М.Билэгт: Хавдрын эмнэлгийг түрээслэх нь миний эцсийн зорилго биш
2019.10.29

М.Билэгт: Хавдрын эмнэлгийг түрээслэх нь миний эцсийн зорилго биш

Эх сурвалж: Монголын үнэн сонин, Сэтгүүлч М.Энхцэцэг

Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд хорт хавдрын өвчлөл нэмэгдсээр байгаа билээ. Тиймээс хавдрын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм. Энэ хүрээнд Засгийн газраас ХСҮТ-ийг хоёр дахин өргөтгөх үүднээс УИХ-ын гишүүн М.Билэгтийн компанийн барьсан хавдрын эмнэлгийн зориулалт бүхий барилгыг улсад худалдаж авахаар ярьж байсан юм. Харин тус эмнэлгийн барилгыг худалдаж авах асуудалд багагүй маргаан үүссэн учир тус барилгыг түрээслэх талаар ярьж эхэлснээр үүнд шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах шаардлага бий болоод байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Бид хавдрын илрүүлэлтийг сайжруулсантай холбоотойгоор ХСҮТ-ийн ачаалал нэмэгдэж байна. Тиймээс 2020 онд Хавдар судлалын цогцолбор барихаар 34 мянган ам метр газрын асуудлыг шийдээд байна. Тэр хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх үүднээс ХСҮТ-ийн хашаан дотор барьсан хувийн эмнэлгийг түрээсэлье гэсэн шийдвэрийг гаргасан. Түрээсийн асуудлыг Эрүүл мэндийн яам гурван удаа Засгийн газрын хуралдаанд орууллаа. ХСҮТ, хувийн компани хоёр хамтраад ажиллах боломжийг хангасан, гэрээгээ хийчихсэн” гэсэн юм.

Ийнхүү ХСҮТ-ийн хашаан дотор барьсан хавдрын эмнэлгийг улс түрээслэн ашиглахаар болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.

-ХСҮТ-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор танай компанийн хавдрын эмнэлгийн зориулалтаар бариулсан барилгыг төр худалдаж авахаар ярьж байсан. Харин та яагаад төрд худалдахгүй, түрээслэхээр болсон юм бэ?

-2017 оны сүүлчээр Хавдар судлалын үндэсний төвөөс бидэнтэй хамтарч ажиллах саналыг тавьсан. Эрүүл мэндийн сайд Д.СарангэрэлХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн нар манай Хавдрын эмнэлгийн барилгыг улсад худалдаж авъя гэсэн санал тавьснаараа хардлагад өртөж эхэлсэн. Улмаар ажлаасаа чөлөөлөгдчих вий гэж айлгүйгээр энэ ажилд идэвхийлэн оролцож яваад нь баярлаж явдаг. Ингээд би саналыг нь хүлээн аваад хоёр жил болсон.

Гэтэл төрд худалдвал би төдийгүй Засгийн газар ч хардлагад өртөх юм байна гэж бодсон. Тиймээс эмнэлгээ ашиглалтад оруулаад худалдахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ хавдрын өвчинд шаналж буй иргэдэд эрүүл мэндийн төрийн үйлчилгээг хүргэх гэсэн Засгийн газрын саналыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болгох гарцыг хайлаа.

Ингээд өнгөрсөн тавдугаар сарын 25-нд намынхаа бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд байхад "эмнэлгийн барилгаа 20-30 жилээр түрээсэлье" гэсэн саналаа хэлсэн. Гэхдээ хавдрын эмнэлгийг түрээслэх нь миний чин зорилго биш. Тиймээс Эрүүл мэндийн яаманд хавдрын эмнэлгийг түрээслэхгүй гэж байгаа бол энэ тухай албан бичгээ өгөхийг хүссэнээр албан бичгээ ч явуулсан. Гэтэл түрээсийн гэрээ хийнэ гэсэн бичгийг салбарын яамнаас ирүүлсэн. Эмнэлгийн барилгаа түрээсэллээ гээд миний халаасанд нэг ч төгрөг орохгүй. Зөвхөн зээлийн хүүгээ л төлнө. Үндсэн төлбөр болон бусад зардлын эрсдэлийг өөрөө үүрэхээр болж байгаа юм. Юуны төлөө гэвэл, хавдрын өвчинд шаналсан болон эдгээр иргэдэд эрүүл мэндийн төрийн үйлчилгээг хүргэхээр зорьж буй Засгийн газрын бодлогыг дэмжиж эрсдэл үүрч байгаа юм.

