Г.Дамдинням: Бид ажлын байрыг хадгалж үлдэх алхам хийх ёстой болоод байна
2021.01.15

Г.Дамдинням: Бид ажлын байрыг хадгалж үлдэх алхам хийх ёстой болоод байна

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.

Иргэн, аж ахуй нэгжийн банк болон ББСБ-аас авсан бизнесийн зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Ийм зохицуулалт бүхий тогтоолын төсөл өргөн барьсан гол шалтгаан нь юу байв?

Дэлхийн улс орнуудын парламент, Засгийн газрууд энэ цар тахлын эсрэг хоёр чиглэлд ажиллаж байна. Нэг хэсэг нь ажилгүй, ажилгүйдэлд өртөж байгаа иргэдээ халамжаар тэтгэж хамгаалах, нөгөө чиглэл нь бизнесийн салбараа хамгаалж, ажлын байраа авч үлдэх чиглэлд татаас өгөх, дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байна. Манай Засгийн газар иргэдээ дэмжих чиглэлд чамгүй сайн ажиллаж байгаа. Бизнесийг дэмжих, алын байрыг хамгаалж үлдэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа ч нэмэлт арга хэмжээ авахгүй бол болохгүй байдалд байна.

Аливаа улс орон бүх иргэдээ ажилтай, орлоготой байлгаж байж ядуурлаас сална гэсэн үндсэн зорилготой байдаг. Энэ зорилгын хүрээнд бид дээрх тогтоолын төслийг санаачлхаас өөр аргагүй юм. Учир нь цар тахал хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Нөхцөл байдал таамаглашгүй байдалд байна. Тиймээс бид ажлын байрыг хадгалахад онцгой анхаарах хэрэгтэй.

Бидний хувьд хоёр сонголтын өмнө ирчихээд байна. Нэгдүгээрт, ажил хийж байгаа хүмүүсээ ажилгүй болгоод ядуурлын эгнээ рүү шилжүүлж, тэр хүмүүстээ халамж өгч, халамжлуулагчдынхаа тоог нэмж, халамжид зориулах зардлаа нэмэх. Эсвэл бизнесийн салбараа дэмжээд ажлын байрыг нь хадгалж үлдээд, баялгаа бүтээгээд явах. Иймээс төрөөс хүссэн хүсээгүй зардал гаргахаас өөр аргагүй байдалд орно. Бидний хувьд ажлын байрыг хадгалж үлдье гэдэг санаачлгагыг л гаргаж байгаа юм. Тогтоолын төсөл өргөн барьж байгаа гол зорилго бол энэ.

Зургаан сарын турш иргэн, аж ахуй нэгжийн банк, ББСБ-т байх бизнесийн зээлийн хүүгийн 50-иас доошгүй хувийг төлнө гэж байна. Нийтдээ хичнээн тэрбум төгрөг шаардлагатай болох вэ?

Хамгийн ихдээ 350 тэрбум орчим төгрөгийн асуудал яригдаж байна. Өнөөдөр аж, ахуй нэгжүүдийн дийлэнх нь ямар ч ажил хийх боломжгүй хоёрсар хоригдчихоод байна. Эргэлтийн хөрөнгөгүй, цалингаа тавих, татвараа төлөх боломжгүй болчихсон. Банк санхүү, хүнсний үйлдвэрлэл, харилцаа холбоо, уул уурхайн зэрэг тодорхой салбарууд хэвийн бүр өсөлттэй ажиллаж байгаа ч бусад хэсэг нь асар хүндээр цохилтод өртөж байгаа. Удахгүй ажилчдаа цомхотгох, дампуурал зарлаад эхлэх эрсдэлтэй байна.

Тогтоолын төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг Сангийн яам бонд гаргаж Монголбанкинд арилжаалж бий болгох юм уу?

Тогтоолын төслийн нэгдүгээр заалт нь судлах, эрэмбэлэх, шийдэх хувилбар УИХ-д оруулж ирэх чиглэлийг ЗГ, Монгол банкинд өгөхөөр байгаа. Бид нарын санал болгож байгаа хувилбар энэ юм. Засгийн газраас санал ирэх байх. Бид Сангийн яам бонд гаргах хувилбар байж болох юм гэж л яриад байгаа. Дахин хэлэхэдсудлаад шийдвэрлэх аргачлалыг оруулж ирж УИХ-д танилцуулаад батлуулах ёстой субьект нь гүйцэтгэх засаглал, Монголбанк шүү дээ. Энэ хүмүүс ажиллах ёстой. Бид тийм боломж бий, үүнийг судалж үз л гэж байгаа юм.

Сангийн яам бонд гаргавал эргээд л татвар төлөгчдийнхөө халаас руу өнгийсөн хэрэг болох биш үү?

Ажлын байруудыг хадгалчихвал татварын орлого л нэмэгдэнэ. Татвар төлөгч бааз сууриа хамгаалж үлдэнэ. Арван аж ахуй нэгжээс тав нь дампуурчихаж, 100 хүнээс 20 нь ажилтай үлдчихлээ. Нийгмийн даатгал, орлогын албан татвар, бусад хураамж байхгүй гээд төсөөлөөд үзэх хэрэгтэй. Нөгөө талыг нь ч гэсэн адилхан харах ёстой юм.

