2008.01.01

Д.Тэрбишдагва: Хүн яаж ч явж болно, гол нь ёс жудагаа л гээхгүй байх ёстой

“МОНЦАМЭ” веб сайтын энэ удаагийн “Зочны цаг” буландаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг урьж “зангиагүй” яриа өрнүүллээ.

-Намрын чуулган эхэлчихлээ. Өнгөрсөн хавар гишүүд нэлээд хугацаа сунгаж хуралдсан, чуулганы завсарлагаагаар ээлжит бус хуралдаан хийсэн гээд Та бүхэнд алжаал тайлах, амрах цаг зав бага байсан байх. Завсарлагааны хугацаанд Та юу хийв, ямар ажил амжуулав, тойрог дүүргийнхэнтэйгээ хэр уулзсан бэ?

-Чуулганы завсарлагаа гэдэг чинь гол нь ард түмэндээ хүрч ажиллах, тэдний санаа бодлыг УИХ-аас гаргах бодлого шийдвэртээ тусгах, нэг үгээр хэлэхэд өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласандаа “дүн тавиулах” хугацаа шүү дээ. Миний хувьд, Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзлаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, засаг захиргааны анхан шатны нэгжүүдээр явлаа. Энэ дүүрэг 253 мянган хүн амтай. Ихэнх нь хөдөө гадаа явчихдаг тул зун уулзаж учрах боломж хомс, тийм болохоор өнгөрсөн есдүгээр сараас л тойрогтоо нэлээд идэвхтэй ажиллаж байна. Дүүргийн ЗДТГ-ын ажилтнуудтай бас уулзлаа, тулгамдаж байгаа асуудлыг нь сонслоо, энэ сард багтаагаад нийт 25 хороогоор ороод амжчих байх.

-Иргэдтэй уулзахад гол төлөв эх орны хишиг, эрдэнийн хувийг хэзээ өгөх вэ гэж асуудаг гэж гишүүд ярьдаг юм билээ. Өөр ямар чухал сэдэв хөндөж байна вэ, сонгинохайрханчуудад хамгийн тулгамдаж буй асуудал юу байх шиг байна?

-Зарим хүн хотын хөдөө гэдэг шүү дээ. Хөдөө орон нутгаас шилжиж ирсэн хүмүүсийн дийлэнх нь энд суурьшдаг. Хэдийгээр 21 дүгээр зууны нийслэл хотод амьдарч байгаа боловч гэрэл цахилгаангүй өрх олон байна. Харахад гэрэлтэй юм шиг мөртлөө хүчдэл хүрэхгүйгээс хөргөгч, зурагтаа ажиллуулж чадахгүй айлууд ч байна. Сүүлийн долоо, найман жил үүнийг ярьж байгаа ч тодорхой хөрөнгө мөнгө гаргалгүй удлаа. Харин сая төсвийн тодотгол ярих үеэр миний бие нийслэлээс сонгогдсон гишүүдийн хамт хөөцөлдөж байж нийслэлийн гэрэл цахилгаангүй айлуудад зориулж найман тэрбум төгрөг тусгууллаа. Үүнээс дөрвөн тэрбумыг нь СХД-т зарцуулах юм. Ингэснээр тус дүүргийн 3000 орчим айл гэрэлтэй болж, 10 гаруй мянган өрхийн цахилгааны хүчдэл сайжирч байгаа. Удахгүй сонгинохайрханчууд нийслэлийн хамгийн гэрэл гэгээтэй дүүрэг болно гэдэгт иргэд маань их баяртай байгаа. Урьд нь хамгийн харанхуй дүүрэг байлаа шүү дээ. За тэгээд ярьвал олон зүйл бий дээ, эмнэлэг, сургуулиудын засвар үйлчилгээ, усан хангамж, дэд бүтэц гээд шийдэж өгсөн асуудал бий. Миний хувьд, жижиг асуудлуудаас гадна жил болгон нэг том зорилт тавьж, түүндээ хүрэхийн төлөө шаргуу ажиллах зорилготой байгаа. Өнгөрөгч зун гэхэд л хэд хэдэн ТББ-тай хамтарч, иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор “хоггүй дүүрэг” болох хөдөлгөөн өрнүүлж байна. Тодорхой үр дүн ахиц дэвшил харагдаж л байна.

