Л.Болд: МАН засгаа алдах нь тодорхой болчихоод байна
УИХ-ын гишүүн Л.Болдын ярилцлагыг хүргэж байна.
-“АН сөрөг хүчин болж чадахгүй байна. Өмнөх дөрвөн жилд төрийн эрх барьж байхдаа гаргасан алдаанууд, тухайлбал “Чингис”, “Самурай” бонд, АСЕМ-ын хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор АН дуугарч чадахгүй байна” гэж шүүмжлэх хүмүүс байна?
-Сонгуулийн хуулиа манай эрх баригчид өөрсөддөө зориулж хийгээд тэндээсээ дандаа унадаг болчихоод байна л даа. Ер нь эрх баригч болгон унаж байгаа. Энэ бол манай Үндсэн хуулийн гайхамшигтай холбоотой. Үнэхээр муу юм хийсэн болоод унаж байгаа шүү дээ. Сайн зүйл хийсэн бол унахгүй байхгүй юу. Төрийн эрхэнд гарч ирээд л энэ ЖДҮ-ийн зээл, Хөгжлийн банк гэдэг шиг хэл аманд өртөж байна. Тэгээд ард түмэн хариуцлага тооцоод байна шүү дээ.
Нэг ялгаа нь юу вэ гэхээр, АН доороо айхтар захиргаадалтын зохион байгуулалт багатай, сонгуулийг барьж үнэмлэхүй олонхи болж чаддаггүй. Яг тэр дутагдлаасаа болоод цөөнх болохдоо хэт цөөнх болчихдог. Бүр нэг гишүүнтэй хүртэл болчихдог. Ард түмний саналыг харахаар 40-50 хувиас унадаггүй, үр дүн нь болохоор парламентад тусдаггүй ийм л болчихоод байгаа юм. Тэгээд энэ УИХ-д бас бүлэг байгуулах төдий, сөрөг хүчний зовлонг үзэж байна даа.
-Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын суудлаас нь огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед та, “Өнөөдрийн Засгийн тогтолцоо цаашаа яах вэ гэдэг хувь заяаны асуудал дөнгөж эхэлж байна” гэж хэлсэн?
-Үндсэн хуулиар бол энэ нам засгаа алдах нь тодорхой болчихоод байгаа байхгүй юу. Гэхдээ алдахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд өнөөдөр зарим гишүүнээ барьцаалж авч байна. Өгөөш өгөөд, тэр өгөөшийг үмхсэн нь бүгдээрээ намын боол болж байгаа биз. “Далд ор” гэсэн газарт нь далд ороод “Ил гар” гэсэн газарт нь ил гараад.
Бүх шийдвэр нам дээр гарч байгаа учраас УИХ-д орж ирээд 100 хувь дэмжигдээд байна. Тийм болохоор тэр дотор байгаа цөөнхийгөө дараад байна л даа. Тэгэхээр энэ намын болон Үндсэн хуулийн хувьд үнэхээр цаашаа оршин тогтнох асуудал нь босч ирж байна.
Намын эрүүл гишүүд үгээ хэлдэг, хөдөлдөг, намаа эрүүлжүүлдэг л цаг. Яагаад гэхээр тэд чинь жирийн л ард түмэн байдаг байхгүй юу. Тэд нарт ер буруу байхгүй. Итгэл үнэмшилтэй байсныхаа төлөө тэд хохирох ёсгүй. Тэд ЖДҮ-ийн зээл авч байгаа биш. Албан тушаал авч байгаа биш, тэд сонгогдож байгаа биш. Тодорхой, намынхаа зөвшөөрсөн хүрээнд итгэл үнэмшлээ өгсөн хүмүүс. Энгийн ард түмнийхээ дунд л байгаа хүмүүс. Нам дээр, засаг дээр хэлэлцэж байгааг тэр муу бүхнийг тэр хүмүүс өөрсөндөө шингээнэ шүү дээ. Тэр олон мянган хүнийг тэгж зовоох хэрэг юу байна.
-Хэдийгээр эрх баригч намын зүгээс эдийн засаг өссөн гэж мэдэгдэж байгаа боловч, бодит амьдрал дээр шатахуун, ам.долларын ханш өссөн, иргэд бүсээ чангалсан байдалтай байна. Ийм цаг үед Засгаа унагах, эсвэл УИХ-аа тараая гэх нь хэр зөв шийдэл юм бол. Зээл авсан гишүүд, сайд нарыг албан тушаалаас нь буулгахаас өөр ямар төрлийн хариуцлага тооцож болох вэ?