Хэрвээ улсын төсөвт эмнэлэг түрээслэх мөнгөө суулгахгүй бол надад амар. Өндөр хөгжилтэй орны стандартыг хангасан барилгаар хувийн хэвшлийнхэнтэйгээ гэрээгээ хийгээд явчих бүрэн боломжтой. Ямар ч байсан 10 хоног хүлээж байна. Засгийн газар түрээслэхгүй гэсэн бичгээ албан ёсоор өгөхгүй байгаа учраас би хувийн хэвшлийнхэнтэй гэрээ хийж болохгүй байна. Гэхдээ хавдрын эмнэлгийг түрээслэх хөрөнгийг төсөвт суулгахгүй бол ард иргэд болон хэвлэлийнхэн надад гомдох хэрэггүй гэдгийг хэлье.

-Анх худалдаж авах талаар ярьж байхад хэдэн төгрөгөөр үнэлж байсан юм бэ?

-Би 2014 онд 23 сая ам.долларт багтаах ёстой гээд япончуудаар ТЭЗҮ хийлгэсэн. Гэтэл Японы баг тоног төхөөрөмжтэйгөө орж ирэх учраас олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар нөхцөл байдлын үнэлгээ хийлгэсэн юм. Тухайн үеийн 23 сая ам.доллар 28-30 тэрбум төгрөг болж байсан. Одоогийн ханшаар хэд болох вэ. Би ам.долларын зээл авсан болохоор валютаар төлнө шүү дээ.

-Танай компанийн барьсан хавдрын эмнэлгийн барилгыг төр түрээслэх асуудлыг ярьж байгаа ч санхүүжилтийг нь ирэх оны төсөвт суулгаагүй байна. Төр энэ эмнэлгийг түрээслэхэд хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. Таныг эмнэлгээ өндөр үнээр түрээслэх гэж байна гэсэн шүүмжлэл гараад байна?

-Би Хөгжлийн банкинд сард 135 мянган ам.доллар, жилдээ 1.6 сая ам.долларын зээлийн хүү төлдөг. Гэтэл ХСҮТ-ийн өгсөн жагсаалтад эмнэлгийн барилгын түрээсэнд 3.8 тэрбум төгрөг төлөхөөр тусгасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 11 мянган ам метр талбайтай энэ том барилгад хавдрын эмнэлэг үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 19.8 тэрбум төгрөг оруулж ирснээс түрээсийн зардалд 3.8 тэрбум төгрөг л тусгасан. Үлдсэнийг нь үйл ажиллагааг жигдрүүлэх болон эмнэлгийн ор дэр, гал тогоо, гэх зэрэгт зарцуулахаар задаргаа хийсэн юм билээ. Гэхдээ миний туйлын зорилго бол түрээслэх биш. Засгийн газрынхаа тавьсан саналыг хүндэтгэж байна.

-Ер нь хавдрын эмнэлгийн барилга барих шийдвэрийг яагаад гаргах болов. Эмнэлгийн барилгыг хэрхэн босгосон бэ?

-Монголдоо өндөр хөгжилтэй орны оношилгоо эмчилгээг оруулж ирж нутагшуулах зорилгоор 2010 онд эмнэлгийн барилгын төслийг эхлүүлсэн. Эхлээд цаасан дээрх төсөл бариад явахаар эмнэлгийн газар нь олдоо ч уу, үгүй ч үү, зөвшөөрлийг нь авч чадах уу, үгүй юү мэдэхгүй. Тиймээс эмнэлэг эмнэлэг барих барилгын газрыг худалдаж авах гэрээ хийгээд, эмнэлгийн барилга барих холбогдох зураг бүх зүйлийг нь бэлэн болгоод явсан.

