С.Чинзориг: Нийгмийн даатгалд хамрагдагсдын хүрээг нэмэгдүүлэх замаар алдагдлыг бууруулна
2019.11.15

С.Чинзориг: Нийгмийн даатгалд хамрагдагсдын хүрээг нэмэгдүүлэх замаар алдагдлыг бууруулна

Эх сурвалж: Монголын мэдээ, Сэтгүүлч Х.Болор

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа. 


 

-Ирэх онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр болсон. Гэтэл олон нийтийн зүгээс энэ нь аж ахуйн нэгж болон иргэдэд асар их дарамт учруулна хэмээн эсэргүүцэж байна. Нийгмийн даатгалд учруулсан “Капитал” банк­ны өрийг нийгмийн даат­галын шимтгэл нэмж ард түмнээр нөхүүлэх гэж байна гэх хардлага ч гараад байгаа. Энэ талаар салбарын сайдын хувьд тайлбар өгөөч?

-“Капитал” банкнаас авч чадахгүй байгаа хөрөнгөө нөхөхийн тулд нийгмийн даат­галын шимтгэлийг нэмээ­гүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ бол “Капитал” банкны асуудлаас өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сард гарсан шийдвэр. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арил­жааны банкуудад байр­шуулж, хүүгээр нь орлого олдог бодлого бий. Гэхдээ би энэ бодлогод өөрчлөлт оруулж Монголбанкны үнэт цаасыг авдаг болъё гэсэн чиглэлээр 2020 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөлд оруулаад явж байгаа. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хөрөнгөөр Монголбанкинд үнэт цаас авдаг байна гэсэн үг.

Энэ санал чуулганы хуралдаанаар гишүүдийн дэмжлэгийг авч, 2020 оны Төсвийн тухай хуульд орохоор болсон. Ингэснээр эрсдэл багатайгаар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Тиймээс ирэх жилээс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээр аль болох Монголбанкны үнэт цаасыг худалдан авдаг байх ажиллагааг явуулна.

Хоёрдугаарт, Төрийн бодлого залгамж чанараа хадгалж байх ёстой. Тийм ч учраас нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх бодлого хэрэгжиж байгаа гэж ойлгож байна. 2016 оны сүүлээр Засгийн газар ОУВС-тай хамтран санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг гурван жил нэмэхээр гэрээ хийсэн. Үүний дагуу өмнөх Засгийн газар 2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хууль өргөн барьснаар баталсан. Энэ хуулийн дагуу 2020 онд ажил олгогч болон ажилтнаас авах нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ тус бүр нэг хувиар нэмэгдэхээр байгаа. Нийгмийн даатгалын сан бол орлого нь зарлагаа нөхөж чаддаггүй сан. Зөвхөн 2019 оны улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж үйл ажиллагаагаа явуулж байна.

Төсвөөс авдаг татаас буурахгүй байгаа учраас нийгмийн даатгалын шимт­гэлийг нэмэгдүүлэх хуульд өөрчлөлт оруулж чадах­гүй өнөөдрийг хүрсэн. Цаа­шид нийгмийн даат­галын шимтгэлийг нэмэг­дүү­лэх замаар Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг буу­руу­лах­гүй гэж үзэж байгаа. Харин нийгмийн даатгалд хам­рагдагсдын хүрээг нэмэгдүүлэх замаар алдагдлыг бууруулах бодлого баримтална. Малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нэг удаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгож байгаатай холбогдуулан нийгмийн даатгалд хамрагдагсдын хүрээ нэмэгдэнэ. Цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдал буурах нөхцөл бүрдэх байх гэж харж байгаа. 

-Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаа шалт­гаан нь юу юм бэ. Малчид болон хувиараа хөдөлмөр эрх­лэг­чид нийг­мийн даатгалаа нө­хөн төлснөөр Нийгмийн даат­­га­лын санд хэчнээн төг­­рөгийн орлого орно гэж тоо­цоол­сон бэ. Шимтгэлээ нөхөн төлөөд шинээр тэт­гэ­вэр тогтоолгох боломжтой хэчнээн хүн бий вэ?

