Ш.Анхмаа: Гэр бүлийн аз жаргал бол нийгмийн хөгжлийн нэг гол үзүүлэлт
Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ, 9 дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгаа хийх ажлыг санаачлан зохион байгуулж, нийслэл Улаанбаатар хот жендэрийн талаар баримтлах анхны бодлогын баримт бичгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн бариад байгаа НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаатай Монгол цэргийн баярыг тохиолдуулан эрэгтэйчүүдийн жендэрийн асуудлаар ярилцлаа.
-Жендэрийн асуудал гэхээр л эмэгтэйчүүдийн асуудал гэж олонх хүмүүс ойлгодог хэвээрээ байна. Ярилцлагынхаа эхэнд энэ асуудлыг хөндье гэж бодлоо.
- Эмэгтэйчүүдийн эрхтэй холбож ойлгох нь нийгэмд түгээмэл байна л даа. Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө, тэгш байдлын төлөө хүчтэй дуугарч, илүү нийгмийн идэвхтэй байгаа учраас тэр байх. Гэхдээ жендэр гээд ярихаар зөвхөн охид, эмэгтэйчүүдийн асуудал гэлтгүй хөвгүүд, эрэгтэйчүүдийн асуудал ч гэсэн эн тэнцүү хөндөгдөх учиртай. Тэр тусмаа манай улсын хувьд эрэгтэйчүүдийн асуудлыг чухалчилж авч үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Нийслэлд жендэрийн тэгш байдлын судалгаа хийж үзэхэд эрэгтэйчүүдэд ч гэсэн тулгамдаж буй асуудал их байдаг нь харагдаж байсан.
-Эрэгтэйчүүдийн хувьд анхаарах ёстой хамгийн тулгамдсан асуудал гэхээр архидалтын асуудал шууд холбогдох байх. Өөр ямар асуудлууд байна вэ?
-Хамгийн түгээмэл яригддаг болохоор архидан согтуурах гэдэг асуудал эхлээд хүн бүрийн толгойд буух байх л даа. Ер нь бол хамгийн эхэнд ярих ёстой асуудал эрэгтэйчүүдийн дундаж наслалт байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8,2-оор бага байгааг судалгаа харуулж байгаа. Гэтэл олон улсад энэ зөрүү 4 жил гэж тооцогдож байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү олон улсын жишгээс 2 дахин их байгаад байна. Үүний цаана амьдралын боломж, эрүүл ахуйн дэглэм, ажилгүйдэл, нийгмийн стресс, өвчлөл гэхчлэн бодох асуудал их бий. Ганцхан жишээ хэлэхэд, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 1.6 дахин бага байна. Энэ нь эмэгтэйчүүд их өвдөөд байгаа гэсэн үг биш харин эрэгтэйчүүд эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй гэдгийг л харуулж байгаа юм.
Мөн дээр таны асуусан архи, согтууруулах ундааны хэрэглээний асуудал хөндөгдөнө. Судалгаанаас харахад эрэгтэйчүүдийн 39.7 хувь нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг. Яг ийм үзүүлэлт эмэгтэйчүүдийн хувьд 15.1 хувь буюу 2.5 дахин бага байна. Харамсалтай нь эрэгтэйчүүд өвчлөлийн бус шалтгаанаар түүний дотор архи согтууралтай холбоотой нас барах тохиолдол буурахгүй байна шүү дээ.
Тэгэхээр эрэгтэйчүүдийн хувьд дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийн боловсрол олгох, үзлэг шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, нийгмийн идэвхийг сайжруулах, архидан согтуурахыг багасгах шаардлага зайлшгүй байгаа.
Бас ард түмний дунд уламжлал болж тогтсон зарим нэг ойлголт нь жендэрийн хувьд хэвшмэл буюу буруу ойлголт болоод байна. Тухайлбал, Эрэгтэй хүүхэд уйлдаггүй, эрэгтэй хүн үг дуу цөөтэй, гүндүүгүй байх ёстой гэж ярьдаг. Түгээмэл ийм ойлголт байдаг учраас хүүхэд, том хүн гэлтгүй ер нь эрэгтэйчүүд маань дотоод сэтгэлээ нээж ярих, асуудлаа бусадтай хуваалцаж, хамтарч шийдэх тал дээр арай дутмаг явдаг нь олон бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг бий болгодог санагддаг.
