Б.Ганхуяг: Ирэх тавдугаар сараас ногдол ашиг олгож эхэлнэ
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж 1072 хувьцаа эзэмшигчдэд 2019 оны ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. Ингэснээр компани байгуулагдсан арван жилийн түүхэнд анх удаагаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж байгаа нь энэ юм.
Компанийн тухайд 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олж нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 670 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Тус компанийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн ийнхүү өсөхөд БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийг бүрэн барагдуулж, тус компанид нэг тонн нүүрсийг 59.0 ам.доллароос 63.0 ам.долларт хүргэж өсгөж борлуулсан, бусад компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар нэг тонн нүүрсийг 68 ам.доллараас өсгөж 71.25 ам.долларт хүргэж худалдаалсан, үүний зэрэгцээ нүүрсний зах зээлийн таатай байдал, үнэ ханш өндөр байсан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн юм.
“Эрдэнэс-Тавантолгой” компани нь УИХ-ын 2010 оны 39 дүгээр, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны 2010 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 425 дугаар тогтоолоор байгуулагдаж байсан юм.
Улсын их хурлын Өргөдлийн байнгын хорооны 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, Компанийн тухай хуульд заасны дагуу ногдол ашиг тараах асуудлыг шийдвэрлэх зэргийг үүрэг болгож байсан билээ.
Хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараах болсон шийдвэртэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганхуяг нарын байр суурийг та бүхэнд хүргэе.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” АНХ УДААГАА НОГДОЛ АШИГ ТАРААНА
-“Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах болсон шийдвэрийн талаар тайлбарлана уу?
-ЭТТ компанийн ТУЗ хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Компанийн тухай хуулийн 46 зүйлийн 46.1.7, 76 дугаар зүйлийн 76.1.12 болон “Эрдэнэ Тавантолгой” компанийн дүрмийн наймдугаар зүйлийн 8.6.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь заалт болон бусад холбогдох заалтыг үндэслэн ногдол ашиг тараахаар боллоо.
“ЭТТ” компани 2010 оноос хойш ЗГ, УИХ-ын 39 болон 73 дугаар тогтоолуудаар үүсгэсэн байдаг. Компани байгуулагдсан 10 жилийн хугацаанд Компанийн тухай хуулийн хүрээнд ногдол ашиг тарааж байсан түүх байхгүй. Анх удаагаа ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг 100 хувь дэмжсэн.
-Сонгуулийн өмнө ногдол ашиг тараах гэж байгаа шийдвэрийг улстөржсөн шийдвэр гэж харах иргэд байна...?
-Өмнө нь бид “Сайн хувьцаа” болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны сургалтын төлбөр хэлбэрээр төр давуу эрхээрээ худалдан авч иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тарааж байсан. Ногдол ашиг тараах шийдвэр бэлэн мөнгө тарааж байгаа хэрэг биш. Энэ бол хуулийн хүрээнд хийгдэж буй үндсэн ажил юм. Түүнээс биш ямар нэгэн улс төрийн оноо авах, ашиг хонжоо хайсан үйлдэл огт биш. Засгийн газарт 85.4 хувь, иргэдэд 14.75, аж ахуйн нэгжид таван хувь оногдож байгаа. Энэ бол Компанийн тухай хуулийн дагуу хийж байгаа ажил. Төр ногдол ашиг тараах үүрэгтэй. Олон жил тараана гэж ярьсан. Үүнийг ажил хэрэг болгож байна.Өнгөрсөн жилээс хойш “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, нэмүү өртөг шингээх ажил хийж эхэлсэн. Тиймээс ногдол ашгийг бүтээн байгуулалтад зарцуулж ирсэн юм. Энэ хүрээнд Зүүнбаян болон Тавантолгойн төмөр зам, тоног төхөөрөмжийн шинэчлэл, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна.
-Өмнө нь тооцоолж байснаас ногдол ашиг өссөн байна. Чухам яагаад ногдол ашгийг өсгөсөн юм бэ?
-Жилийн өмнө бид нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 1072 ширхэг хувьцаанд 26 мянган орчим төгрөгийг хуваарилахаар байсан. Гашуун сухайт болон Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимжсэнээр борлуулалтын орлого, худалдан авалт нэмэгдсэн. Тиймээс 15.5 сая тонн нүүрс борлуулж 1.30 сая ам.долларын ашигтай ажилласан. Энэ бүх амжилтыг тооцоолоод нэгж хувьцааны үнийг 90 төгрөгөөр бодож тооцсон байгаа.
Цаашдаа бүтээн байгуулалтын ажил дуусаад, бүтээн байгуулалт дагалдах ажлууд нэмэгдэх тусам нэгж хувьцаанд ногдох ханш нэмэгдэнэ.
Б.ГАНХУЯГ: ИРЭХ ТАВДУГААР САРААС НОГДОЛ АШИГ ОЛГОЖ ЭХЭЛНЭ
-“Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах болсон шийдвэрийн талаар тайлбарлана уу?
