ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Моник Элуатай уулзлаа
2020.01.21

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Моник Элуатай уулзлаа

ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар яваа ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай уулзлаа. 

Дэлхийн 180 гаруй орон гишүүнээр элссэн тус байгууллага нь малын гоц халдварт өвчний хамтын зохицуулалтын үндсэн байгууллага бөгөөд малын өвчнөөр тайван хэмээн тус байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн тохиолдолд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөх маш том давуу талыг бий болгодог.

Ерөнхий захирал Моник Элуагийн хувьд Монгол Улсад саяхан хийсэн үнэлгээний дүгнэлт маш нааштай гарч байгааг мэдэгдээд Монгол Улсын Засгийн газрын зүгээс мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, улмаар хүн амыг эрүүл хүнсээр хангах, олон улсын худалдааг дэмжих чиглэлээр ихийг амжуулсан байгааг цохон тэмдэглэлээ.

Түүнчлэн Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулж, босоо удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг бий болгох чиглэлээр ажиллаж байгааг сайшаан Монгол орны баруун бүсийг малын гоц халдварт өвчнөөр тайван бүс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд маш ойрхон байгаа талаар дахин мэдэгдэв. Ингэхийн тулд Мал эмнэлгийн ерөнхий газар болон хувийн хэвшлийн малын эмч нарын уялдаа холбоо, зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг, нэн ялангуяа Мал эмнэлгийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хоорондын уялдаа холбоог сайжруулж, давхардлыг арилгах нь зүйтэй байгаа талаар мэдээллээ.

Сайд Ч.Улааны зүгээс мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулж, цаашид анхаарах шаардлагатай байгаа зүйлсээ мөн танилцуулав. Сайдын зүгээс Монгол орны баруун бүсийг малын өвнөөр тайван хэмээн хүлээн зөвшөөрүүлэх  хүсэлтээ тус байгууллагад тогтсон хуваарийн дагуу энэ жилийн намар албан ёсоор хүргүүлэхээ мэдэгдэж, дараа жил олон улсад хүлээн зөвшөөрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

Ингэснээр мал аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, малчдын орлого, амьжиргаа нэмэгдэх болно гэдэг дээр хоёр тал санал нийлсэн. Эцэст нь Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний тайланг хүлээн авмагцаа зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зүгээс Монгол Улсын мал эмнэлгийн тогтолцоог сайжруулахад шаардлагатай арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.