-Сонгогдсон тойрогтоо хийж буй ажлаас гадна өнгөрсөн нэг жилийн хугацаанд Та ямар хуулийн төсөл, бодлого шийдвэрт түлхүү анхаарч ажиллав. Хүнс, хөдөө, аж ахуйн сайд байсан болохоор тэр үү мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл гэх мэт асуудлаар нэлээд дуугарч байгаа харагддаг?

-Эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой бүхий л шийдвэрт дуу хоолойгоо илэрхийлж байна. Санхүү, эдийн засгийн хямрал дэлхий нийтэд ажиглагдаж эхэлсэн үеэс л манай улс өөрийн гэсэн хямрал давах төлөвлөгөө батлах хэрэгтэй гэж шахаж шаардаж эхэлсэн. Нэлээн юм болж баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг саяхан дүгнэж үзэхэд харамсалтай нь хангалтгүй дүнтэй байна. Бодлого шийдвэр бодит ажил болохдоо чамлалтгүй болохоор одоо намрын чуулганаар дахин нухацтай хэлэлцье гэсэн бодолтой байна. За тэгээд, мөнгөний бодлого, төсөв, стратегийн чухал орд газартай холбоотой асуудалд цаг тухайд нь санал бодлоо тусгаж байлаа. Та бүхэн санаж л буй байх. Оюутолгойн гэрээний төсөл ярьж байхад бидний хэдэн гишүүн УИХ-ын 57 дугаар тогтоол гаргахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Ингэснээр анх яригдаж байснаасаа хоёр тэрбум төгрөгийн ашиг манайд орж ирэх болсон. Үүнийг цаашид ч нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тухайд, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих саналаа холбогдох хууль, төсөв санхүүд суулгасаар ирсэн. Гэхдээ улс орны эдийн засаг олигтой сайжраагүй, ард түмний амьдрал ахуй дээрдээгүй хэвээр, хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа нь салбарын бодлого чиглэлийг улам сайжруулах хэрэгтэйг харуулж байна.

-Таныхаар хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх хамгийн дөт гарц юу вэ? Салбарын сайд асан болохоор л асуугаад байгаа юм л даа?

-Намайг сайд байх үед Хүнс, хөдөө аж ахуйн яам гэж байсан. Одоо хөнгөн үйлдвэр нэмэгдээд ХХААХҮЯ болсон байгаа. Энэ яам маш чухал үүрэгтэй. Миний бодлоор, энэ салбарыг хөгжүүлэх дөрвөн чиглэл байна. Хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл. Хөнгөн үйлдвэрлэл бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тулгуурладаг учир үйлдвэрлэлийн салбарыг тодорхой болговол уялдаад хөгжих бололцоотой. Бид нэг хэсэг зөвхөн мал аж ахуй, газар тариалан руу анхаардаг байсан бол одоо нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн рүү анхаарах шаардлага тулгарсан. Өөрөөр хэлбэл, малаас гарах мах сүү, арьс шир, газар тариалангаас гарах улаан буудай, гурил, ногоог дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргах нь нэг талаар импортын хэрэглээг багасгаж, нөгөө талаар ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн хүнсний аюулгүй байдлын асуудал байна. Яахав, өмнөхтэй харьцуулахад арай дээрдэж байна. Бид нэг хэсэг өөрийн бүтээгдэхүүнгүй, 100 хувь урд хөршөөс, тэр дундаа Эрээн орчмоос л хооллож ундалж, хувцаслаж байлаа шүү дээ. Тэр үетэй харьцуулахад хүнсний үйлдвэрлэл нэмэгдэж л байна, гэхдээ эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэлийг дэмжих нь хямралаас гарах хамгийн зөв алхам юм. Тиймдээ ч УИХ энэ жил жижиг, дунд үйлдвэрлэлд анх удаа 30 тэрбум төгрөг баталсан. Үйлдвэрлэл сэргээд ирвэл үйлдвэрлэгчид өөрсдөө ХАА-н анхан шатны бүтээгдэхүүн гаргагчидтай холбоо тогтооно, хөрөнгө оруулна. Одоо хөдөөд хамгийн дутагдаад байгаа юм бол сүүний үйлдвэрлэл. Сүү мах хоёр жилийн дөрвөн улиралд гарна, харин арьс ноос, ноолуур, хөөвөр бол жилдээ ганц л гардаг шүү дээ. Тийм байхад бид гаднаас ууттай сүү зөөж байгаадаа дүгнэлт хийх л хэрэгтэй.