Тухайн үед эрдэмтэн судлаачид жилд 500 сая орчим ам.доллар  гадаад руу эмчилгээ оношилгоо хийлгэхээр урсч хэлдэг байлаа. Тиймээс Монголдоо өндөр хөгжилтэй орны оношилгоо, эмчилгээ хийлгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд япончуудад хандсан. Ингээд Японы менежментийн багийг тоног төхөөрөмжтэй нь оруулж ирэхээр уулзсан.

Би хувьдаа 13 давхар, 11 мянган ам метр талбайтай том эмнэлэг барих гэж байна гэж бодоод очтол тэр зургийг хараад урсгал төлөвлөлт нь ерөөсөө биш байна гэсэн. Тэгэхээр хэчнээн том эмнэлэг байгаад урсгал төлөвлөлтийг нь зөв хийгээгүй бол наадах чинь зүгээр араг яс байна гэсэн. Бид зөвлөх үйлчилгээг аваад тэдний стандартаар эмнэлгийн барилга баривал Монголынхоо эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах юм байна гэж бодсон.

Мөн энэ эмнэлгийн барилгыг би барина. Харин япончуудыг менежментийн баг, тоног төхөөрөмжтэйгөө орж ирэхийг зөвшөөрөөд тэднээр ТЭЗҮ хийлгээд зөвлөх үйлчилгээгээ аваад эхэлсэн. Ингээд барилгыг 2014 онд ашиглалтад оруулсан бол үүнд 200 орчим хүн ажиллах бөгөөд түүний 90 хувь нь Монголын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд байх боломжтой болох байлаа.

Хэрвээ энэ эмнэлэг ажиллавал 5-10 жилийн дараа Японы эрүүл мэндийн үйлчилгээ манай улсад нутагшиж үлдэх боломжтой болно. Ард иргэд маань гадаад руу явж эмчлүүлж байгаа мөнгөөрөө эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээг аваасай гэж зорьж энэ ажлыг эхлүүлсэн. Даанч 2014 оноос эхлээд баахан шантаажчид орж ирээд мөнгө нэхдэг болсон. Тэд “Та сая ам.долларын зээлийн хүү төлдөг юм чинь бидэнд сая ам.доллар өг” гэж шантаажхийдэг. Өгөхгүй болохоор шүүхэд өгдөг. Үүнээс болоод би япончуудтай хийсэн байсан санамж бичгээ цуцлаад, гурван жил шүүхээр явж байж хууль зөрчөөгүй гэдгээ нотлуулсан. Эмнэлгийн барилгын зөвшөөрлүүдээ сэргээж авлаа. Хөрөнгө оруулалтын зээл арилжааны банкнаас авах гэсэн боловч арилжааны банкууд зээл өгөхөө зогсоосон учраас Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авсан.

-Та гадаадынхныг оруулж ирэх боломж байсан уу?

-Эргээд харахад хэрэгтэй зүйл хийсэн гэж бахархаж байгаа. Хэрэв би хурдан ашиг олохоо бодсон бол 2010 онд орон сууц бариад борлуулчих боломж байсан. Харин эрүүл мэндийн салбарт хэрэгтэй бүтээн байгуулалт хийе гэж бодож, зүтгэсэн.

Би түрүүн хэлсэнчлэн, Хөгжлийн банкинд сард 135 мянган ам.долларыг зээлийн хүүд төлдөг. Харин би яагаад гадаадынхныг оруулж ирээгүй вэ гэвэл 2017 оноос хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэж төслийн ажлыг явуулаад эхлэх үеэр ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн яаманд ХСҮТ-ийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд манай барилгыг авч өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Үүний өмнө надад хүсэлт тавихад нь би татгалзаагүй.