Бонд гаргасантай холбоотойгоор эдийн засагт ямар нэгэн хүндрэл учрахгүй гэж ойлгож болох уу?

Ажлын байрыг хадгалж, үйлдвэрлэл, худалдаа, бизнесийн орчныг дэмжиж байж татвар төлөлтийн суурь баазаа хамгаалж үлдэнэ. Татвар төлөлтийн суурь баазаа хамгаалж үлдэхгүй бол ямар ч татвар орж ирэхгүй. Хамгийн гол нь эх үүсвэр, ундарга хэсгээ л хамгаалах гээд үзээд байна. Тэр талаас нь харах ёстой байх.

Яг ямар аж ахуй нэгж энэ хөнгөлөлтөд хамрагдах вэ. Хичнээн иргэн, аж ахуй нэгжийг хамруулна гэж тооцож байгаа вэ?

Тогтоолын төслийн хамгийн эхний заалт нь эрэмбэлэх тухай бий. Монгол банк, Засгийн газар аж ахуй нэгжүүдээ үнэлэх хэрэгтэй. Ерөнхийдөө өсөлттэй байгаа уул уурхай, санхүү, хүнсний үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүд, харилцааны холбооны салбаруудад энэ тогтоолын төсөл хамаагүй. Тэд цар тахал гарсан ч хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас зээлийн хүүг буулгах асуудал хамаарахгүй.

Гурван тэрбум төгрөгөөс доош, жилийн 12 хувиас дээш хүүтэй зээлтэй иргэн, аж ахуй нэгж, ажил олгогчдын асуудлыг авч үзье гэж ярьж байгаа.

12 хүртэлх хувь гэдэг бол сарын нэг хувийн хүү. Энэ утгаараа тэд ямар нэгэн хөнгөлөлттэй зээлд хамрагдчихсан хэсэг. Харин түүнээс дээш хувийн хүүтэй бизнесийн зээлтэй хүмүүст үнэхээр хүндрэлтэй байгаа. Үйл ажиллагаа явуулж чадахгүй, орлого байхгүй учраас тэдэнд ажилчдаа цомхотгож, зардлаа хэмнэх л зам бий. Хэдэн арван мянгаараа ажилгүй болоод эхэлбэл халамжийн зардал л өснө. Ийм ч учраас ажлын байрыг хадгалах нь нэн тэргүүний асуудал. Бид татвар төлдөг, баялаг бүтээдэг хүмүүсээ хүндлэх, хамгаалах, дэмжих ёстой. Тэр цаг үе нь мөн үү гэвэл мөн.

Үүний цаана 60 мянган бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийн асуудал яригдаж байгаа. Манай улсад байнгын болон байнгын бус 1.2 сая хүн ажил хийдэг юм билээ. Энэ утгаараа тус тогтоолын төсөл тэр бүх хүмүүст хамаатай.

Иргэн, аж ахуй нэгжүүд мэдээж талархууштай хандаж байгаа байх. Гэхдээ уг тогтоолын төсөлд банкуудын лобби орчихлоо гэж хардах, шүүмжлэх хүмүүсч байна л даа.

Шүүмжлэл байгааг ойлгож байна. Шүүмжлэл байх ёстой. Олон талаас нь харах учиртай. Ардчилсан тогтолцоотой улс орны нэг давуу тал нь энэ. Чухам онож шүүмжилж байгаа эсэхийг бид ажиглаж байна. Банкуудын лобби юм биш үү гэж байна. Уучлаарай, үүнд банк, санхүүгийн салбарынямар ч лобби байхгүй. Банк, санхүүгийн салбарын лоббигоор бус ажлын байрыг хадгалах зорилготой өргөн баригдаж буй тогтоолын төсөл.Хүссэн хүсээгүй аж ахуй нэгжүүдийн зээл бүгд муул зээлийн ангилалд орно, дампуурна. Дампуурлын эцсийн үр дүн ядуурал. Үүнээс бид сэргийлэх ёстой.

Мөн өөрсдийнхөө компаниудын зээлийг төлөх нь гэсэн шүүмжлэл байна лээ. Тийм зүйл байхгүй ээ. Миний хувьд гэхэд л өмнө нь хийж байсан бизнес, хувь хувьцаа эзэмшдэг бизнесүүдэд маань уг төсөл хамаарахгүй гэдгийг тодорхой хэлчихье. Дээр хэлсэнчлэн тогтоолын төсөлд хамаарах, хамаарахгүй салбаруудыг тодорхой тусгаж өгнө. Ганц нэг аж ахуй нэгжийг хамаатуулж яриад байгаа юм шиг байна лээ. Тэдгээр нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа салбартаа хамаарч байгаа учраас энэ зээлийн хүүгийн хөнгөлөлтөд хамаарахгүй. Санаа зоволтгүй.