-Хямрал гэснээс, зарим оронд эдийн засгийн хямрал дуусч байхад манайд дөнгөж эхэлж байна гэж зарим эдийн засагч хэлж байна. Хямралтай орныг түвшингээр тогтоох гэж үзвэл манайх ер нь хэддүгээрт явж байгаа бол?

-Дэлхийн банк, ОУВС-гаас судалгаа гарсан байна лээ шүү дээ. Түүнээс харахад Монгол Улс эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртсөн орны тоонд орж байгаа. Ингээд ярихаар манай дарга нар дэлхийн санхүүгийн хямралтай холбож тайлбарлаад байна. Хамааралтай нь үнэн л дээ, гэхдээ зэсийн үнээс гадна бидэнд хангалттай нөөц бий шүү дээ. Тавин сая орчим толгой мал байж байна. Хямралгүй жилүүдэд хорь гаруй сая толгой байсан бол одоо хоёр дахин илүү болчихоод байна. Цаг агаар харьцангуй таатай байж тариа, ногооны ургац хангалттай байна. Захиргааны зардлыг дахиад ч танаж болж байна. Ингээд харахаар монголчуудад хямралаас гайгүйхан гараад явчих боломж байна. Ээлжит бус чуулганаараа ч энэ тухай баахан ярьсан. Тэгсэн хэрнээ нөгөө төлөвлөгөөгөө олон улсын санхүүгийн байгуулагуудтай нийлж үгүйсгээд, хийсэн юмаа баллаад явахаар яаж зорилгодоо хүрэх вэ дээ.

-Яриагаа цаг үеийн асуудалд хандуулъя. Нөхөн сонгуулийн санал хураалт хаяанд ирлээ. МАХН-ын Бага хурлын гишүүний хувьд нэр дэвшигч Д.Зоригтын талаар юу хэлэх вэ?

-Нэгэнтээ намын Бага хурлаар дэмжигдсэн болохоор намын гишүүнийхээ хувьд ч, нэр дэвшигчийг тодорхой хэмжээгээр мэдэхийн хувьд ч Д.Зоригт гэж залууг дэмжилгүй яахав. Гэхдээ нэг дэвшүүлэх процедурын хувьд хэдэн үг хэлэлгүй болохгүй нь. Энэ талаар Бага хурлын гишүүд, журмын нөхдөөс маань ч санал гомдол ирсээр байна. МАХН гэдэг чинь гишүүд бид юм уу, эсвэл хэдэн дарга юм уу? 160 гаруй мянган гишүүнийхээ хүчээр л энэ нам өнөөдөр Монголын хамгийн том улс төрийн хүчин болж байгаа шүү дээ. Анхан шатны үүрүүдийн хурлыг хийлгэчихээд, тэднээр тодорхой санал шийдвэр гаргуулчихаад, түүнийг нь үл тоомсорлож орхисонд л жаахан эмзэглээд байгаа юм. Ер жирийн гишүүдийнхээ саналыг хүндэтгэхгүй юм бол, ажил төрлөө алдаад тал талаас цугласан Бага хурлын гишүүдийнхээ үгийг сонсохгүй байсан юм бол яах гэж тийм арга хэмжээ зохион байгуулсан юм. Зөвхөн баахан хүн суулгаад гар өргүүлэх гэж авчирсан юм уу? Саяхан Германд сонгууль болж эрх барьж байсан Социал демократ нам ялагдсан. Интернэтээс мэдээлэл харахад, ялагдсаныхаа маргааш нь тэр нам олонхи санал авч чадаагүй шалтгаандаа анализ хийгээд, “Социал демократ намыг өөрчлөх таван функт” гэдэг зорилт төлөвлөгөө, санал шүүмж гаргаад тавьчихсан байна лээ. Алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, засч залруулах, өөрчилж шинэчлэх арга хэмжээ шуурхай авдаг байдлаас бид суралцах хэрэгтэй. Гэтэл бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад таван сар болох гэж байна. Энэ хугацаанд намын Бага хурлаа ч хийгээгүй, анализ дүгнэлт ч гаргаагүй, хэн буруутайг тогтоогүй хэрнээ дараагийн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулах хурал хийж байгаа нь үнэхээр учир дутагдалтай. Бид амжилтаа баталгаажуулж, алдаагаа засч байж л цаашаа явна биз дээ.