-Хувь хүний онцлог, айл өрхийн амьдралтай холбоотой ийм асуудлыг сайжруулна гэдэг амаргүй байх. Гэхдээ нийслэлийн хэмжээнд бодлогын түвшинд хэрэгжүүлэх ажлууд байгаа байх?
-Тиймээ, сонсоход хүний хувийн асуудал, айл өрхийн амьдралын нарийн ширийн зүйл юм шиг боловч нэг хүний, нэг өрх доторх асуудал ч гэсэн нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудын жижиг дүр зураг шүү дээ. Зөвхөн Монгол улс ч гэлгүй дэлхий нийтээр жендэрийн мэдрэмжтэй, тогтвортой хөгжлийг бий болгох гэж зорьж байгаа. Холбогдох хууль, хөтөлбөрүүдийг баталчихсан хэрэгжүүлээд, ажил хэрэг болгоод явж байна. Үүний нэг нь “Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр.
2025 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид 9 дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд “Эрэгтэйчүүдийн кабинет” буюу эрэгтэйчүүдийн тасаг байгуулна. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмж, хүний нөөц бүхий кабинетыг байгуулах юм. Зорилтот бүлэгтээ тусгайлан үйлчлэх ийм кабинеттай болсноор эрэгтэйчүүд маань эмнэлгээр үйлчлүүлэх, эрүүл мэндийн болоод сэтгэл санааны асуудлаараа эмч, сэтгэл зүйчид хандах цаашлаад халдварт болон халдварт бус өвчинд өртөх байдлыг бууруулах, дундаж наслалтыг уртасгах зорилт биелнэ гэж харж байгаа.
Улсын хэмжээнд энэ ажил түрүүчээсээ хэрэгжээд явж байгаа үр дүнтэй жишээ байна шүү дээ. Орхон аймгийн Эрүүл мэндийн нэгдэл “Эрэгтэйчүүдийн кабинет”-тай болж, андралоги, урологийн дурангийн мэс засал хийж эхэлсэн. Энэ кабинетаар зөвхөн тухайн аймгийн гэлтгүй ойролцоох аймаг, орон нутгийн эрэгтэйчүүд эмчлүүлдэг болсон байна. Хувь хүмүүс эрүүл мэндийн асуудлаа цаг алдалгүй ингэж шийдвэрлүүлж байгаагаас гадна гуравдугаар шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулахад үр дүнгээ өгч байгаа юм.
Тэгэхээр улсын хүн амын дийлэнх төвлөрч байгаа нийслэлийн бүх дүүрэгт эрэгтэйчүүдийн тасаг байгуулах нь зүйтэй гэж “Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрт тусгасан.
Судалгаанаас харахад эрэгтэйчүүдийн өвчлөлийн бус нас баралтын шалтгааныг амиа хорлолт тэргүүлдэг юм билээ. Эмэгтэйчүүдээс 5.2 дахин их гэсэн тооцоо байдаг юм байна. Энэ юуг хэлээд байнаа гэхээр эрчүүдэд зориулсан сэтгэл зүйн үйлчилгээ дутагдаад байна л гэсэн үг болж байгаа юм. Тэгэхээр цаашид дүүргүүдийн бүх хороонд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулна гэж зорьж байгаа. Дэд хөтөлбөрт тусгасан ажлын маань нэг энэ.
Түрүүнд дурдсан архидалтын асуудал байна. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь хортойг хангалттай сурталчилдаг, нийтээрээ мэддэг. Гэсэн ч архидалтаас болж, согтуурлаас болж хүн амиа алдах, хүчирхийлэл үйлдэх, гэр бүл салах, хүүхдүүд өнчрөх гэхчлэн асуудлууд байсаар байгаа. Жендэрийн салбар хорооны хувьд архинаас гарсан эрэгтэйчүүдийн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэж ажиллана.
