Н.Цэрэнбат: Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо
2019.12.12

Н.Цэрэнбат: Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас шинээр баталсан Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын зорилтыг танилцуулж, “Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.  Монгол Улс уг хуралдааны 10 гаруй  үйл ажиллагаанд илтгэгчээр оролцож,  анх удаа  түнш байгууллагуудын хамт  үйл ажиллагааг санаачлан амжилттай зохион байгуулсан юм.

Дэлхийн 197 улсын олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, хэвлэл мэдээллийн төлөөллөөс бүрдсэн 25 000 гаруй төлөөлөгчид Испани Улсын Мадрид хотноо  хуралдаж байна.  Энэ удаагийн хурлыг Чили улс даргалж байгаа бөгөөд хурлын  даргын газраас зарим  салбар  тухайлбал эрчим хүч, зам тээвэр, шинжлэх ухааны салбарын сайд нарыг оролцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь хурлын бас нэг онцлог болж байна.

Энэ хүрээнд анх удаа Сангийн сайд нарыг оролцуулсан өндөр түвшний хэлэлцүүлэг болж уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гарз хохирол улс орны эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа болон ямар тодорхой шийдэл байж болох талаар  ярилцав.

Бодит арга хэмжээ авах уриатай энэ удаагийн бага хурлын эхний долоо хоногт улс орнууд уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт нь энгийн сорилт бус харин онцгой байдал гэдэгтэй санал нэгдэж, үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо ахиулан тодорхойлж, шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд үндэслэсэн бодлогыг чиг болгож, тогтвортой шинэ хөгжлийн тогтолцоо руу шилжих асуудлын талаар санал солилцон хэлэлцэж байна.

Өнгөрсөн жилийн  бага хурлаар шийдэгдээгүй Парисын хэлэлцээрийн 6-р бүлэг буюу зах зээлийн шинэ механизмын үндсэн зарчмыг тодорхойлох асуудал мөн л энэ удаагийн хэлэлцээрийн гол асуудал байсан бөгөөд хөгжилтэй болон хөгжиж буй улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг тооцох үндсэн зарчим дээр нэгдсэн ойлголцолд хүрэхэд нилээд хүндрэлтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлийн арга хэмжээ авахад үндсэн механизмыг тодорхойлох 6-р бүлгийг энэ удаад шийдвэрлэх нь нэн чухал байгааг хуралд оролцогчид онцолж байлаа.