Мао Зэ Дуны байгуулсан нам эрс өөрчлөгджээ
2011.07.12

Мао Зэ Дуны байгуулсан нам эрс өөрчлөгджээ

Дэлхий дээрх хамгийн том улс төрийн байгууллага болох Хятадын Коммунист нам байгуулагдсаны 90 жилийн ой өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 1-нд тохиосон байна. Эдүгээ тус намын гишүүдийн тоо 80 саяас нэгэнт давжээ. Уг үйл явдалтай холбогдуулан Америкийн «Крисчен Сайэнс Монитор» /Christian Science Monitor/ өдөр тутмын сонинд нийтлэгдсэн өгүүллийг орчуулан толилуулж байна.


Долдугаар сарын эхээр эрх баригч Хятадын Коммунист намд жинхэнэ гишүүнээр элсэх гэж буй, эдийн засгийн мэргэжлээр дээд сургууль дүүргэсэн Ли Йинзы намд элсэх гэсэн өөрийн зорилгын талаар тун бүрхэг ойлголттой байна. «Ирээдүйн амьдралаа сайн сайхан байлгая гэвэл энэ нь тун дажгүй санаа. Төрийн албан хаагч болохоор шийдсэн тохиолдолд энэ нь надад тун дөхөм болно, учир нь намын гишүүн байх нь миний үнэнч шударга байдлыг шууд илтгэж буй хэрэг» гэж тэрбээр ярилаа.

Харин ийм хандлага нь намын ахмад гишүүн Ян Жишений сэтгэлийг тун ихээр гонсойлгож байна.1964 онд намд элссэн тэрбээр дурсан ярихдаа “би өөрийгөө нийгмийн шударга ёсны төлөөх үйлсэд зориулахыг эрмэлзсэн. Нам маань шударга ёс, эрх тэгш байдлын төлөө, зовж гачигдаж буй жирийн хүмүүсийн төлөө тэмцэж байсан юм” гэлээ. Долдугаар сарын 1-нд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Хятадын Коммунист нам эдүгээ эрс өөрчлөгджээ. Тус нам 1921 онд Шанхай хотноо анхдугаар их хурлаа хийж байсан, Мао Зэдун нарын Хятадын 13 хувьсгалчийн бүрэлдэхүүнтэй нууц бүлгийнхээс эрс ялгарч байна. “Намын маань нэр хэвээрээ, гэхдээ хуучин нам маань аль хэдийнээ үгүй болсон” гэж тус намд 33 жил гишүүн байсан Сидни Риттенберг гэдэг америк хүн ярьж байна. Тэрбээр 1946 онд Маогийн цэрэгт элсэж байжээ. “Урьд өмнө нь ирээдүйг тольдон харахдаа ёс зүйн хэм хэмжээг баримталдаг байсан бөгөөд энэ нь өдөр тутмын амьдралд хэрэгждэг зарчим байв. Одоо энэ бүхэн нэгэнт үгүй болжээ” гэж Сидни өгүүлэв.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга, улмаар улсын Ерөнхийлөгч болох ихээхэн ирээдүйтэй гэгддэг Си Зиньпин гурван жилийн өмнө хэлэхдээ “коммунист нам хувьсгалт хүчин биш болохыг” албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.

Тус нам эдүгээ коммунист үзэл суртлаас татгалзаж, уламжлалт ангийн тэмцлээс “нийцтэй нийгэм” байгуулахыг илүүд үзэх болсон бөгөөд ингэхдээ зөвхөн пролетарчууд бус харин нийт Хятадын ард түмний эрх ашгийг илэрхийлэхийг зорих болов.

