Аминд халтaй АЛБА
2012.09.15

Аминд халтaй АЛБА

Мао Цэдун, Төв Африкийн эзэн хаан, хүний махан хүнстэн Жан Бедель Бокасса болон Сталин нарын гэргий хийгээд нууц амрагууд хоорондоо юугаараа ижил вэ? Хүүхэмсэг Муссолини, даяанч Ленин, эхнэртээ толгойгоо мэдүүлсэн Чаушеску, Ева Брауныг нүүрээ будах, тамхиа татах, тэр ч бүү хэл өрөөнөөсөө гарахыг нь ч хориглодог байсан Гитлер нар амьдралын ханьдаа хандахдаа адил төстэй юм байсан уу? Энэ мэт хачин асуултууд ч хүмүүсийн сонирхлыг татаж л байдаг аж.


Францын түүхч Диана Дюкрэ "Дарангуйлагчдын Хүүхнүүд” хэмээх номондоо энэ талаар тун сайн бичжээ. Түүнээс үзвэл дарангуйлагчдад адил тал ч, өөр юм ч байсан аж. Дарангуйлагчид өөрт нь захирагддаг хүмүүст ханддаг шигээ ойр дотныхоо бүсгүйчүүдэд догшин хэрцгий ханддаг байжээ. Тэгээд ч тэр биз тэр хүүхнүүд сэтгэл санаагаар унаж, сэтгэцийн өвчтэй болж, зарим нь амиа ч хорлосон аж.

Гитлертэй учир ургуулж явсан, түүнтэй Мюнхендхамт амьдарч байсан Ангелика Раубаль, Сталины гэргий Надежда Аллилуева нар өөрийгөө буудсан юм .Зарим эмэгтэйн зовлон шаналал нь тэдний нөхрийн журамт бус байдлаас нь үүдэлтэй байв. Бокасса л гэхэд 12 хүүхэнтэй, Муссолини хууль ёсны хоёр эхнэрээсээ гадна тоо томшгүй нууц амрагтай байсан аж. Дөрөв дэх удаагаа гэрлээд байсан Мао Цэдунд нарийн бичгийн дарга нь залуухан бүжигчин, жужигчин хүүхнүүд тогтмол авчирч өгдөг байсан гэдэг.

Маогийн сүүлчийн гэргий Цян Цин жужигчин байсан бөгөөд бас л нөхрөөсөө далдуур "амиа борлуулаад" байдаг байсан юм гэнэ лээ. Эмэгтэйчүүдэд өөр ч зовлон байжээ. Эрх мэдэлдээ дулдуйдаж, цорын ганц үзэл суртал, нам, цэргийн дэглэмдээ хязгааргүй үнэнч байхаас өөр бодолгүй болсон дарангуйлагчид үнэн сэтгэлээсээ дурласан бүсгүйчүүддээ ч хүний ёсоор ханддаггүй байв. Удирдагчдын rэргий болон тэдэнтэй нууцаар учирдаг байсан хөөрхий бүсгүй амьтад хайр хүндэтгэл, халуун дулаан хандлага, анхаарал халамж үгүйлж, байнгын хардлага, сэрдлэг, зөвхөн хэрэглэгчийн байрнаас илт хандах зэргээс нь болж ихэд тарчилдаг байжээ.


Диана Дюкрэгийн бичсэнээс үзвэл Ленин хэсэг хугацаанд Крупская, Инесса Арманд хоёрын дунд тэлээ хурга шиг дажгүй амьдарч байсан аж. Нэг нь түүний нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж, бичиг цаасыг нь янзална, нөгөө нь Лениний бүтээлийг франц хэл рүү хөрвүүлнэ. 1912 онд Ленин өөрт нь маш чухал ч их аюултай даалгавар өгч Инессаг Орос руу нууцаар явуулжээ. Инессаг баривчлав. Дэлхийн пролетари нарын жолоодогч тэр бүсгүйд ухаангүй хайртай байсан хэрнээ л ийм алхам хийсэн байгаа юм. Сүүлийн жилүүдэд хэвлэлээр дамжин олны хүртээл болсон Ленинээс Инессад бичсэн захидал энэ тухай өгүүлнэ. "Чамайгаа мянга, түмэн удаа үнсэхсэн" гэж Ленин бичиж байжээ. Хариуд нь Инесса " Үнсэлцэхгүй байж болоод л байна. Харин чиний барааг харахгүй байх ямар хэцүү юм бэ. Өөдөөс чинь хараад үг сольж суух мөн ч сайхан шүү" гэж бичиж байжээ.

Инесса 1917 онд Ленин, Крупская хоёртой нэг өрөөнд сууж тусгай галт тэргээр Орост ирсэн байна. Лениний хууль ёсны гэргий нь эцсээ хүртэл тэсээд нэг л өдөр "тэсэрч", бид хоёрын хэнийг нь сонгохоо шийд хэмээн нөхөртөө тулгажээ. Ингээд хайр сэтгэлийн гурвалжин бут үсрэв. Инессад их хэцүү байлаа. Жинхэнэ хүнд цохилт болов. "Хайрт минь, чи бид хоёр уулзаж учрахаа болих нь. Надад ямар хэцүү байгаа гээч". Тэрбээр Ильичид ийн бичнэ. Түүнийг эмчлүүлэхээр Кавказ тийш явуулав. Тэнд очоод юуны нь амрах, биеэ сувилуулах вэ Инесса булчин задрах тахал өвчин тусч өөд боллоо. Ленин тун их гашуудав.
Түүнд их хүнд байлаа. Одоо тэгвэл Инессагийн шарилыг Кремлийн хананд оршуулах нь л түүний хийж чадах ганц юм нь байв.

