Найробийн дээд хэмжээний чуулганыг угтаж зөвлөлдөх уулзалт зохион байгуулав
2019.10.30

Найробийн дээд хэмжээний чуулганыг угтаж зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /НББСШУБХ/, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурал-25 жил” сэдвээр өнөөдөр Төрийн ордонд зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.

УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа уулзалтыг нээж хэлэхдээ, тус зөвлөлдөх уулзалт нь 11 дүгээр сарын 10-26-нд болох Найробийн дээд хэмжээний чуулганыг угтаж, “Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын 25 жил”-ийн ойг тэмдэглэх хүрээнд хийсэн ажлыг дүгнэх зорилготойг онцлоод Монгол Улс энэхүү чуулганд оролцоход бэлэн болсныг тэмдэглэв. Юуны өмнө хүн ам ба хөгжлийн асуудлаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бид анхаарч ирснийг тодотгоод, мөн энэ онд гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн хангамж, хүртээмжийг сайжруулахад улсын төсвийн санхүүжилтийг 150 саяас 1.8 тэрбум болгон нэмэгдүүлснийг онцлов.

Зөвлөлдөх уулзалтад “Гал голомт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Мөнхөө, Үндэсний статистикийн хорооны дарга А.Амарзаяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн ам, хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нар илтгэл тавилаа.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Амарзаяа илтгэлдээ, Нийгмийн хамгааллын суурь хөтөлбөрт нийт хүн амын 59.2 хувь нь хамрагдсан гээд энэ нь өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлттэй байгааг онцолсон юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн ам, хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Засгийн газраас шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлуудыг дурдвал, Өсвөр насны охидын үр хөндөлт, төрөлт нэмэгдсэн, жендерт суурилсан хүчирхийлэл болон, хүчирхийллийн түвшин буурахгүй байгаа, бэлгийн цөөнхийн ялгаварлан гадуурхалт байсаар байгаа гээд, өсвөр насны нөхөн үржихүйн боловсролыг түвшинг дээшлүүлэх, нөхөн үржихүйн үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах зэрэг асуудлыг хөндлөө.

Уулзалтад УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава нар оролцож үг хэлэв.

Мөн Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, төрийн бус байгууллагын төлөөлөгчид санал солилцлоо.

Гэр бүлийн эрүүл мэндийн боловсролыг иргэн бүрд олгох шаардлагатай байгаа, түүнчлэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаас охидын асуудлыг салгаж ойлгох зохицуулалт хэрэгтэйг иргэд, төлөөлөгчид хэлж байв.