Намын үндсэн зорилго нь «байдал яаж ч өөрчлөгдсөн засгийн эрхийг ямар ч хамаагүй үнэ цэнээр хадгалж байх явдал болсон» гэж дотоодын болон гадаадын шүүмжлэгчид үзэж байна. Коммунист нам улс орноо эдийн засгийн хувьд хөгжүүлэх тал дээр “үгүйсгэхийн аргагүй” их амжилт олсон болохыг ноён Риттенберг хүлээн зөвшөөрлөө. ”Гэхдээ удирдагчдын үндсэн зарчим нь бидний дараа галав юүлж байсан ч та нар Коммунист намын төр барих үнэмлэхүй эрхийг булаан авч чадахгүй гэсэн санаа юм” гэж тэрбээр ярьж байна. Дээр нэрийг нь дурдсан хатагтай Ли намд элсэхээсээ өмнө орлогч гишүүнээр 2 жилийг өнгөрүүлжээ. Тэрбээр өөрийн үзэл бодлыг зүгээр л карьеризм буюу албан тушаал дэвших гэсэн үгээр бус нэлээд идеалист маягаар илэрхийллээ. “Намд элсэх нь Хятадын нийгмийн хөдөлгөгч хүч болоход минь, бас нийгмийн хөгжлийг урагшлуулахад надад тусална” гэж тэрбээр ярьж байна. Эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө эрчтэй зүтгэж буй нь
Хятадын коммунист удирдагчид “нийцтэй нийгэм» байгуулахын төлөөх зорилтоо ёс төдий зарлан тунхаглахын зэрэгцээ эдийн засгийн эрчимтэй хөгжлийг хангахын төлөө эрчтэй зүтгэж байгаа нь намын ууган гишүүдийн хүсэн мөрөөдөж байснаас огт өөр зүйлийг авчирчээ. Өөрөөр хэлбэл, “Чадлынхаа хэрээр хийж хэрэгцээнийхээ хэрээр авна” гэсэн Карл Марксын нийгмийг үзэх үзэлд тулгуурласан зарчимд харшилж байна гэсэн үг юм.
Өнөөдөр Хятад улс нийгмийн баялгийг тэгш бусаар хуваарилахын үлгэр жишээг дэлхий нийтэд харуулж байна. Gini-гийн итгэлцүүр /коэффициент/ буюу нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтыг илэрхийлдэг үзүүлэлт нь тус улсын хувьд 0.47 байгаа нь нийгэмд мөргөлдөөн гарч болзошгүй тэр босго түвшнээс нэлээд давсан хэрэг юм.

Авлигын асуудал

Үнэнч шударга удирдагчидтай, нийгмийн тогтвортой байдлыг хангагч хүч хэмээн коммунист намыг үздэг байсан хүмүүсийн хувьд түгшүүр төрүүлэхүйц нэгэн асуудал бий болжээ. Энэ нь намд гишүүнээр элсэх нь авлига газар авсан өнөөгийн Хятад оронд баяжиж хөлжих цорын ганц гол арга зам болсон явдал юм.
“Албан тушаалтнуудын гол сонирхол нь өөрсдийн эрх мэдлийг хадгалан үлдэх явдал бөгөөд учир нь тэд үүнийгээ алдах юм бол санхүүгийн ашиг олж чадахаа болино” гэж “Яньхуан Чунчю” сэтгүүлийн ерөнхий редакторын орлогч ноён Ян ярьж байна. Хятадын Ерөнхийлөгч Ху Жиньтаогоос эхлээд намын бусад удирдагчдын зүгээс авлигад идэгдсэн түшмэдийн нүглийн талаар ярьж байгаа хэдий ч намын доторх хяналт шалгалт явуулж, шүүх хурлууд болж, зарим үед цаазаар авах ял оноож байгаа хэдий ч асуудлыг шийдэхэд төдийлөн дорвитой нөлөөлж чадахгүй байна гэж тэрбээр хэллээ.

