IPO наашилсан энэ үед “Эрдэнэс-Тавантолгой” эрүүл ЗАСАГЛАЛТАЙ гэдгээ харууллаа
2020.02.20

IPO наашилсан энэ үед “Эрдэнэс-Тавантолгой” эрүүл ЗАСАГЛАЛТАЙ гэдгээ харууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” компани 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь компанийн засаглалын тулгуур зарчмууд  болох ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛСАН,  ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ШИЙДВЭР  гэдгийг тодотгоё.

Ялангуяа олон жил хүлээлгийн өрөөнд байсан IPO наашилж буй ийм үед компани засаглалын хувьд эрүүл гэдгээ боломжит бүхий л хувилбараар нь нотлох нь сайн хэрэг. “Эрдэнэс-Тавантолгой”-д өнөөгийн удирдлагууд нь ирэхээс өмнө засаглал нь арвин их асуудалтай байсныг монголчууд санаж буй байх. Ээдрээ дагуулсан олон хэрэг явдал 2016 оноос өмнөх “Эрдэнэс Тавантолгой”-д байсан. 1072 хувьцаатай холбоотой гарч байсан шийдвэрүүд нь ч эдийн засгийн бус улс төрийн шийдвэрүүд байсан. Харин 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд тус  компанийг удирдаж буй эрхмүүд төрд зөв хүмүүс байвал төрийн шийдвэрүүд ч зөв гарч, төр  сайн менежер байж чаддагийг баталж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Зиндаа” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Намайг 2016 оны есдүгээр сарын 12-нд тэргүүн дэд захирлаар эргэж ирэхэд компанийн талаар 85-90 хувь сөрөг мессежтэй байсан шүү. Захирлууд нь авлига авдаг, тендер будилуулдаг гээд манай компанитай холбоотой сайн зүйл ховор байсан. Улс төр, бэлэн мөнгө тараадаг гээд бүх муу зүйлийг манай компанитай холбодог байлаа. Энэ бүхнийг зөвөөр ойлгуулах, иргэдэд бодит мэдээлэл өгөх ажлууд амжилттай хийгдэж байгаа нь үр дүн юм шүү.

Үүний зэрэгцээ бид төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар 86 төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулахаар болсон юм. ШУТИС болон МУИС- тай гэрээ байгуулж, сургалтын хөтөлбөрүүдэд нь тусгахаар болсон. Хувьцаа, хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбар хэрхэн хөгжих вэ гэдгийг сургалтын түвшинд ойлгуулж эхэлж байна. Эрдэмтдийн зөвлөлд мэргэжлийн геологич, гидрогеологич, санхүүчдийг багтааж мэргэжлийн түвшний зөвлөгөө авах, хамтран ажиллах, санал, санаачилгыг нь бодлогодоо тусгаж байгаа. Түүнчлэн мэргэжилтнүүдэд чиг баримжаа олгох сургалтыг ч эрдэмтдээр дамжуулан хийдэг болж байна” гэж ярьсан юм.

Тэгвэл өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой”-н нэр хүнд тун сайн байгааг бүгд мэднэ. Угаасаа компанийн засаглал сайн байхад нэр хүнд өсөх нь тодорхой л доо. Эхэнд дурдсанчлан  IPO  гаргахад техникийн талын бэлтгэлээ хангахаас гадна суурь нэр хүнд өндөр байх нь маш чухал байдаг. Ялангуяа олон улсын хөрөнгийн захын том тоглогчид чуулдаг Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргах компанийн нэр хүнд өндөр байх ёстой. Үнэндээ бол 2010 оноос хойш яригдсан IPO гарахад манай дотоодын талаас бол бүхий л нөхцөлөө биелүүлж, базааж чадаж буй цаг үе нь одоо л юм. Тэрнээс биш Чалкогийн өрний дороос өндийж дийлэхгүй байсан компани ямар нэр нүүрээрээ дэлхийн бирж дээр акулуудтай зэрэгцэх билээ дээ.

“Эрдэнэс-Тавантолгой”-н өнөөгийн удирдлагуудад БРАВО гэж хэлэх нь зөв байх. Учир нь Б.Ганхуяг захиралтай “Эрдэнэс-Тавантолгой” компани дотоод, гадаадад нэр хүндээ өсгөхийн тулд зөв дарааллаар үйл ажиллагаагаа сайжруулж өнөөдрийг хүрсэн.

Тухайлбал, “Эрдэнэс - Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны есдүгээр сард  “Coal Mongolia-2018” чуулганы индэр дээрээс олон улсад хүлээн зөвшөөрөгддөг жорк стандартаар Тавантолгой орд 7.6-8 тэрбум тонн нүүрсний  нөөцтэй болох нь тогтоогдож байгааг,  жорк стандартад шилжүүлэх  ажлыг гүйцэтгүүлэхээр олон улсын тендер зарласан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм.  Энэ бол ордын үнэ цэнэтэй шууд холбоотой чимэгтэй мэдээ гэдэгтэй гадаад, дотоодын төлөөлөгчид санал нэгдэж байсан юм. Өмнө нь нөөцийг нь зургаан  тэрбумаар хэмжиж, эдийн засгийн тооцоолол судалгааны түвшинд хийгдэж байсан бол жорк стандартын дагуу нөөцийн хэмжээ бүрэн баталгаажсанаар ордын үнэ цэн улам өсөж, IPO гаргахад жин дарах нөлөөллийг үзүүлэх юм.

Б.Ганхуяг захирал хэлэхдээ “Олон улсын зах зээлээс хөрөнгө босгоно гэдэг бол бид өөрийн салбарт, хөгжилд хэрэгтэй дэд хөтөлбөрүүдэд шаардлагатай хөрөнгийг босгох, нөгөө талаар урт хугацааны хөгжлийн бат бөх суурийг тавьж, дэлхийн томоохон санхүүгийнхэнтэй хамтран ажиллах, тогтмол орлогыг бий болгох асуудал. Ингэхийн тулд хөрөнгө босгодог. Бид дангаараа хийх боломж хомс учраас эхнийх нь хөрөнгө, удаах нь нэр хүндийн асуудал байдаг. Нэгэнт олон улсын зах зээлд нээлттэй компани болж, төрийн өмчийн компаниудаас анхдагч нь болж чадсан тохиолдолд компанийн урт хугацааны стратеги бодитой тодорхойлогдоно.

Хамгийн чухал нь бид улс төрөөс хамааралгүй болно. Зөвхөн олон улсын зах зээлийг тодорхойлдог мэргэжилтэн, шинжээч, санхүүчид орж ирнэ. Тэд ашиг олохын тулд, аль, аль талдаа үр ашигтай байхын тулд бизнесийн зөв схемээр ажиллана. Нэг удаа мөнгө тараадаг процесс бүрэн алга болно. Дээрээс нь засаглалын хувьд тогтвортой болно. Олон улсаас хөрөнгө босгож, тэндээ “deal” хийх учраас энд тэр түвшний мэдлэг боловсролтой боловсон хүчин ажиллах юм. Түүнчлэн компанийн урт хугацааны бодлого хэрэгжих боломжтой болохын зэрэгцээ суурьшмал хот бүхий үйлдвэрлэлийн цогцолбор бүс байгуулагдах юм. Үүнийг хадгалахын тулд олон улстай холбоотой ажиллах ёстой” гэж байсныг сануулъя.

Түүнчлэн өнөөдрийн “Эрдэнэс-Тавантолгой”-гоос гарч буй шийдвэрүүд маргаашаа харсан, эрүүл алхмууд болж буйг тодотгоё.