-Анхан шатны үүрүүдэд бас асуудал бий гэж сонсогддог. Хоорондоо үзэл бодлоороо хэд хуваагдсан учир нэгтгэн зангидах шаардлагатай байсан ч байж болох юм?

-Тэгж яригддаг. Гэхдээ үнэхээр тийм юм байгаа бол түүнийг нь ярих хэрэгтэй шүү дээ. Учир шалтгааныг нь сонсоод, болохгүйд болохгүй байгааг нь хэлээд анхааруулаад, бүр хариуцлага тооцсон ч болно. Гэтэл намын дарга горимын санал гаргаад гишүүдээ үг хэлүүлэхгүй, тэр бүү хэл нэрээ татаж байгаа хүний амыг барих нь хэр зохистой юм. Болоод өнгөрсөн юмыг дахиж ярих шаардлагагүй юм шиг боловч бид дараа дараагийнхаа арга хэмжээ, ажил үйлст сургамж болгох хэрэгтэй. Би ойлгохдоо, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Бага хуралд ирэхдээ нэрээ татаж байгаа учир шалтгаанаа хэлээд, нэр дэвшигчид амжилт хүсээд үг хэлчих бодолтой байсан байх. Тэгэх ч эрхтэй хүн. Нэр дэвшиж байгаа Д.Зоригт сайд ч гэсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулаад, гишүүдэд хандаад намайг дэмжээрэй, би намдаа нэг суудал авчирсан гэх мэтээр хэлж ярьж, амлах ёстой.

-МАХН шинэчлэгдэх ёстой гэж Та нэг бус удаа байр сууриа илэрхийлж байгаа. Мэдээж энэ үйл явц өрнөж л байгаа байх, гэхдээ яг ямар байдлаар шинэчлэл хийх хэрэгтэй байгаа юм бэ?

-Намын 25 дугаар Их хурлаар шинэчлэлийн бодлогыг асар өргөн хүрээтэй, нээлттэй ярьсан. Маш том төлөвлөгөө гаргасан. Тэрнийгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, үр дүнгийг нь тооцох цаг болсон. Гэтэл тэгээгүй байж одоо шинэчлэлийн цогцолбор хөтөлбөр яриад байгаа. Би саяын хурал дээр асуусан. Нэг юмаа ярьж дуусаагүй байж дараагийнхаа яаж хийх вэ гэж. 25 дугаар хурлаар болж бүтэхгүйгээ тал талаас нь ярьж, бүр зарим гишүүн хатуу ширүүн үгээр нам руугаа дайрч, тэр нь сонгуулиар өрсөлдөгч талд өгөөш болох хэмжээнд сүр дуулиантай хуралдчихаад үр дүн гарсан ч юмгүй, мөрөөр нь авч хэрэгжүүлсэн дорвитой ажил ч үгүй байгаа хэрнээ дахиад өөрчлөлт ярьж байгаа нь тийм ч таатай бус санагдаж байна. Ер нь сүүлийн хоёр бага хурал цаанаасаа зохион байгуулалттай, хаалттай болсон. Ийм байхаар намын рейтинг яаж дээшлэх билээ.