“Намын бүтэц хэтэрхий ялзралд орж, ямар нэг зүйлд нөлөөлөх ёс суртахууны хүч чадал нэгэнт үгүй болжээ” гэж ноён Риттенберг цааш өгүүллээ. «Тухайн цаг үед авлига нь байж болшгүй зүйлд тооцогддог байсан, яагаад гэвэл, авлигаас ангид байх нь удирдагчдын манлайллын үндэс суурь болж байсан. Удирдагчид нь нэр цэвэр байгаа гэдгийг мэдэрсэн хүмүүс зовж зүдрэхээс шантардаггүй байсан. Гэтэл өнөөдөр засгийн эрхэнд байгаа хүмүүс эрх мэдлээ өөрсдийн тусын тулд ашигладаг» гэж тэрбээр ярилаа.

Хатагтай Лигийн хувьд энэ орчинд ороод төдийлөн хол явахгүй болов уу. Гэхдээ өөрийн үеийнхний нэгэн адил тэрбээр авлигыг жигшүүртэй муухай зүйл гэж үздэг бөгөөд энэ үзэгдэл нь намын нэр хүндэд аюул занал учруулж болзошгүй хэмээн болгоомжилж байна. «Үнэмлэхүй засаглал нь үнэмлэхүй авилгад хүргэдэг. Авлига манай намын нэр хүндэд хор хохирол учруулах вий гэж би санаа зовдог» гэж тэрбээр ярилаа.
“Гэхдээ ийм зүйл тохиолдохгүй, учир нь нам маань намайг осол эндэгдлээс хамгаалж чадна” гэж Ли үзэж байна

Харин Риттенбергийн хувьд энэ талаар Лигийн адил өөдрөг бодолтой биш байгаа боловч нам нь авлигыг ялж чадна гэдэгт итгэж байгаа ажээ.

Өөрчлөлт шинэчлэлд чиглэсэн зорилго мөн үү?

Нэг намын тогтолцооноос аажмаар гарах талаар ямар нэгэн тодорхой зүйл өдий хүртэл яригдах байгаа бөгөөд Коммунист нам уг сэдвээр нийгэмд хэлэлцүүлэг явуулахыг хүсэхгүй байгаа юм. Энэ оны эхээр Хойд Африкт “Мэлрэг цэцгийн хувьсгал” өрнөснөөс хойш Коммунист нам өөрийн засгийн эрх мэдлийг бусдаас ихэд харамлах болсон бөгөөд засгийн газрын зүгээс өөр үзэл бодол, шүүмжлэлийг нухчин дарах болов. Энэ нь дээрх хувьсгалтай төстэй эмх замбараагүй байдал гаргахгүйг хичээсэн хэрэг.

“Олон нийт, иргэний нийгмийн үзэл санааны хүч нь эцсийн эцэст намыг өөрчлөгдөхөд хүргэж, мөн өрсөлдөгчдөдөө орон зай олгоход хүргэнэ. Гэхдээ ийм үйл явдал ойрын хэдэн арван жилийн хугацаанд болохгүй болов уу” гэж дээр нэрийг нь дурдсан ноён Ян таамаглаж байна. Харин тэрбээр «нам эрх мэдлээсээ гэнэт бүү салаасай» гэсэн бодолтой байгаа ажээ. “Эрх баригч нам хэдэн арван жилийн турш засгийн эрхэнд байгаа учраас түүнд удирдах туршлага бий. Засаглалын хоосон орон зай бий болвол ирээдүйг урьдчилан тааварлах нь маш хүндрэлтэй болно. Нэг намын засаглалын нөхцөлд шинэчлэлийг явуулж, замбараагүй байдлаас зайлсхийхийн тулд аажмаар урагшлах хэрэгтэй” гэж ноён Ян үзэж байна.

Харин Риттенберг ингэж дүгнэж байна. “Хятадын Коммунист нам өмнө нь ямар байсан, цаашдаа ямар байхаас үл шалтгаалан, нэг л зүйлийг яагаад ч үгүйсгэх аргагүй юм. Яг одоо бол ямар нэгэн өөр сонголт байхгүй байна”.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.