-Бидний тооцооллоор 250 орчим мянган малчин нийг­мийн даатгал нөхөн төлж, тэд­ний 40 мянга нь тэтгэврээ тог­тоолгохоор байгаа. Нийг­мийн даатгалын сангаас 440 мянган иргэн тэтгэвэр авдаг. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор тус сангийн зарлага нэлээд нэмэгдэх байх. Гэхдээ малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж байгаа учраас Нийгмийн даатгалын сангийн орлого 200 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Энэ хэмжээгээр улсаас авах татаас нь хоёр дахин буюу 300 тэрбум төгрөгөөр буурах юм. Нөгөө талдаа нийгмийн даатгалаа нөхөж төлөөд, тэтгэвэр тогтоолгосон малчдад 40 орчим тэрбум төгрөг тэтгэвэр болж очно. Алдагдалтай байгаагийн хамгийн гол шалтгаан бол тэтгэвэр бодож байгаа аргачлалтай холбоотой. Нийгмийн даатгалын санд ажилчин болоод ажил олгогч нийлээд 25 орчим хувийн шимтгэл төлдөг. Харин тэтгэвэр болгон эргүүлж авахдаа багадаа цалингийнхаа 40 хувиар тогтоолгодог. 20-иос дээш жил ажилласан бол цалингийнхаа 60-80 хувиар тэтгэвэр авч байгаа. Өөрөөр хэлбэл, төлж байгаа хэмжээнээсээ гурав дахин их тэтгэвэр авдаг учраас Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаа юм. 

-Ирэх оны нэмэгдлээр алдагдлаас гарч чадах уу?

-Энэ нэмэгдлээр Нийгмийн даатгалын сан алдагдалгүй болно гэж байхгүй. Гэхдээ малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа нөхөн төлснөөр Улсын төсвөөс авдаг татаас 50 хувь буурна. 

-“Капитал” банкнаас өрөө яаж авах вэ. Энэ талаар бодитой ахиц гарсан зүйл байна уу?

-Монголбанкны эрх хүлээн авагч Капитал банкны эрхийг шилжүүлж авсан. Эрх хүлээн авагчтай бид энэ өрийг барагдуулж өг гэсэн шаардлагыг байнга тавьж байгаа. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө гэдэг Улсын төсвийн орлого биш. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтган үзэж, эхний ээлжинд барагдуулах ёстой гэдэг шаардлагыг тавьсаар байгаа. Нийгмийн даатгалын сангийн мөнгө гэдэг иргэн өөрийнхөө ирээдүйн санхүүгийн асуудлыг даатгасан хөрөнгө. Тийм ч учраас хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөтэй адилтган үзэж, барагдуулах ёстой. Нийгмийн даатгалын сангийн тайланд авлагаар бүртгээд явж байгаа учраас энэ хөрөнгийг шимтгэлийг нэмэгдүүлэх замаар нөхөж байна гэж ойлгож болохгүй. 

-Нэрийн данс гэдэг зүйл яагаад байхгүй болчихсон юм бэ. Үүнийг дахиж идэвхжүүлэх үү. Иргэд нэрийн данснаас мөнгө авч болох уу? 

-Нэрийн дансны тухай хууль одоо ч хүчин төгөлдөр байгаа. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хууль болон Нэрийн дансны тухай хууль гэсэн хоёр хууль зэрэг хэрэгжээд явж байна. Өмнөх Засгийн газрын үед иргэдэд аль хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмжээ авах вэ гэдгийг нь сонголтоор үлдээсэн. Нэрийн данснаас тэтгэврээ авъя гэвэл хүсэлтээ гаргаад нэрийн данснаасаа аваад явж болно гэсэн үг. Гол нь Нэрийн данснаас тэтгэвэр тогтоолгох нь Нийгмийн даатгалын сангаас тогтоолгосноос хамаагүй бага байдаг. Учир нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгоход иргэн цалингийнхаа 45-80 хүртэлх хувиар тогтоолгодог. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ тогтоолгох нь иргэдэд ашигтай байгаа юм. Нэрийн данснаас орлого зөвхөн татвар төлөгчдийн шимтгэлээс бүрддэг. Тэтгэвэр бодож байгаа аргачлалаасаа хамаараад бага тогтоох нөхцөл үүсдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэтгэвэр бодох аргачлалаасаа хамаараад ялгавартай байдал үүсээд байгаа юм. Цаашид ер нь Нэрийн дансны тухай хуулийн үйлчиллийг зогсоож, олон давхаргат тогтолцоо руу оръё гэж байгаа. 

