Ерөнхийлөгчийн хоригт өөрчлөлт оруулснаар МАН бүлэг 1 хоногийн завсарлага авлаа
2018.11.22

Ерөнхийлөгчийн хоригт өөрчлөлт оруулснаар МАН бүлэг 1 хоногийн завсарлага авлаа

Өнөөдөр /2018.11.22/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн асуудлыг хэлэлцэж байна. 

Асуудлыг үдээс өмнөх чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн байсан боловч Засгийн газрын гишүүд хуралдаанд оролцоогүй гэсэн шалтгаанаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хуралдаанд танилцуулга хийгээгүй. Ийнхүү АН бүлэг завсарлага хүсч Ерөнхийлөгчийн хоригийн асуудалд 2 цагийн завсарлага өгсөн билээ. 

Харин үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулсан бөгөөд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хориг дээр өөрчлөлт оруулснаа мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны 11 сарын 15-ны өдөр Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсөвт 6 үндэслэлээр бүхэлд нь хориг тавьсан. Тэрээр нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсвийг хэт алдагдалтай баталсан. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн бүрт 5-8 тэрбум хуваарилсан. Гуравдугаарт, уул уурхайгаас олох орлогод хэт түшиглэсэн. Дөрөвдүгээрт, гадаад өрийг дарах асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх асуудлыг орхигдуулсан. Тавдугаарт, Төсвийн зарлагыг 11.5 их наяд байхаар баталсан хэрнээ ирэх онд инфляцийг 8 хувьд барих зорилт тавьсан нь авцалдаагүй. Зургаадугаарт, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд жилийн 3 хувийн хүүтэй зээл авч болохуйц нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэсэн үндэслэлүүдийг тавьжээ.

Харин хоригийг хэлэлцэх явцад гарсан саналуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч дахин авч үзээд өнөөдөр буюу 2018 оны 11 сарын 22-ны өдөр хоригоо өөрчлөн оруулж иржээ. 

Ингэхдээ хоригт тавин асуудлуудыг уян хатан шийдвэрлэх боломжтой гэж үзэж,  мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох зардлаас танан гаргах замаар Монгол Улсын 2019 оны төсөвт нэмж тусгах хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: "Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус бие даасан хөгжлийг бэхжүүлэхэд уул уурхайн бүс, экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх асуудал нэн чухал. Малчин өрх бүрийн жил бүрийн үйлдвэрлэдэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийг экспортлох үйлдвэрийг аймаг бүрт барьж байгуулснаар улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах, тогтвортой, байнгын, урт хугацааны ажлын байрыг олноор нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой тул 2019 оны төсвийн тулхай хуульд уул уурхайн бус экспортын үйлдвэр, түүний дотор мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, аж үйлдвэрийн цогцолбор байгуулахтай холбогдсон санхүүжилтийг тусгах шаардлагатай" хэмээн тайлбарласан юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Я.Санжмятав, Д.Оюунхорол, Ё.Баатарбилэг, Ж.Эрдэнэбат, С.Эрдэнэ нар горимын санал хэлсэн.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хориг хэлэлцэх хугацаандаа өөрчлөгдсөн учир Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо дахин хуралдаж байж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль зүйн шаардлага үүссэн. Иймээс энэ асуудлаар саналаа нэгтгэх шаардлагатай гэж үзээд МАН бүлэг завсарлага авлаа. Гэхдээ хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг энэ сарын 28-ны дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой учир УИХ-ын дарга М.Энхболд МАН бүлэгт 1 хоногийн завсарлага өгсөн юм.