2018.11.15

Нийслэлийн засаг дарга С.Батболдыг огцруулах асуудлаар НИТХ 15 хоногийн дотор шийдвэрээ гаргана

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах шийдвэр гараж, НИТХ-д санал хүргүүлсэн. Уг асуудлыг хуульд заасны дагуу 15 хоногийн дотор НИТХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 2-ны өдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болж Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц 80 хувьтай явж байна хэмээн дүгнэсэн.

НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун: Албан бичигтэй бид танилцах хэрэгтэй. 11 сарын 02-ны өдөр НИТХ хуралдаж Засаг даргын ажлыг хангалттай гэж дүгнэсэн. 

НИТХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа: НИТХ-ын чуулганаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийг хангалттай гэж дүгнэсэн. Засаг даргыг ажлаа муу хийсэн гэж үнэлэх ямар ч боломжгүй.