Их эзэн Чингис хааны музей байгуулах тухай асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
2019.06.28

Их эзэн Чингис хааны музей байгуулах тухай асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-  Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, хошой чин ван М.Ханддорж, Халхын хүрээний газрын Бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын дарга, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, үе улиран Засаг хошой чин ван Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр болов.

-  Хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн учир Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Даваагийн Мөнх-Эрдэнийг эгүүлэн татав. Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, өөрийн болон ажилтнуудынхаа нэр дээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргажээ. Улс орны нэр хүндийг энэ мэтээр унагаж байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Д.Цогтбаатарт үүрэг болгов.

-  Гамшиг, осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тусгай зориулалтын хувцас авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрөв. ОБЕГ-ын гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт 50 хувь, алба хаагчдын тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн хангалт 30, холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгсэл 22, аврах тусгай зориулалтын багаж хэрэгслийн хангалт 15 хувьтай байна. 

-  Их эзэн Чингис хааны музей байгуулах тухай асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгов. Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 10-ны хуралдаанаар Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах шийдвэр гарган түүх, соёл, өв уламжлалаа сурталчлан дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсэн юм.

-  Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ой 2019 оны 07 дугаар сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод болно. Түүхт ой болон тус нийгэмлэг Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөнд нэгдсэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.