ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 40 минутад эхэлж хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь тус албан тушаалд ажиллах хугацаандаа улсын эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр гадаад болон дотоодод итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөлийг бүрдүүлэх, мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ болон олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилласан ч тодорхой үр дүнд хүрээгүйг тэрбээр танилцуулав.
Түүнчлэн 2019 оны 06 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд хангалттай биш хэмээн үзэж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мөн танилцуулгадаа дурдсан. Иймд Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.4 дэх заалтыг үндэслэн Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх саналтай байгаа гэв.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монголбанкны ерөнхийлөгчөөс хариулт, тодруулга авлаа.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Надмидын Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжив. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.