О.Баасанхүү: Банкуудад бондын бичиг тараах замаар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг шийднэ гэж харж байна
Өндөр настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр танилцуулсан билээ. Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ ҮАБЗ-ийн зөвлөмжөөр тэтгэврийн зээлтэй ахмадуудыг нэг удаа зээлээс чөлөөлөх асуудлыг дурдсан. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачилсан тогтоолын төсөлдөө 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэйчүүд буюу тэтгэврийн насны бүх хүнийг алагчлалгүйгээр хамруулах асуудлыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь зээл аваагүй өндөр настнууд нэг удаа аваад өрөө тэглүүлэх боломжоор хангах асуудлыг тусгасан тухайгаа мэдэгдсэн юм.
Түүнээс тэтгэврийн зээлийг тэглэх санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бий болгох арга зам байгаа талаар тодрууллаа.
-Тэтгэврийн зээлийг тэглэх ямар арга зам байна гэж харж байна вэ?
-Тэтгэврийн зээлийг тэглэе гэдэг асуудлыг Ерөнхийлөгч мэдэгдсэн. Зарим намууд тэтгэврийн зээлийг тэглэе, үнэгүй байр өгье гээд ярьж байна. Гэхдээ яагаад ингэж амлаж болохгүй вэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Хоёр шалтгаан байгаа юм.
Нэгдүгээрт, Монгол Улс эдийн засгийн хөгжлийн цогц бодлогоо баталсан учраас Засгийн газар эдийн засгийн бодлогоо төрийн бодлогод нийцүүлэх ёстой. Хоёрдугаарт, Монгол Улс 29 тэрбум ам.долларын өртэй учраас улс орны эрх ашгаа бодвол юун түрүүнд өрөө төлөх ёстой.
Өрөө төлөхгүй байвал юу болох вэ гэдгийг ярихын тулд 2016 оныг эргэн харах хэрэгтэй. Тэр үед Монгол Улс дефолт болох гээд хоёр сонголтын өмнө очсон. Нэг нь хятадаас өндөр хүүтэй зээл авах. Нөгөө нь ОУВС-гаас зээл авах. Ийм л хоёр боломж байсан. ОУВС-гаас биднийг зээл авахын тулд дүрмээ танилцуул, тэр дүрмээрээ явах бол санхүүжилт өгнө гэсэн.
Эрх баригчдын хувьд өвөө, эмээ нараас оноо авах нь чухал. 776 тэрбум төгрөгийн өрийн зээл үүссэн байна. Нийт ахмадын 86 хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэдэг судалгаа гаргасан юм байна. Харин Салхитын мөнгөний орд ашиглалтад орвол жилд хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийх юм байна. Үүний нэг их наядыг цэвэр ашиг гэж тооцоод 766 тэрбум төгрөгийн өрийг нэг удаа хаачихъя гэж байгаа юм байна. Мөн амжиргааны эх үүсвэрийн барьцаалдаг зээлийг бүр мөсөн зогсоож, хуулиар хориглох тухай ч яригдаж байгаа.
Энэ асуудлыг шийдэхийн тулд банкуудад бондын бичиг тараана. Борлуулалтаа хийхээрээ бондын бичгээр арилжааны банкуудыг санхүүжүүлнэ гэдэг гарцыг ҮАБЗ хэлэлцсэн юм байна.
Өөрөөр хэлбэл, цагаан сарын баярын өмнө ахмадуудад “өр чинь тэглэгдсэн, банк та нараас өр нэхэхгүй” гэж хэлэх юм байна. Би хуульч хүний хувиар ҮАБЗ дээр ийм аргаар тэтгэврийн зээлийг тэглэх асуудал яригдсан гэж харж байна. Үнэхээр мөнгө өгөх гээд байгаа юм бол бүх хүнд тэгш хуваарилах ёстой. Зөвхөн өндөр настнууд ч биш хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч тэгж хамрагдах ёстой. Үүнийг би тогтоолын төсөлдөө тусгасан.
-Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд банкуудад бонд өгөх юм байна. Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг олсон хойноо банкуудад өгсөн өрийн бичгээ төлнө гэж ойлгож болох уу?
-Тийм. Урт хугацаанд ашиг олохоороо банкны өрийн бичгийг дарна гэсэн үг. Банкны хувьд байнгын эргэлтгүй болно.
Ерөнхийлөгчийн мэдэгдлээс ийм л арга замаар тэтгэврийн зээлийг тэглэх юм байна гэж хараад байгаа.