Япон улсад суралцах 96 багш, оюутанд Батламж гардуулав
2018.03.14

Япон улсад суралцах 96 багш, оюутанд Батламж гардуулав

"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд энэ онд Япон улсад суралцах 96 багш, оюутан, судлаач нарт Батламж гардуулах ёслол өнөөдөр ШУТИС-д боллоо.

Батламжаа гардсан багш, оюутнууд барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс Японы улсын их сургуульд элсэх бөгөөд гурван жил суралцах юм.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, "2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэ төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг үндэс, суурь одоо суралцаж байгаа оюутан, багш нар хичээнгүйлсэн сурч байгаатай салшгүй холбоотой. Өнөөдөр Батламжаа гардаж буй залуучуудад оюуны шавхагдашгүй хүч бий. Тиймээс энэхүү төслийг манай яам үргэлж дэмжин, хамтарч ажиллах болно" гэлээ.

Монгол-Япон хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2014-2023 онд хэрэгжих "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх зорилготой юм. Уг төслийн хүрээнд Япон улсад 2014-2017 онд Монголын 275 оюутан, багш, судлаач суралцаж байгаа аж.