ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа
Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Алтанширээ сумдад ажиллалаа. Энэ үеэр Замын-Үүд суман дахь Бүс нутгийг хөгжүүлэх логистикийн төв, ачаа шилжүүлэн ачих ангийн үйл ажиллагааг нээсэн бөгөөд "МТЗ" ТӨХК, "УБТЗ" ХНН-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр шинэ логистикийн төвийн ашиглалтыг УБТЗ ХНН хариуцан ажиллаж, чингэлэг тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, Замын-Үүд боомтын ачаа хүлээн авч, боловсруулах хүчин чадал нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж нь өсөх юм.
Улс хооронд тээвэрлэлт эрхэлдэг жолооч нарын асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлэв
АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын захирал А.Хатансайхан болон Эрээн-Замын-Үүд чиглэлд улс хоорондын тээвэрлэлт эрхэлдэг “Говийн жолоо”, “Нарсан үүд” зэрэг ТББ-ын тэргүүнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэд УАЗ 469 авто машинаар тээвэрлэлт хийхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудаа ярилцсан бөгөөд Б.Энх-Амгалан сайдыг энэ асуудалд анхаарлаа хандуулж, нааштайгаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Сайдын зүгээс, Монгол, Хятад хоёр улс нь тус, тусын хууль дүрэмтэйг сануулаад, үйлчилгээ үзүүлж буй авто машиндаа парк шинэчлэлт хийх, техникийн шаардлага стандартыг хангасан тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж, хоёр улсын хууль дүрэмд заасны дагуу үйл ажиллагаагаа эрхлэхийг анхааруулав.
Түүнчлэн БНХАУ-д удахгүй зохион байгуулагдах “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны форумын үеэр тус улсын Зам, тээврийн сайдтай уулзалт хийж, дээрх асуудлыг тусгайлан авч хэлэлцэж, шийдвэрлэхээ илэрхийллээ.
Авто вокзалын барилгын ажлыг яаравчлахыг үүрэг болголоо
Замын-Үүд суманд 2010 оноос хойш баригдаагүй царцсан авто вокзалын барилгын ажлыг шуурхайлж, яаралтай ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулахыг Замын-Үүд сумын удирдлага, холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн энгийн авто машин зорчих зориулалт бүхий авто замаар даац хэтрүүлэн явж, зам эвдэж буй асуудлыг шуурхай цэгцэлж, өмчлөлийн асуудлыг нь шийдэх арга замаар орон нутгийн АЗЗА компанид замын засвар арчлалтын эрхийг нь олгож, хашлага, гэрэлтүүлгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгөв.
Түүнчлэн АН3 босоо тэнхлэгийн авто замын төгсгөлөөс сумын төв хүртэлх 4,2 километр автo замыг шинээр барих ажлыг түргэвчлүүлж, шийдвэрлэхээр боллоо.