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулийг хэт шударга бус хэмээн иргэд шүүмжилсээр ирсэн. Тухайлбал, улсад нэг хоёрхон жил ажилласан хүн огт нийгмийн даатгал төлөхгүй явсаар тэтгэвэр тогтоолгохоос таван жилийн өмнө сайн дураар маш өндөр төлдөг. Тухайн хүн таван жилийн турш сарын хоёр саяар бодож нийгмийн даатгал төлөхөд 800 мянгаар тэтгэвэр тогтоолгож байна. Гэтэл улсад 20 жил цэвэрлэгч хийсэн хүн 320 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь шударга биш биз дээ. Энэ гажуудлыг яаж засах ёстой юм бэ?

-2012 онд С.Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүдийн санаачилсан хуульд дутагдал бий гэдэгтэй санал нийлнэ. Энэ хууль Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлсэн гэж болно. Улсад огт ажиллаагүй хүнийг ажилласанд тооцож, тэтгэвэр тогтоосон. Нэг хэсэг нь бүр огт шимтгэл төлөлгүйгээр тэтгэвэр тогтоолгосон. Зарим нь нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш тухайн үеийн буюу 1990 оны эхэн үеийнхээр тооцож нөхөн төлсөн. Тэгсэн мөртлөө одоогийн ханшаар тэтгэвэр авч байгаа. Иргэд шударга бус байна гэж буримдах нь зүйн хэрэг. Огт ажиллаагүй хүнийг ажилласанд тооцож, шимтгэл төлөхгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломжтой болгочихсон. Ингэснээр Нийгмийн даатгалын санд маш их ачаалал ирсэн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр Нийгмийн даатгалын сангийн зарлага 700 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, ажилласан жил олгох хуулийн үйлчиллийг нэн даруй хүчингүй болгохоор ажиллаж байна. Хүчингүй болгох саналыг 2020 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлж, хүчингүй болгуулж байгаа. Энэ хуулийг өөрчлөхгүй бол Нийгмийн даатгалын сангийн зардал, алдагдал буурахгүй. 

-Тухайн байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байлаа гэж бодоход ажилтны нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулахгүй байна. Ингэж болдог юм уу. Хуулийн заалт, дүрэм журам байдаг уу?

-Ер нь нийгмийн даатгалын шимтгэлийг сар тутамд төлж, бичилт хийлгэж байх ёстой. Ажил олгогч ажилчдынхаа цалинг олгочихоод нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлдөггүй зөрчил бий. Ингэснээр тухайн ажилчин тэтгэмж авч чадахгүй байхад хүрнэ. Байгууллагаас ажилчны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бол дэвтэрт нь бичилт хийхгүй байх нь Нийгмийн даатгалын байгууллагад хуулиар олгосон эрх. ААН-үүд нийгмийн даатгалын шимтгэлийг сар тутам төлж, ажилтныхаа нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж байх үүрэгтэй.  

-Нийгмийн даатгал, татварын байцаагч нар жижиг аж ахуйн нэгжид нэг өөр, томоохон нэр хүндтэй компани аж ахуйн нэгжүүдэд харилцан адилгүй хандаж байгаа талаар яриа бас их гарч байна. Жилийн эцсээр дансаа хаалгахаас эхлээд маш их дарамтад ордог байгууллагууд олон байгаа нь нууц биш байх?

-Аж ахуйн нэгжүүдийн том жижгээс хамаарч ялгавартай хандах эрх Нийгмийн даатгалын байгууллагын ямар ч ажилтан, удирдлагад байхгүй. Хуульд заасны дагуу үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг нь бол хуулиар зааж өгсөн.