-Яг өнөөдөр танай намын рейтинг ямар байгаа вэ? Нөлөө бүхий гишүүний хувьд Та илүү бодитой хэлэх байх?

-Нуугаад яах юм бэ, 30-аас доошоо орчихсон, 20 гаруй хувьтай л байгаа шүү дээ. МАХН түүхэндээ ийм бага рейтингтэй байж үзээгүй. Энэ нь нийгэмд ч, гишүүдэд ч энэ нам болохгүй байна, ямар нэг дорвитой юм хийх хэрэгтэй гэж сануулаад байгаа аваарийн дохио биш гэж үү. Тэгэхэд юу ч болоогүй юм шиг байгаад буйг тун ойлгохгүй байна. Ер нь би намын нэрийг ч өөрчлөх ёстой гэж боддог хүний нэг. Манайхан нэг юмыг хэсэг чимээгүй орхиж мартагнуулж байгаад дараагийнхыг гаргаж ирдэг муу зуршилтай болоод байна. Ингэж гал унтраасан маягтай байх чинь зөвхөн тэр аваарийн гэрлийн дохиоллыг л салгаж байгаа болохоос биш гэрэл асаад байгаа шалтгааныг олж тогтоон засч залруулахгүй байгаа хэрэг. МАХН-ын түүхэн гавьяа үүргийг монголчууд бүгд л мэдэж байгаа. Гэтэл жил ирэх тусам гишүүдийн ч, ард иргэдийн ч итгэл үнэмшил суларсаар байгаа нь юуных вэ гэдгийг хэн өнөөдөр дүгнэж цэгнэх ёстой билээ дээ. Улс төрийн гол хүчний ийм ганхалт улс орны хөгжил, ард иргэдийн амьдралд ч нөлөөлдөг. Би энэ бүгдийг шүүмжлэх гэсэндээ биш сэтгэл зовж, сайжруулъя өөрчилье гэсэндээ л хэлж байна. Байдал ийм байх нь хүссэн хүсээгүй одоогийн удирдлагатай холбогдоно. Нам удирдаж, авч яваа удирдлагууд албан тушаалын амт шимтийг амсаж байгаатай адилаар араас нь дагах үүрэг хариуцлагыг дааж явах ёстой. Хэн нэгэнтэй хариуцлага тооцохдоо биш нийгмийн уур амьсгал, судалгааны байгууллагуудын дүн гээд харж харьцуулах юм бишгүй л байна. Ингээд ярихад таагүй хүлээж авах хүмүүс бий. Гэхдээ намын тугаа уруулж байхад ч, байраа шатаалгаж байхад ч хамгийн түрүүнд үг хэлж, зүрх шимширч явсан гишүүний нэг гэдгийнхээ хувьд би хэлэх юмаа хаана ч хэлнэ. Аливаа юманд залгамж чанар гэж байх ёстой. МАХН-ыг коммунист гэсэн нэр хаягаасаа салж чадахгүй явахад Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж гээд олон сайхан залуус орж ирж энэ намыг өөрчилж шинэчилж, улс орныг залах хэмжээнд ард түмэнд хүлээн зөвшөөрөгдтөл ажилласан. Гэтэл энэ хүмүүстээ янз бүрийн нэр хоч өгөөд байгаа явдал, тэр ч бүү хэл цагтаа гар нийлэн ажиллаж байж одоо огт өөр зүйл яриад явж байгаа байдал ч олон давтагдаж байна шүү дээ.

-Таны яриаг сонсож байхад хүмүүсийн ёс зүйтэй холбоотой асуулт асуумаар санагдлаа. Өнгөрснөө үгүйсгэж, өнөөдрөө өөрөөр хараад урваад шарваад байгаа хүн энэ намд олон байна гэж Та хэлэх гээд байна уу?