Тогтоолын төсөл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

Ярилцаж байна. Бусад гишүүдээс бас ЗГ-с ажлын байрыг хадгалж үлдэх чиглэлд тодорхой саналууд яригдаад байгаа юм билээ. Тэдгээртэй нилүүлээд хэлэлцээд явах байх.

Дэлхий нийт цар тахалтайгаа дасаж амьдрах гэж хичээж байхад хатуу хөл хорио тогтоогоод байх нь буруу гэсэн байр суурь ихээхэн гарч байна. Бүгдийг нь төр зохицуулах гэж зүтгэлгүй иргэдээ энэ байдалд дасгаж, аж ахуй нэгжүүддээ ч ажиллах боломжийг олгох нь зөв биш үү?

Ийм онцгой нөхцөлд дэлхий даяараа орж байна. Ийм нөхцөлд онцгой, стандарт бус шийдвэр, хууль, дэглэм гарч мөрдөгдөж явдаг. Төр засаг заавал оролцож авч, гарахаас өөр аргагүй, үүрэг нь тэр юм. Үүрэгээ биелүүлхээс өөр аргагүй. Дэлхийн хөгжингүй улс орнуудыг харахад цар тахал хэтэрхий их дэгдээд ирэхээр нь хумьж хяналтдаа авчихаад хэсэг хугацаанд бизнесүүдээ явуулж байгаад, буцаад халдвар ихсээд эхлэхэд нь хумих байдлаар явж байна. Үүнээс өөр ямар ч аргачлал алга. Тахлын нөхцөл байдлыг хоёрхон зүйлээр хянаж байна. Нэгдүгээрт, хөл хорио халдвар тархах магадлалыг 90 орчим хувиар бууруулж байна. Хоёрдугаарт, вакцинжуулах асуудал.

Вакцин авах хөрөнгө мөнгөө төсөвтөө тусгаагүй, бэлэн биш байгаа нь ямар учиртай юм бэ?

Вакцин авах хөрөнгийг төсөвт тусгасан гэж Сангийн сайд хэлсэн. Засгийн газар вакцины асуудалд үнэхээр идэвх санаачлагатай ажиллаж байгаа юм билээ. Энэ долоо хоногт л гэхэд ЭМЯ хэдэн төрлийн вакциныг бүртгэчих нь лээ. Чамгүй сайн бэлтгэчихсэн төлөвлөгөө байгаа юм байна гэж ойлгосон. Эцсийн байдлаар баталгаажаад гартал нарийн ярих нь зохимжгүй байх.

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал боллоо. Бага хурлаар юу яригдав?

Монголын Улстөрийн анхны том институци бүрдсэн 100 жилийн ой болж байна. Монгол Улсын хөгжил дэвшил, шинэ үе рүү шилжсэн ээдрээтэй, уналт, босолттой үеүүдэд өнгөрсөн зууны турш оролцсон улс төрийн хүчний 100 жилийн ой гэдэг томоохон тэмдэглэлт үйл явдал мөн. Бага хурлаар ойг тэмдэглэж өнгөрүүлэх тухай асуудлыг ярьсан. Мөн цаашдаа улс орноо хэрхэн авч явах ёстой юм, МАН зүүн төвийн үзэл баримтлалтай улстөрийн намын хувьд ямар чиглэл, алсын харааг харах ёстой тухай ярилаа.

Ирэх гуравдугаар сард болох намын Их хурлаараа МАН дүрэмдээ өөрчлөлт оруулна гэж байна. Ямар өөрчлөлтүүд хийгдэх вэ?

Одоогоор тодорхой болсон зүйл алга.

Ерөнхийлөгчийн сонгууль ойртчихлоо. МАН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн нэр эхнээсээ тодорхой болж байна. Энэ талаарх нам доторх уур амьсгал ямар байгаа бол?

Дүрэм, журмаараа л шийдэгдэнэ дээ. МАН сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагджээ. Энэ 12 жилийн хугацаанд сонгогдсон Ерөнхийлөгчийн институциуд шүүх засаглалыг атгаж байсан. Энэ хугацаанд нийт шүүгчдийн 75 хувь, Дээд шүүхийн 90 гаруй хувь нь томилогдсон байна. Бүр шүүх, прокурорын өндөр албан тушаалд хүмүүсийг томилхоосоо өмнө өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь он, сар өдөргүй бичүүлж авдаг гэсэн яриа ч энүүгээр хөвөрч байна шүү дээ. Хэрэв энэ үнэн бол энэ шудрага ёс юм уу. Үгүй.

МАН яагаад 2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан бэ гэвэл шудрага ёс тогтооно гэсэн уриа, зорилгыг маань ард түмэн дэмжсэн учраас тэр. Хүмүүс шудрага бус явдалд туйлдчихсан, ядарчихсан байсан. Тийм ч учраас биднийг сонгосон. Шударга, шударга бус гэдгийг шүүх засаглал л шийддэг. Тиймдээ ч шүүх засаглалын гажуудлыг мухарлах ёстой. Хувь гишүүний хувьд ийм байр суурьтай байгаа. Бусад гишүүд ч ийм байр суурьтай байгаа байх.

О.Ариунцэцэг