2021.01.19
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 06-р сарын 09 байхаар тусгажээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) цахим хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 06 дугаар сарын 09-н байхаар тусгажээ.
Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар тус тус дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.