1072 хувьцааны асуудлаар салбарын сайдын мэдээлэл сонсохыг хойшлуулав
2019.11.13

1072 хувьцааны асуудлаар салбарын сайдын мэдээлэл сонсохыг хойшлуулав

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох байсан ч хойшиллоо. 

Иргэд, төрийн бус байгууллагаас 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооноос зохих судалгаануудыг хийж, энэ талаар салбарын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөн, бэлтгэлийг хангасан байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өвчтэй гэсэн шалтгаанаар хуралдаанд оролцоогүй аж. Тиймээс хариуцлагатай асуудлаар салбарын сайдаас өөрөөс нь мэдээлэл сонсох, асуултад хариулт авах шаардлагатай учир дараагийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх горимын саналыг  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Сүхбат нар гаргав. Горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь дэмжлээ. 

Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Эрдэнэс-Тавантолгой болон Эрдэнэс Монгол ХХК, Үнэт цаас, төлбөр тооцооны төв ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн байв.