2019.04.09

Л.Элдэв-Очир: Гашуунсухайтын төмөр замаа эхлээд дуусга

Өнөөдөр /2019.04.09/ Эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир дараах байр суурь илэрхийллээ.

“Урагшаа явсан Гашуунсухайтын төмөр замаа шийдээгүй. Далангийнх нь хэрүүл дуусаагүй. Идэж уусан улсууд нь зугтаж алга болсон. Энэ асуудлаа эхлээд шийд. Тэгэж чадаагүй байж зүүн тийшээ дахиад 400 гаруй км төмөр зам барина гээд ороод ирж байх юм. Ийм юм байхгүй ээ нөхөд өө. Эхлээд дутуу орхисоноо дуусга. Дахиад нэг овоолсон далан шороо үүсгэх гээд байгаа юм уу?

Яасан идэж ууж ханадаггүй юм бэ? ҮАБЗ-д орж байгаа Ерөнхий сайд энэ асуудалдаа анхаарах ёстой. Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусгахгүй бол 100 гаруй хүн нас барлаа, олон залуусын амьдрал үрэгдэж байна. Тээвэр хийж байгаа 1400 гаруй жолооч нар байна. тэнд гамшгийн нөхцөлд амьдарч байна. Бушуу төмөр замаа бариад экспортын бодлогоо бариад 40 гаруй сая тонн нүүрсээ гаргахын оронд юун зүүн тийшээ Зүүнбаянгийн төмөр зам барих асуудал ярих шаардлагагүй.

Одоо зөвлөмж гэдэг дуртай юм аа гаргаад гишүүн, сайд, яамны ажилтнуудыг дуудаж загнаад байдгаа болих хэрэгтэй.”