Мөн архины хамааралтай, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 250 өрхийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр тусгай сургалт зохион байгуулж, ажлын байранд холбож өгнө. Мэдээж түүний тулд тухайн хүн хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой байх ёстой, ажил хийж амьдралаа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх ёстой. Тиймээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, мэргэжлийн байгууллагаар хувь хүний чадварыг тодорхойлуулах, хүнсний ногоо тариалах зэрэгт бүлгээр зохион байгуулах зэрэг ажлыг эхлээд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.
-Гэр бүлийн түвшинд ч жендэрийн асуудал яригддаг. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар.
- Халуун ам бүлээрээ “элэг бүтэн” амьдрахад өрхийн тэргүүний шийдвэр, эрэгтэйчүүдийн идэвх, оролцоо үргэлж чухал байсаар ирсэн. Гэр бүлийн аз жаргал эрэгтэйчүүдээс ихээхэн хамаардаг гэдгийг харуулах тоо баримт их бий. Нийслэлд өрх толгойлсон ганц бие ээж, аавууд олон байна. Тэдний 15.5 хувь нь аавууд байна. Шүүхээр шийдвэрлэгдэж буй гэр бүлийн хэргийн нэлээд хувийг гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргаан эзэлдэг. Энэ талаар бидний хийсэн судалгаанд оролцсон нэг өмгөөлөгч “...Миний ажиллаж байсан гэр бүлийн эрх зүйн маргааны ихэнх хувь нь гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох байсан.
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргагчид 100 хувь эмэгтэйчүүд. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцлуулах 50 орчим хэрэг дээр ажилласны зөвхөн нэг нь эрэгтэй, бусад нь эмэгтэй байсан” гэж ярьж байсан. Элэг бүтэн амьдралд ээжээс гадна аав ч гол үүрэгтэй шүү дээ. Бүтэн гэр бүлд өссөн хүүхэд өсөж том болоод аз жаргалтай, амжилттай амьдрах, гэр бүлийнхээ үнэ цэнийг хадгалах тал дээр илүү байдгийг харуулсан олон судалгаа бий. Гэр бүлийн аз жаргал гэдэг бол нийгмийн хөгжлийн нэг гол үзүүлэлт. Тэгэхээр сайн гэр бүл, сайн эцэг, эхийг төлөвшүүлэх нь нийгмийн хөгжлийн нэг тулгуур асуудал шүү дээ.
Сүүлийн 3 жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдаж, гэмтэж бэртсэн иргэдийн 86.6 хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Хүчирхийлэл үйлдэгчид эрэгтэйчүүд гэдгийг эдгээр тоо хэлээд өгч байна шүү дээ. Үүнийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал эргээд л жендэрийн мэдрэмжтэй бодлогын, шийдлийн асуудал болж байна.
Хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах тал дээр нийгэм нэлээн сэрсэн гэж боддог. Одоо харин эсрэгээрээ хүчирхийлэл үйлдэгчид, үйлдэхийг завдагсад руу чиглэсэн соён гэгээрүүлэх болон бусад үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй болсон. Нийслэлийн хэмжээнд архидан согтууралт нэмэгдэхэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгддэг талаар холбогдох байгууллагууд мэдээлж байсан. Мэдээж, гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн архидалтаас хамаарахгүй боловч гэр бүлийн хүчирхийллийн ихэнх тохиолдол согтуугаар үйлдэгдсэн байдаг. Иймд дэлхийн хөгжингүй улс орны баримталж буй архи, согтууруулах ундааны борлуулалтын төрөл, хэлбэрийг бууруулах замаар иргэд олон нийтийн хэрэглээг хязгаарлах шаардлагатай гэж дүгнэж байна.
