2019.09.19

С.Чинзориг: Сант сумын малчид малынхаа тоонд биш чанарт анхаарч байна

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг Өвөрхангай аймгийн Сант сумын Малчдын зөвлөгөөнд оролцлоо. Малчдын зөвлөгөөнөө намрын үзэсгэлэнтэйгээ хамтруулан зохион байгуулсан уг арга хэмжээнд тус сумын 5 багаас 300 шахам малчин оролцож, мал аж ахуйн салбар, малчдын өмнө тулгамдсан асуудал, орон нутгийн хөгжилд малчдын оролцоо, малын үүлдэр угсааг сайжруулах, өвөлжилтийн бэлтгэл гээд олон чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцсон.

Зөвлөгөөнд оролцсон малчдад төрөөс мал аж ахуйн салбарт барьж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд хийж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн С.Чинзориг гишүүн сонгуулийн үеэр ярьж хэлж байснаа хэрэгжүүлж эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хоёр дахин бууруулсан, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан зэрэг байгаль, цаг уурын аясыг харж, нар салхинд хамгийн ихээр элээгдэж явдаг малчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн болон ирэх онд малчнаар ажилласан жилүүдийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломж олгох хуулиа хэрэгжүүлж эхлэх талаар дуулгалаа.

Мөн жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тойргийн сумдад инженерийн хийцтэй худаг 15-ыг гаргаж байгаа тухай ч ярьж өнгөрсөн хаваржилт хүндэрч, зуншлага оройтсоноос айсуй өвөл цаг хүндрэх төлөв бий тул аймаг, сумын удирдлагуудыг отрын бүс нутгийн судалгааг яаралтай хийж, хуваарийг ХХААХҮЯ-тай эртнээс тохирох учиртайг санууллаа.

Гэхдээ Сант сумын малчид хэдийгээр отор нүүдэл ихтэй хаваржиж, зуссан ч өвлийг өнтэй давах итгэлтэй, сэтгэл санаа өөдрөг байна. Тэд цагийн хатууг бэлтгэл, хөдөлмөр хоёроор л давна гээд малаа чанаржуулахад анхаарах цаг болсныг ярьж, онд ороход хэцүүхэн бод голдуу малаа эртхэн зах зээлд гаргах нь зөв гэцгээсэн.

Өвөрхангай аймагт мах, ноос боловсруулах үйлдвэртэй болсноор түүхий эдийн үнэ ханш тогтвортой байхад сайнаар нөлөөлж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг Малчдын зөвлөгөөний үеэр зохион байгуулсан нэг чухал арга хэмжээ нь намрын үзэсгэлэн байлаа. Баг бүрээс шилдэг цагаан идээгээ дэлгэж, шилмэл үүлдрийн малаа гайхуулж, Сум хөгжүүлэх сан болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан иргэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ намрын үзэсгэлэнгийн үеэр танилцуулдаг уламжлалтай юм. Энэ дагуу Сантынхны намрын үзэсгэлэн тун ч баян боллоо.

Гэрийн мод, авдар сав, гутал хувцас гээд хөдөөгийнхөн жаахан дэмжээд өгөхөд өөрийн нөөц бололцоогоор юуг л бол юуг хийж чадахаар юм байна гэдгийг намрын үзэсгэлэнд түр саатахад л харагдаж байлаа.