-“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын хүн бүр байгалийн баялгаас тэгш хүртэнэ” гэж заасан. Үүний хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр тэргүүлсэн Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн хүрээнд энэ бүх тооцоолол хийгдэж өнөөдөр иргэддээ анх удаагаа ногдол ашиг олгохоор боллоо. Нөгөө талаар “ЭТТ” компани 2016 оноос хойш цэвэр ашигтай ажиллаж ирсэн. 2016 он хүртэл компани маш их хэмжээний өр төлбөр, хүү, хүүгийн төлбөрт дарагдсан байсныг 2018 онд бүх өр, төлбөрөө дарж дуусгаснаар одоогийн байдлаар компани ямар нэгэн өр төлбөргүй байна. Энэ нь төрийн өмчит компани маш сайн ажиллаж чаддаг гэдгийн бодитой жишээ. Төр муу менежер биш гэдгийг харуулсан манай хамт олон, уурхайчдын хөдөлмөрийн үр дүн юм. Тийм ч учраас хоёр сая 511 мянган хувьцаа эзэмшигч иргэд болон, ААН байгууллагууд, 85 хувийг нь эзэмшиж буй төрд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа.
-Хувьцааны бүртгэлээ хийж амжаагүй иргэдийг хэрхэх вэ?
-Өнөөгийн байдлаар 580 орчим мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Голцуу хүүхдүүд, гадаадад амьдардаг хүмүүс бий. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл явуулна.
-Ногдол ашиг тараах ажил ямар дарааллаар явах вэ?
-Мэдэгдэл хийснээр ногдол ашиг шууд иргэдийн дансанд орж байгаа асуудал биш. Нэгдүгээрт, бүртгүүлэх ёстой. Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сард болно. Бид дөрөвдүгээр сарын 17 хавьцаа хуралдуулснаар төлөвлөж байна. Хувьцаа эзэмшигчдийн хуралд өнөөдрийн ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулснаар энэ эрх нээгдэнэ. Гуравдугаарт, ногдол ашгийг 2020 ондоо багтааж хийнэ. Санхүүгийн зохицуулах хорооноос журам гарсан байдаг. Энэ журмаар эхний хагас жилдээ бүртгэл, жагсаалтыг нь баталгаажуулаад тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ. Дөрөвдүгээрт, ногдол ашиг тараахтай холбоотой янз бүрийн эерэг болон сөрөг мэдээлэл нийгэмд цацагдана. Ялангуяа улс төрийн ашиг хонжоо хайсан, дагагчдын тоог нэмэх гэсэн албан болон албан бус хаягаас мэдээлэл битгий аваарай.
1072 хувьцаа мэдээллийн төв ажиллаж байна. 1800-1072 утсаар иргэд мэдээлэл авах ёстой. Фейсбүүкт “1072 мэдээллийн төв” нэртэй фейсбүүк хаяг байгаа. Долоо хоногийн даваа гараг бүрийн 13:00 цагт 1072 мэдээллийн төв дээр тоон мэдээлэл хүргэнэ.
-Сонгуулийн өмнө ногдол ашиг тараах гэж байгаа шийдвэрийг улстөржсөн шийдвэр гэж харах иргэд байна...?
-Манай компани 2017 онд ашигтай ажилласан. Гэхдээ бид Чалко болон Хөгжлийн банкны өр төлбөртэй байсан юм. 2018 оны аравдугаар сард Хөгжлийн банкны өр төлбөрөө төлж барагдуулснаар 2017-2018 онд өртэй байсан жилүүд өнгөрсөн. Том хувьцаа болон жижиг хувьцаа эзэмшигч гэж байдаг. Гэхдээ аль ч тохиолдолд Компанийн тухай хуулиараа тухайн жилд ашигтай ажилласан бол ямар хэмжээний ногдол ашиг олгох тухай санхүүгийн тооцоолол, төлөвлөгөөг гүйцэтгэх удирдлага гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
Үүний дагуу бид 2018 онд ногдол ашиг тараах боломжтой гэдэг тооцоолол ТУЗ-д гаргаж өгсөн. Засгийн газрын шийдвэрээр ногдол ашиг тараах мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон. Хамгийн чухал нь 2018 онд Хөгжлийн банкны хүү, хүүгийн төлбөрийг дарж барагдуулсан явдал. Өнгөрсөн 2019 онд ногдол ашиг олгох шийдвэр гарлаа. Энэ бол мөнгө тараалт биш. Энэ бол төрийн болон хувийн ч бай аль ч компани ашигтай ажиллахад ногдол ашиг хүртэнэ гэдгийг харуулсан бодит эдийн засгийн үзүүлэлт гэж харах хэрэгтэй. Энэ бол өөрийн хувьцаа эзэмшиж буй компаниасаа иргэд үр ашгаа авч байгаа гэж ойлгоорой гэж хүсье.