Хан-Уул дүүрэгт камержуулалтын ажил идэвхтэй өрнөж байна
Хан-Уул дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй томоохон ажлуудын нэг бол камержуулалт. Камержуулалтыг нэмэгдүүлснээр гудамж талбайд гарч буй гэмт хэргийн тоо эрс багасч, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цаашлаад иргэдийг амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх чухал хүчин зүйл болж байгаа юм.
Энэ талаар Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн “Ер нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал үр нөлөөтэй зүйл бол камержуулалт. Тиймээс дүүргийнхээ эгзэгтэй, гэмт хэрэг гарч болзошгүй газруудад камержуулалтыг байршуулаад явж байна. Бүр тодруулбал, дүүргийн хэмжээнд 50 цэгт 116 камер байршуулж дүүргийн цагдаагийн хэлтэс, алба хаагчид 24 цагийн турш хяналт тавьж ажиллаж байгаа” гэсэн юм.
ХУД-ын Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Батболд “Камержуулалт улам боловсронгуй болсноор хүний нүүр царай таних, машины дугаараар илрүүлэх нөхцлүүд сайжирсан. Мөн гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргүүд харьцангуй буурч, гэмт хэргийн илрүүлэлт , урьдчилан сэргийлэх ажлуудад ахиц дэвшилт гарч байгаа” хэмээн бодит үр дүнг онцоллоо.