийг бид ярих ёстой. Тэр хүмүүс нь ямар хуулийн хариуцлага хүлээх вэ гэдэгт анхаарах ёстой.