БАЙР СУУРЬ: ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү!
Эх сурвалж: Өглөөний сонин
УИХ-аас ахмадын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдсантай холбогдуулан Олон улсын валютын сангаас гэрээгээ зөрчсөн үйлдэл болохыг сануулаад байгаа. Тэгвэл ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагатай эсэхэд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ нарын байр суурийг сонирхлоо.
-ГЭРЭЭ БАЙГУУЛСАН УЧРААС ҮҮРГЭЭ ХҮЛЭЭХ ЁСТОЙ-
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ: Монгол Улсын төр засгийн үйл ажиллагаа жигд ажиллах гол цөмийг Засгийн газар хариуцдаг. Тиймээс энэ бол Засгийн газартай холбоотой асуудал. УИХ тодорхой хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж өгдөг. Засгийн газар баталсан хөтөлбөрийн дагуу ажиллах ёстой. Хүссэн, хүсээгүй энэ ачааг үүрч сурах хэрэгтэй. УИХ өөрийнхөө ажлыг хийгээд хуулиа тогтоогоод явж байна. Хуулийн хэрэгжилт ямар байгаа талаарх хариуцлагыг УИХ даах ёстой. Эндээс гарсан хуулийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар нуруун дээрээ үүрэх ёстой. Нөгөөтэйгүүр нэгэнт гэрээ байгуулсан учраас аль аль талдаа үүргээ хүлээгээд цаг хугацаандаа дуусгах ёстой. Ер нь аливаа дэмжлэгийг аваад явахгүй бол Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа. 2016 онд ямар хүндрэлтэй Засгийн газар байгуулж, ямар хүндрэлтэй эдийн засаг хүлээж авсан билээ. Нэг хувьтай байсан эдийн засгийн өсөлтийг 7.2 хувь болгосон. Энэ амжилтад гаднын дэмжлэг туслалцаа их хэрэг болсон. Үүнийг цаашид авч явах ёстой. Татгалзаж болохгүй гэж харж байна.
-ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ НЬ ЗӨВ-
УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР: ОУВС саналаа илэрхийлэх нь зөв. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь Монголд үүссэн эдийн засгийн хүндрэлийг сайжруулахад чиглэж байгаа. Санхүүгийн сахилга бат, үндэсний валютын тогтвортой байдал, инфляцын өсөлт гээд ОУВС-гийн санааг зовоож байгаа асуудлууд бий. Гэхдээ УИХ-аас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаас арай өөр хувилбараар гаргалгааг нь хийсэн. Улсын төсөвт өөрчлөлт орохгүй. Тэртэй тэргүй хөтөлбөрөөс ангид эс үүсвэрээс санхүүжүүлэх болохоор асуудал үүсэхгүй байх. Гол нь эдийн засгийн нааштай өөрчлөлтүүд уначих вий гэж санаа зовж байгаа нь гарцаагүй. Үүнд ОУВС ч биш бид бүгдээрээ санаа зовж байна. ОУВС-гийн хөтөлбөр зайлшгүй байх ёстой гээд бид хөтөлбөрт хамрагдсан. Монгол Улс дөрөв дэх удаагаа хамрагдаж байгаа. Хэрэв Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй бол улстөрчид “поп”-роод хамаг юмаа тавиад туучихна. Ялангуяа сонгуулийн жилд ирээдүйд олох ашгаа хүртэл хуваарилаад улс төрийн шоу хийчихдэг. Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь зөв, гэрээгээ биелүүлэх нь зөв.