Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав
2020.01.21

Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэн Күмамото Хироки, Аюулгүй үйл ажиллагаа, хяналтын газрын ахлах Футами Кэнжи болон нийслэлийн Хүнс, хөдөө ах ахуйн газрын дарга Д.Баянбат нар байлцав.

Талууд Улаанбаатар, Мияконожо хотын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, мах болон сүүний үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа дуулгалаа. Мияконожо хот нь хөдөө аж ахуй түлхүү хөгжсөн цайны ургамал болон газар тариалалтаараа улсдаа тэргүүлдэг хот аж. Тиймээс махны чиглэлээр олон улсад экспорт эрхэлдэг бөгөөд Улаанбаатар хотод Кэмпински зочид буудлын Сакура ресторанд нийлүүлдэг талаар Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Улаанбаатар хот Япон улсын хотуудаас хамгийн анх Мияконожо хоттой 1999 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш өдгөө 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад талархалтай байдаг. Нийслэлийн зүгээс экспорт импортын чиглэлээр хамтран ажиллахад бүх талаар дэмжих болно. Цаашид хоёр хотууд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан тохиолдолд фермийн аж ахуй эрхлэгчдийг Мияконожо хотод мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох саналтай байна” гэлээ. 

Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро хөдөө аж ахуйн чиглэлээр Улаанбаатар хоттой хамтарч ажилласан тохиолдолд мал аж ахуйгаараа мэргэшсэн байгууллагад харилцан туршлага солилцох, мэргэшүүлэх дадлагжуулах талын бүх үйл ажиллагааг хариуцаж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр хотын нийгэм эдийн засаг болон хөдөө аж ахуйн талаар нээлттэй ярилцлаа.