-Хуулийн л гарцууд байгаа. Хуулийн гарцыг нь өнөөдөр намын бодлогоор, намын бүлгийн шийдвэрээр няцаагаад байх юм бол тэгээд ард түмэн эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр гарц үлддэггүй шүү дээ. Тэр бол юун засаг унах, юун УИХ тарахаас илүү аюултай байхгүй юу. Тэгж ард түмнээ бужигнуулж байснаас харин засаг нь унаад, болохгүй бол УИХ нь ч гэсэн ард түмнээрээ дүнгээ тавиулаад Монгол Улсад шинэчлэл хийх хэрэгтэй. Одоогийн Үндсэн хуулийн шийдэл нь энэ л байгаа шүү дээ. Иргэний дайн биш, сонгууль хийдэг.
-Ерөнхий сайдаас хариуцлага нэхэхээр өөдөөс нь “Үндсэн хуулиа өөрчилмөөр байна. Ерөнхийлөгч бид хоёрт ямар ч эрх мэдэл алга” гээд байх юм?
- Харин тийм. Уг нь эрх мэдэл байхгүй бол Ерөнхий сайд ингээд сууж байхгүй л дээ. Эрх мэдэл байна, юм хийнэ гэж энэ албан дээр очсон шүү дээ. Одоо оччихоод жил болсны дараа нээлт хийж болохгүй л дээ. Ажлаа унагаачихаад, тэгээд нээлт хийж болохгүй шүү дээ. Ерөөсөө Монголын Ерөнхий сайдуудад эрх дутаж байгаагүй. 1992 оны Ерөнхий сайд П.Жасрай, 2000 оны Ерөнхий сайд Н.Энхбаярт нарт эрх мэдэл дутаж байсан уу. Хэмжээлшгүй эрхт хаан шиг л байсан шүү дээ. Ганцхан ажлаа л хийгээгүй эсвэл буруу хийсэн дутагдал байгаа.
Засаг солихгүйн тулд муу засгийг үлдээнэ гэдэг бүр том хохиролтой, ард түмний хувьд. Муу УИХ, муу засагтай байсаар байвал ард түмэнд хохиролтой. Харин ч бүр аймшигтай. Долдугаар сарын 1-нээс бид хангалттай сургамж авсан. Таван хүний амиар төлчихсөн. Одоо зүгээр нэг албан тушаалтай зууралддаг, тэрүүгээр ард түмнээ барьцаалдаг цаг биш. Тэр сургамжаа Монгол Улс авчихсан.
-Сөрөг хүчний хувьд нэг удаа ажил хаялт зарлах эрхээ эдэлж байна. Тэр утгаараа 2019 онд төсвийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр АН-ын бүлэг оролцоогүй. Ирэх оны төсвийн тухай хуулиас авах, бас хаях зүйлүүд нь таны харж байгаагаар юу байсан бол?
-Бид хурал хаяж гарсан. Энэ бол улстөрийн бүлэг, намын хамгийн том акц. Энэний дараа ямар ч олонхи байсан олонхи эхлээд завсарлага авдаг. Тэгээд сөрөг хүчинтэйгээ тавьж байгаа шаардлагуудыг нь ажлын хэсэг авч хэлэлцдэг. Санал нэгдэхгүй бол ард түмэндээ тайлбарлаад, “Бид ойлголцохгүй байна” гээд эргээд хурлаа үргэлжлүүлдэг. Эсвэл ойлголцоод, сөрөг хүчин нь ороод үгээ хэлээд парламентын үйл ажиллагаа явах ёстой. Гэтэл зүгээр нэг гишүүд хуралд очиж байгаа юм шиг үргэлжлүүлээд тэгээд ирцгүйгээр 26 хүн хоёр, хоёр кноп дараад төсвийг хууль бусаар баталчихаж байгаа юм. Тэгэхээр энэ нь өөрөө хууль бус төсөв. Дээр нь энэ төсөв дээр бас нэг хууль зөрчсөн асуудал бий. Би маш тодорхой санал дэвшүүлсэн. Гэр хорооллын ипотекийн санхүүжилтийн талаар. Тэрэн дээр огт санал хураагаагүй. “Энэ санал надад таалагдахгүй байна” гээд байнгын хорооны дарга нь цааш нь тавьчихсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн. Гуравдугаарт, энэ төсөв Засгийн газрын жилийн төсөв учраас дараагийн жилийн үндсэн чиглэл дээр суурилсан байх ёстой. Гэтэл үндсэн чиглэлээ бүрэн зөрчөөд, гол, гол асуудлуудаа суулгаагүй. Дээр нь маш олон өр, зураг төсөлгүй, үрэлгэн зүйл их байгаа. Гишүүн болгонд найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хуваарилах нэрээр маш үр ашиггүй зардал, зураг төсөлгүй объектуудыг баталсан. Гэх мэтчилэнгээр маш олон алдаа бий.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт маш тодорхой бий. “Гэр хорооллын айл өрхөд 130 тэрбум төгрөгийн ипотекийн хөнгөлөлттэй зээл олгоно” гэж. Тэрнийг батлаагүй. Яахав, Монголбанк бол 115 тэрбум гэж тайлбарлаж байгаа. Тэр нь орон сууцанд орж байгаа энэ процесс. Гэх мэтчилэнгээр хамгийн зангилаа асуудлуудаа шийдсэнгүй ээ, энэ төсөв.