Диана Дюкрэгийн номын өөр нэг баатар Ева Браун ч хайр сэтгэлдээ үнэнч байсныхаа төлөө амиа алдсан юм. Түүний нэр "Гуравдугаар Рейх" бут ниргэгдэх хүртэл үнэн хэрэг дээрээ нууц байжээ. Германы ард түмний алдар хүндийг өргөхийн тулд бүхнээ золиослосон "үндэстний эцэг" хүн гэргийтэй байгаагаа мэдэгдэх нь нэр хүндэд муу гэж Гитлер болгоомжилж байсан аж байсан хүн шүү дээ. Оберзальцберг дэх фюрерийн өргөөнд Ева Браун аж төрж байлаа. Гэртээ ганцаар үлдчихээд уйлж байх нь цөөнгүй. Тэгэхдээ Гитлерийг дахин буцаж ирснээс хойш сэтгэл санаа нь их өөдрөг байх болсон байна. Гитлер түүнийг шоколадтай чихэр, шинэ ногоогоор дайлна. Тэд шөнө дундаас нааш унтахгүй. Харин тэр хоёр тусдаа өрөөнд унтдаг байв. Өвөр түрийдээ орох хүртлээ дотносоогүй байсан уу эсвэл тэр нь ховор байсан ч байж мэдэх.

Нацистын суртал нэвтрүүлэг өргөн мандуулж байсантай дүйх юм Ева Браунд байгаагүй гэж Диана Дюкрэ онцолдог. Цэнхэр нүдтэй, шаргал үстэй Ева бие хаа сайхантай бүсгүй байсан болоод тэр үү гоёж гангалах, өндөр үнэтэй сүрчиг хэрэглэх дуртай байжээ. Тамхи татна. Тэгэхдээ Гитлер тамхины утааг жигших тул ихэд нууцалдаг байсан гэдэг. Үнэ ихтэй гутал хувцсыг Франц, Италид захиалж хийлгэдэг хэмээн албаныхны хүрээнд тухайн үедээ шүүмжлэн хэлэлцдэг л байж. Ева Браун улс төрийг ер сонирхдоггүй байжээ. Гитлерийн тун ойрын хүрээллийн цөөн хүн орой үдэш цэрэг дайны үйл ажиллагаа, танкийн нэгтгэл, нөөц гэх мэтээр яриад байхаар нь залхахдаа "Өнөөдрийн хувьд дайн хүсээд байхааргүй байна" хэмээн ярдаглан хэлэхээс ч буцахгүй. Энэ үед Гитлер сайхан зантай байвал кино үзэхийг санал болгоно. Дайн дуусах дөхчихсөн байх үед Ева нэгэнтээ үйлчлэгч, тогоочдын тоо цөөн байна, дахин арав орчим хүн нэмбэл яасан юм бэ гэж хэлжээ. Үнэндээ Бургхоф хэмээх энэ өргөөнд 30 орчим хүн үйлчилдэг байв. Гэтэл Борман өргөн цар хүрээтэй дайн хийж буй нөхцөлд эмэгтэйчүүд бүгд эмнэлэгт юм уу, зэвсгийн үйлдвэр зэрэгт дайчлагдан ажиллаж буй гэдгээр шалтаг хийж Евагийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.

Гэтэл Гитлер багтартлаа уурлаж "Хүсвэл би хаанаас ч хэд хэдэн дивиз байгуулчихаж чадна. Гэтэл үйлчилгээний хэдхэн ажилтан өгчихөд хэцүү байна гэж хэлнэ гэнэ ээ" хэмээн Борман руу орилжээ. Ева Браун үнэндээ бол ханиасаа жийрхдэг байсан юм. Гитлер түүнийг бусдын дэргэд ч даажигнаж мэдэх хүн байлаа. Альпийн нуруунд байх энэ "Бергхоф"-т гадаад орнуудын Ерөнхийлөгч, сайд нар, дипломат ажилтнууд, цэргийн өндөр албан тушаалтан зэрэг албан ёсны зочдыг хүлээн авч, уулзаж байх үед Еваг өрөөнөөсөө толгойгоо ч цухуйлгахыг хориглодог байсан аж. Бараг 15 шахам жил энэ эмэгтэй цуст дарангуйлагчийн сүүдэрт байхдаа түүнтэй тогтоосон харилцаагаа хууль ёсны болгохыг хүсдэг байв. Харамсалтай нь Гитлер, тэр хоёрын амьдрал, "түмэн наст рейх"-ийн оршин тогтнох хугацаа нэгэнт дуусах нь тодорхой болсон тэр үед энэ хүслээ гүйцэлдүүлснийг бид мэднэ. Ева Браун гэдэг эмэгтэй Ева Гитлер болсноос хойш 40 цагийн дараа фюрер тэр хоёр амиа егүүтгэсэн билээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.