-Нэгэнт асууж байгаа бол би шууд жишээ хэлье. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагтаа үй зайгүй дагаж, бараг л хэлэх үгийг нь өмнөөс нь шүүрч авч хэлэх шахаж байсан нэр бүхий хүмүүс бий. Гэтэл өнөөдөр огт танихгүй юм шиг нүүр буруулаад явж байгааг нь харахаар үнэхээр гайхаад барахгүй байна. Хүн яаж ч явж болно, гэхдээ ямар ч үед ёс жудаг гэж нэг юм байх ёстой. Нэгэн үе Н.Энхбаярыг чухам л оройн дээд олдошгүй ховор эрдэнэ, Монголд байхгүй хүн мэтээр ярьж байснаа дараахан нь муу муухай бүхний үүр уурхай, бараг Монголд байх ёсгүй хүн мэтээр яриад, тэгснээ магтаад, бүр одоо болохоор муулаад, нухчин дарах гээд байгааг юу гэж ойлгох вэ? Хүний мөс чанар ингэж синусын график шиг огцом хэлбэлзэж болох уу? Ер нь ганц Энхбаяр ч биш, тухайн цаг үеийнхээ алдаа оноог үүрээд, ард түмэн улс орныхоо төлөө чөмгөө дундартал зүтгэж явж Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, П.Очирбат, Н.Багабанди хэн ч байсан гэсэн одоо муу муухайгаар нь дуудаж, хэвлэлээр хатуу хөтүү үг чулуудаад яах юм бэ. Тэдэнд бүгдэд нь алдаа ч бий, оноо ч бий. Бүгд цаг үеийнхээ зол золиос хоёрт дайруулсан л хүмүүс шүү дээ. Түүхэн талаас нь үнэлж дүгнэхийг үгүйсгэхгүй, гэвч тэр үеийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч явсных нь төлөө ингэж өнөөдөр улстөрийн ашиг сонирхлын бай болгох ёсгүй, алдсаныг нь хаяад, оносныг нь онцлоод л цааш явмаар байна. Хүмүүс юмыг дэндүү харлуулаад хүн чанаргүй загнаад байвал би ч гэсэн өөрийн мэдэх хэмжээний зүйлээ зарлаад, нэр устай нь гаргаад хэлчихэж чадна.

-Их өр тэглэгдээгүй үлдсэн тухай нэг хэсэг ярилаа. Тухайн үед нь Засгийн газарт байсан хүмүүс үүнийг хэр хүлээж авч байгаа бол?

-Наад асуултаа тэр үед Засгийн газарт байсан хүмүүсээс асуух хэрэгтэй. Би тэр үед ХБНГУ-д Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайдаар сууж байсан. Гэхдээ өөрийн бодлоо хэлэхэд, тэр үед ирж байсан мэдээллээр их өр 98 хувьтай тэглэгдлээ гээд бөөн баяр хөөр болж байсан шүү дээ. Ер нь гэрээ хэлцэл гэдэг маш хатуу байр суурьтай байх хэрэгтэй. Эхлээд 95 хувь дээр тохирлоо гэж байхад тэр үед ажиллаж байсан ажлын хэсэг “ёстой боллоо даргаа” гээд бараг л залбирч байсан гэдэг. Дахин тохироогоор 98 хувь болоход баярлан уйлалдаж байснаа бахархан ярьдаг хүн олон бий. 95-ыг их зүтгэл гаргаж байж 98 болгосон тухай тэд одоо ч ярьдаг. Тухайн үед их өр тэглэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүс бараг бүгдээрээ л одон медалиар шагнуулаа биз дээ. Гэтэл тэд яагаад өр дутуу төлсөн гэдэг асуудал сөхөгдөхөд дуу хоолойгоо илэрхийлэхгүй байгаа юм гэдэг үнэхээр ойлгомжгүй. Яг үүнтэй холбогдуулаад хэлэхэд одоо Оюутолгойн гэрээ хэлэлцээр ч бас хатуу зарчмаар явах хэрэгтэй. Хэлэлцээ бол хэлэлцээ, тохиролцоо бол тохиролцоо. Тухайн үедээ хамгийн боломжит хувилбараар хийсэн л бол баг болж ажилласан хүмүүс дараа нь түүнийгээ ямар ч нөхцөлд хамгаалж байх ёстой. Гэтэл манайд яалаа, Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг дахиж сайн хий гээд УИХ-ын 57 дугаар тогтоол гаргангуут шантарч байсан биз дээ. Одоо “Рио Тинто” зугтаагаад гарна, хөрөнгө оруулагч олдохоо байлаа, хятадууд л орж ирвэл ирнэ гэж тодорхой улс төрчид уриалаад ярьж байсан нь телевизийн бичлэг, сонины нүүрүүд дээр тодоос тод үлдсэн. Бид бүхэл бүтэн улстай биш зүгээр нэг компанитай хэлэлцээ хийж байхад, тэр компанийн ажилтан шиг хөрөнгө оруулагчийн өмнөөс л яриад байсан. 57 дугаар тогтоолыг бид Засгийн газарт зэвсэг болгож, нэг ёсондоо тулалдаанд ороход нь сэлэм болгож баталж өгсөн юм шүү дээ.