-МАН-ын гишүүд таныг нэлээн шүүмжилж байна. “Улс төрийн оноо авахын тулд ард түмнийг буруу зүйлд турхирлаа” гэж?
- Ард түмэн асуудлаа хэлэлцээд, зөв буруугаа хэлээч ээ гэдэг бол турхиралт биш шүү дээ. Нэгэнт энэ УИХ-ын гишүүд, МАН-ын гишүүд өнөөдөр ард түмнийхээ мандатыг тушаачихаж байгаа байхгүй юу. Одоо зөвхөн намын бүлгийн дагуу санал хураалтад оролцож байна. Энэ нь 100 хувь нотлогдлоо шүү дээ. Ийм цаг үед яадаг юм, ард түмэн рүүгээ л ханддаг. Тэгэхээр их сандарч байгаа биз. Бүгд над руу дайрч, доромжилж, гүтгэж байгаа. Жишээлбэл, Ц.Даваасүрэн гишүүн намайг өмнөх УИХ-д тодорхой жишээн дээр яллах гэж оролдлоо.
Өмнөх УИХ-аас гарсан хууль дээр намайг яллах гэж байна шүү дээ. Тэр үед би ямар, ямар байр суурь илэрхийлж байсан нь бий. Гэхдээ ямар ч байр суурьтай байсан гэсэн УИХ-ын нэг гишүүнийг УИХ-ын баталж байгаа хууль дээр яллаж болохгүй шүү дээ. Гэх мэтчилэнгээр энэ УИХ үнэхээр ард түмнээсээ айж байгаа юм байна гэдгийг би харлаа. Ард түмэнд хандаж байгаа гишүүдийг айлгах гэж оролдож байна.
-Та чуулганы танхимаас “С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил болоод дуусчихлаа” гэж хэлсэн. Энэ дээр тайлбар хэлэхгүй юу?
-Энэ бол маш том гэмт хэрэг. Монголын ард түмний эсрэг, оршин тогтнохын эсрэг, тусгаар тогтнолын эсрэг гэмт хэрэг. Монгол Улсыг иргэний дайн руу, бүр аймшигтай нөхцөл байдал руу түлхэх гэсэн маш тооцоотой, том хэрэг. Үүнийг ахуйн аллага болгоод, зориудаар баталчихсан байсан хуулийг эцсийн найруулгаас нь буцаан татсан. Ийм нөхцөл байдал үүсгээд өнөөдөр энэ хэргийг огт болоогүй юм шигээр булшлах гэж байна. Энэ хуулийг баталсан үйл явц, С.Зоригийн хэрэг хоёр чинь өөрөө нэг хэрэг болчихож байгаа юм. Монголын ард түмний эсрэг энэ гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Энэ дээр хуулийн байгууллага шударга ажиллах байх л гэж би найдаж байна. Өнөөдөр үгүй юм гэхэд маргааш. Эрх баригчид “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж цаасан дээр хийж болно. Бодит амьдрал дээр энэ хугацаа хэзээ ч дуусахгүй шүү гэдгийг л анхаарах хэрэгтэй.
Х.ХУЛАН
АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН