"800 хятад иргэний асуудал Монголын төрд өгсөн маш том дохио"
АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-БНХАУ-ын 800 орчим иргэн манай улсад хууль бус гэмт хэрэг хийсэн байж болзошгүй үйлдлийг хуулийн байгууллага гүйцэтгэх ажиллагаагаар илрүүлж, одоогоор шалгах үйл явц явагдаж байна. Болж өрнөсөн уг үйл явдалд АН ямар дүгнэлт хийж байна вэ?
– Улс орны үндэсний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа нь сул, хариуцлагагүй байгааг харуулсан үйл явдал боллоо. Анхнаас нь манай улсад орж ирэхэд нь яагаад хяналт тавиагүй юм, бүртгэл судалгаа дутмаг, яахаараа нэг газар олноороо цугларч, их хэмжээний IT тоног төхөөрөмжүүдийг юунд ашиглаж байв гэх мэт энэ олон асуултын хариултад холбогдох хууль хяналтын байгууллагууд нь хариулт өгөх байх. Өнөөгийн Засгийн газрын хариуцлагагүй байдлыг илэрхийлсэн сонгодог жишээ. Хэрэв эзэнтэй, хуультай улс орон байсан бол ийм зүйл гарахгүй. Олноороо зохион байгуулалттай хууль зөрчсөн, аливаа үйл ажиллагаа хийх нь бүү хэл тухайн улс руу зорчих виз гаргуулахын тулд бүтэлгүйтдэг явдал өдөр бүр иргэдэд тулгарч байгаа. АНУ шиг биш юмаа гэхэд ядаж тусгаар улс, хууль хяналттай улс юм бол арай л өөр байдлаар асуудалд хандах ёстой. Хяналт тавьдаг байгууллагууд нь шалгаад асуудлыг тодорхой болгох байх. Энэ бол Монголын төрд өгч байгаа маш том дохио. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах хэмжээнд байж чадахгүй байна шүү гэдгийг харуулсан сануулга боллоо. Ард иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрх нь үндсэндээ алдагдлаа.
-Ажиллагааны явцад Монголын үүрэн холбооны операторуудын 10 мянга орчим дугаар хурааж авсан. Энэ нь үүрэн телефоны компаниуд хяналтгүй дугаар олгодог байдал замбараагүй болсныг илтгэх байх?
-Тийм ээ. Хууль хяналтын байгууллагууд болон IT компаниуд маш сул байна. Тэдний бүртгэл судалгаа доогуур түвшинд байна. Шууд хэлэхэд, Засгийн газар, ХЗДХЯ, түүний харьяа байгууллагууд үндсэндээ маш сул ажилладгийг харууллаа. Цаашид хяналт, шалгалтаа чангатгах ёстой. Бид ямар хоёр том гүрний дунд оршиж байгаа билээ гэдгээ тооцох хэрэгтэй. Хэтэрхий задгай, хариуцлагагүй байгаагийн жишээ.
УИХ-д Цахим бодлогын түр хороо хүртэл байгуулагдсан. Гэтэл өнөөг хүртэл үр дүн гарсан юм алга. Өнөөдөр цахим хэрэгслээр бусдыг гүтгэх, харлуулах явдал гэмт хэрэг биш болсон. Хэн дуртай нь бусдыг дураараа гүтгэдэг явдалд хэн ч хариуцлага тооцдоггүй. Сүүлдээ Зөрчлийн хуулиар торгуулийн шийтгэл оноосон төдий өнгөрч байгаа нь бусдыг зохион байгуулалттайгаар гүтгэдэг бүлэг этгээдүүдэд маш том боломжийг олгож байгаа. Хувь хүний нэр хүндийг хамгаалах, эрх чөлөөг хамгаалах нь ардчилсан улс орны хамгийн чухал асуудал. Манай намын үзэл баримтлалд ч гэсэн хувь хүний эрх чөлөөг, хуулийн засаглалыг, хувийн өмчийг дээдэлнэ гэж тусгасан. Гэвч өнөөдөр нийгэмд байдал эсрэгээрээ хувь хүний өмчид хамаагүй халдаж байна. Хууль хэрэгжиж байгаа тохиолдол тун ховор. Хэн нэгэн дарга гарч ирээд үг хэлэхэд тэр нь хууль шиг хэрэгждэг атлаа хууль нь хуулийнхаа дагуу хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.
