ӨМӨЗО-ны Ажилчны Ерөнхий эвлэлийн төлөөлөгчид айлчилж байна
2019.08.20

ӨМӨЗО-ны Ажилчны Ерөнхий эвлэлийн төлөөлөгчид айлчилж байна

ӨМӨЗО-ны Ажилчны Ерөнхий эвлэлийн намын дугуйлангийн дарга, дэд тэргүүлэгч Фэн Жиа Жу тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2019.08.20/ МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ,

Хоёр орны эдийн засаг, нийгмийн харилцааг хөгжүүлэхэд ҮЭ-үүдийн гүйцэтгэж буй үүрэг чухал байгааг онцлон, хамтын ажиллагаа улам батжиж байгаад таатай байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл хийгдэж байгаа үед та бүхэн зочилж байна гээд МҮЭ-ийн холбооны бүтэц зохион байгуулалт, улс орны эдийн засаг, нийгмийн байдал, ҮЭ-үүдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мөн Засгийн газар, Ажил олгогчдын төлөөлөлтэй гурван талт улсын хэлэлцээр хийхээс гадна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэж тогтоодог, ҮЭ-үүдийн эрхийг Үндсэн хууль болон эрхийн тухай хуулиар хамгаалдаг, Үндэсний 16 хороо, зөвлөлүүдэд төлөөлөлтэй, хөдөлмөрийн хяналт тавьдаг ҮЭ-ийн улсын байцаагчидтай гэдгээ энэ үеэр хэлсэн юм.

Ажилчны Ерөнхий эвлэлийн намын дугуйлангийн дарга, дэд тэргүүлэгч Фэн Жиа Жу төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа өөрийн орны ҮЭ-ийн хөдөлгөөн, гишүүдийн талаар мэдээлэл өгөв.

Тэрээр Ажилчны эвлэлийн хуульдаа 25-аас дээш ажилтантай бол заавал ҮЭ-д нэгдэхийг тусгаж өгсөн. Нийт 5,8 сая гишүүнтэй. Орон нутагт үндсэн нэгж буюу анхан шатны ҮЭ-үүд ажилладаг. ҮЭ-д нийт ААНБ-уудын 92.5 хувь нь гишүүнчлэлтэй гэдгийг онцоллоо.

Хоёр улсын ҮЭ-үүд хамтын ажиллагааныхаа хүрээнд Ачаа тээвэрлэгч жолооч нарын асуудлыг нааштай шийдвэрлэхэд хамтарч ажиллахыг хүслээ. Тухайлбал, Ганц модны боомтод ачаа эрхэлж буй жолооч нарын эрх ашгийг харилцан хамгаалах нь чухал байна гээд ҮЭ-үүдийн хамтын ажиллагаа улам бэхжиж, өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Төлөөлөгчид МҮЭ-ийн холбооны урилгын таван өдрийн хөтөлбөрт хамрагдаад нутгаа зорих ажээ.