Мөн боловсролоор дамжуулан жендэрийн буруу буюу хэвшмэл ойлголтыг таслан зогсоох, үүний тулд хүүхдүүдийн насны онцлогт тохирсон модуль боловсруулж, үе шаттай сургалт зохион байгуулах нь зүйтэй юм. Олон улсад жендэрийн талаар зөв ойлголтыг иргэд олон нийтэд өгөхийн тулд 10 жил ч зарцуулсан туршлага байдаг. Харин хүн ам багатай, төвлөрөл ихтэй манай улсын хувьд илүү богино хугацаанд, өргөн хүрээнд зөв ойлголтыг өгч чадна гэж бодож байна.
-Цаг үеийн байдалтай холбож үзэхэд “Соvid 19”-өөр өвчлөгсдийн дийлэнх эрэгтэйчүүд байгааг хэвлэлүүд онцолж байна. Манайд ч гэсэн анхаарахад илүүдэхгүй асуудал санагдаад байгаа.
-ДЭМБ-аас цар тахал гэж хүлээн зөвшөөрөөд байгаа “Cоvid 19” урд хөршид дэгдсэнээс хойш Антарктидээс бусад тивд хүрч, БНСУ, Итали, Иран зэрэг улсуудад голомтлон тархаад байгаа. Мэдээж улс орон бүр өөрийн нөхцөл байдалд тохирсон хариу арга хэмжээ авч байна. Өвчин тархахдаа хүний нас, хүйс, нийгмийн зэрэг зиндаа, ажил мэргэжил харгалзахгүй нь ойлгомжтой. Хэлж ирэхгүй, хийсэж ирдэг гэж Монголчууд бид ярьдаг.
Хүнээс хүнд халдаж байна. Хаана хүн их цуглаж, бөөгнөрнө тэнд илүү их эрсдэл бий гэж үзэж байгаа. Гэхдээ гараа угаах, амны хаалт хэрэглэх зэрэг эрүүл ахуйн хамгаалалт талдаа эмэгтэйчүүд илүү нарийн анхаарч хандаж байж болох юм. Мөн нөгөөтэйгүүр эрэгтэйчүүд илүү эрсдэл өндөртэй талбарт давамгай тоотой нь нөлөөлж болзошгүйг анхааруулж байгаа. Тухайлбал БНСУ-д байрладаг АНУ-ын цэргийн баазад халдвар гарч эхлэхэд энэ талаар яригдаж эхэлсэн. Хятадын хэд хэдэн мужийн хорих ангид энэ өвчний халдвар дэгдсэн.
Мөн Иранд нийтийг хамарсан шашны мөргөл нөлөөлсөн гэж үзэж байгаа. Исламын шашинт улсуудад зохион байгуулагддаг томоохон мөргөлийн арга хэмжээнд эрэгтэйчүүд нь оролцдог юм байна. Ийм бодит жишээнүүд байгаа учраас эрэгтэйчүүдэд илүү сэрэмжлүүлж мэдээлсэн байж болох юм. Ер нь онцгойгийнхон, цэрэг, цагдаа, тээвэр гээд өвчний голомтод хамгийн түрүүнд хүрч үйлчилдэг алба, бие бүрэлдэхүүний дийлэнх нь эрчүүд байна. Эмч нартай л зэрэгцэж эрсдэл үүрч байгаа шүү дээ. Ганц Монголд ч биш. Тэгэхээр нарийн тоо харахгүйгээр эрэгтэйчүүд л өвдөх магадлалтай гэж хэлэх боломжгүй л дээ.
-Өнөөдөр Монгол цэргийн өдөр буюу Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхт 99 жилийн ойн өдөр. Энэ өдрийг эх орныхоо энхийн манаанд зогссон цэрэг эрчүүд бүр бахархан тэмдэглэж ирсэн. Иймээс цэргийн алба хаагч төдийгүй нийт эрэгтэйчүүддээ хандан мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Эх орныхоо энхийн үйлсэд манлайлагч, өрх гэрийнхээ өмөг түшиг болсон нийт эрэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлье. Мөн олон улсын хэмжээнд онц ноцтой цар тахал гарч, хаа сайгүй хөл хориотой байгаа энэ өдрүүдэд анхаарал сэрэмжтэй байж, гэр бүлийнхээ болоод эх орныхоо амар амгалан байдлыг хамгаалж, хариуцлагатай байхыг уриалъя.