-УИХ-аар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Өнөөдөр Хятадууд манай улсад чөлөөтэй орж, гарч байхад дээр нь нэмж Чөлөөт бүс байгуулж, Хятад иргэдийг 30 хоног визгүй зорчуулах шаардлага байгаа юм уу?
-Чөлөөт бүс байгуулахыг дэмжиж байгаа. Зах зээлийн харилцаанд шилжихийн тулд Чөлөөт бүсийг олноор байгуулах ёстой. Гэхдээ маш сайн бодох асуудал. Ер нь бол бүртгэл, судалгааг маш сайн хангаж байж ийм алхам хийх хэрэгтэй. Гэтэл одоо өчнөөн зуугаараа IT тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нөхдүүд орж ирэх хэмжээнд орчныг нь бүрдүүлсэн гэдэг чөлөөт бүс байгуулахад ямар нөхцөл байдал бий болохыг таамаглашгүй. Чөлөөт бүсэд хэрэгжих эрхзүйн орчин, хяналтыг маш сайтар бүрдүүлэх шаардлагатай. Манайх шиг бүртгэл судалгаа тааруу улсын хувьд визгүй зорчих гэдэг нь сайн зүйл биш. Манай улсын иргэд хөрш орнууд руугаа визгүй зорчиход тухайн улс орны үндэсний аюулгүй байдалд бараг сөрөг нөлөө байхгүй. Харин эсрэгээрээ манайд тэд визгүй зорчих нь эрсдэлтэй. Энэ боломжийг их, бага хэмжээгээр олгох цаг хугацаа нь ч одоо биш. ХЗДХЯ-ны харьяа бүртгэлийн байгууллага иргэний үнэмлэх, гадаад паспортыг Хятад иргэд болон бусад орны иргэдэд маш ихээр гаргаж өгдөг гэсэн мэдээлэл одоо ч гэсэн яригддаг. Үүнийг хянаж, шалгаж байгаа асуудал ч алга.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулахтай холбоотойгоор хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Танай нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах зарчмын гурван саналаараа эрх баригч намтай зөвшилцөж чадсан уу?
-Эрх баригч нам манай намын саналыг хүлээж авах эсэх асуудлаар дотроо ярилцаж байгаа юм билээ. Одоогоор энэ асуудлаар албан ёсоор уулзаж хэрхэн, яаж хамтарч ажиллах талаар ажил хэргийн яриа өрнөөгүй байна. Манай намын тавьсан үндсэн гурван шаардлагыг хүлээж авбал цаашаа Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцоод явна. Хэрэв саналыг хүлээж авахгүй тохиолдолд цааш хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэсэн байр сууриндаа хэвээр байгаа. Гурван саналаа бид хатуу барина.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг ямар үндэслэлээр оруулж байгаа юм бэ?
-Засаглалынхаа хэлбэрийг тодорхой болгох үүднээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг оруулсан. Засаглал тодорхой байж төрийн институт хоорондын харилцаа болон төрийн үйл ажиллагаа жигдэрнэ. Одоо институт хоорондын харилцаа тодорхой бус, хуулийн давхардалтай байгаагийн улмаас янз бүрийн үл ойлголцол бий болж байгааг нийгэмд хүн бүхэн анзаарч байгаа байх. Үүнээс болж төрийн ажил гацдаг зэрэг хүндрэлүүд гарч байгаа. Цаашид ийм байдал гаргахгүйн тулд парламентын засаглалтай улс орон юм бол сонгодог парламентынхаа засаглалыг бэхжүүлэх шаардлагатай. Энэ саналын хэрэгжилтийн хугацааг 2025 он байхаар батлах боломжтой.