Ингэснийхээ төлөө Хятадын захиалга, даалгавраар хөдөлсөн мэтээр хэлүүлж байсан. Тэгэхэд өнөөдөр хятадуудтай биш өнөөх л “Рио Тинто”-тойгоо гэрээ байгуулж байгаа биз дээ.

Байгуулах байгуулахдаа долоохон хоногийн дотор хоёр тэрбум төгрөгийн үр ашигтай хэлцэл хийсэн. Дахин хэлэхэд, гэрээ хэлэлцээр хийж байгаа улс баримтлах байр суурь дээрээ хатуу байх ёстой, батласан хойноо ямар ч нөхцөлд хамгаалж байх хэрэгтэй.

-Хүний ёс жудаг гэдэг яасан ч хэврэг болчихоов дээ гэж Та түрүүнд хэлж байсан. Би ч үүнтэй санал нэг байна. Ерөнхий сайд С.Баярыг Солонгос Улсад байхад эрүүл мэндийх нь талаар хариуцлагатай хүмүүс жаахан эвгүй мэдэгдэл хийсэн юм шиг санагдсан. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Би дээр хэлсэн, хүнийг хүнийх хувьд нөхөрлөх биш албан тушаалтай нь нөхөрлөдөг цаг ирчихжээ гэж. Түүнээс гадна хувь хүний өвчин зовлонг бахархалтайгаар олонд цацаж байгаа салбарын сайд байна шүү дээ. Бас өвчтөний хувийн нууцыг хадгалж байх ариун тангараг өргөсөн эмч хүмүүс хэвлэлийн мэдээллийн өмнө зэрэгцэж суугаад манай Ерөнхий сайд ийм ч элэгний вирустэй, тэр нь хүндэрвэл тийм ч архаг хатуурал болно гээд ярьж байж болох уу. Би тэр үед С.Баярыг хүнийх нь хувьд өрөвдөж байсан. Өвчин зовлон ямар хэлж ирэх биш. Сайдах үедээ сайдаж, муудах үедээ муудаж л явсан журмын нөхрийг маань эзгүйгээр нь далимдуулж ингэж ярьсанд их гайхсан. Хүнийг үзэн ядах ч юм уу, долигнох гэхээсээ надад багаас суусан хүн чанар, өрөвч сэтгэл гэж бий. Хүүхэд насандаа хатуухан зовлон үзэж, нэг жилийн дотор эцэг, эх хоёроо алдаж өнчирсний хувьд ч, өсөж том болоод төр засаг, ах эгч нарынхаа дэмжлэгтэйгээр ХБНГУ гэдэг өндөр хөгжилтэй оронд сурч хүмүүжсэн болохоор хүн хоорондын харьцаанд хүнлэг, уян зөөлөн, нөхөрсөг байхыг, ажил төрлийн харилцаанд ажил хэрэгч, зарчимч хатуу байр суурьтай байхыг эрхэмлэдэг. Хүн хэзээд хүнээрээ л байх ёстой, хүнтэй ч бас хүнийх нь хувьд харилцаж, ханддаг байх хэрэгтэй. Хүний өвчин зовлонг ингэж зарлан тунхагласныхаа төлөө тэд уучлал гуйх ёстой.

-Илэн далангүй ярилцсан Танд баярлалаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.