Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 60 км хатуу хучилттай замын хөдөлгөөнийг нээлээ
Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын эхний 60 километр замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.
Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн М.Билэгт, гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс, орон нутгийн иргэд оролцлоо.
Энэхүү авто зам нь концессын гэрээний маргаанаас үүдэн 10 жил гацсаны эцэст өнгөрөгч 2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан үүссэн зөрчлийг шийдвэрлэж, барилгын ажлыг эхлүүлсэн юм.
Ерөнхий гүйцэтгэгч “Макс рөүд” ХХК энэ жилийн зам барилгын ажлыг дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд одоогоор барилгын ажлын талбайд 700 орчим хүн хүч, 200 гаруй машин механизм ажиллаж, нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус авто замын барилгын ажлын хүрээнд СТВ хольцын 3 үйлдвэр, асфальт бетон завод 2, хоолой цутгалтын үйлдвэр 2, чулуу ангилан бутлах 5 үйлдвэр, тээрмийн үйлдвэр 1, бетоны 1 үйлдвэр ажиллаж байна. Уг авто замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.