УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нээлттэй асуулт хүргүүлжээ
2021.04.19

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нээлттэй асуулт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа коронавирусийн цар тахлын тархалт, нас баралттай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьж, санал хүргүүлжээ.

Тодруулбал тэрбээр "Дотооддоо өвчин алдаагүй нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангалттай хийх цаг хугацаа, хөрөнгө мөнгөтэй байсныг бид бүгд мэднэ. Гэтэл уушги орлуулах аппарат саяхныг хүртэл нэгширхэгтэй, вакцины захиалга, гэрээжилт нь тодорхойгүй, эмнэлгүүдийн бэлэн байдал хүчин чадлыг хангалттай нэмэлгүй яг цар тахалтай нүүр тулах үед өдөр бүр иргэдээ энэ өвчинд алдаж эхэлж буй нь ойлгоход бэрх юм. Нэг иргэний амь ч цөөхөн Монголчуудын хувьд юу юунаас илүү үнэтэй. Харин өнөөдөр цөөнхийн төлөөллийн хувьд иргэдээс ирж буй олон санал, гомдол, асуултыг Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаас асууя " гэжээ. 

АСУУЛТ
  1. Вакцинжуулалт эхэлснээс хойш хэдэн иргэнд анхны болоод хоёр дахь тунг хийсэн бэ? Нэг дэх тунг хийлгэсэн иргэдэд үлдээсэн хоёр дахь тунгийн тоог хэлнэ үү?
  2. Хятад улсад үйлдвэрлэсэн вакцины хоёр дахь тунг 21 хоногт хийлгэсэн тухай мэдээллүүд түгээмэл байна. Гэтэл иргэдэд 56 хоногийн дотор хийлгэх тухай зөвлөмж өгч буй нь хэр шинжлэх ухааны үндэстэй бэ? Энэ талаар ард иргэдийн эргэлзээ тайлахуйц хангалттай мэдээлэл өгнө үү?
  3. Вакциныг сонголттой хийх боломжийг ч та бүхэн үгүйсгэсээр ирсэн. Жишээ нь файзер вакциныг хорт хавдартай, эрхтэн солиулсан хүмүүст хийнэ гэж байсан ч дарга нар дээгүүрээ хийлгээд дууссан гэсэн эсвэл яг хэрэгцээт хүн асуухад байхгүй гэсэн хариу сонсож байна гэсэн гомдол ирсэн. Хорт хавдартай, эрхтэн солиулсан иргэдийн хэдэн хувь нь энэ вакциныг хийлгээд байна бэ? Хоёр дахь тун нь байгаа юу?
  4. Зарим байгууллага вакцинжуулалт хүчээр хамруулах, вакцин хийлгээгүй бол ажлаас халах, жирэмсэн болон жирэмслэх төлөвлөгөөтэй хүмүүст дарамт учруулах гомдлууд ирж байна. Эдгээр иргэдэд тохирсон вакцин хийлгэх боломжийг яагаад эрэлхийлээгүй байна бэ?
  5. Хэд хоногийн өмнө вакцинжуулалтаар тэргүүлж буй тоонууд ярьж байсан бол өнөөдөр өвчлөл болоод үхлээрээ тэргүүлэх болж байна. Төрийн гарыг харалгүй хувийн хэвшил вакцин оруулж ирэх, ажилтнуудаа вакцинжуулах боломжийг нээж өгсөнгүй. Цаашдаа ч вакцинжуулалт байнгын шинжтэй болж мэдэх тул зөвхөн төр гэлтгүй хувийн хэвшлээ энэ ажилд оролцох боломжийг нээж өгөх нь эрүүл мэндэд ч эдийн засагт ч нэмэртэй шийдвэр болно. Үүнийг яагаад хэрэгжүүлэхгүй байна бэ?
  6. Нойр хоолгүй зүтгэж буй эмч эмнэлгийн ажилтнууд, онцгой, цагдаа цэргийн ажилтнууд өвчилж, амь насаа алдах харамсалтай тохиолдол ч гарлаа. Хамгийн түрүүнд вакцинд орох ёстой эдгээр хүмүүст маань вакцин хийсэн үү? Хоёр дугаар тунг хийлгэж амжсан уу?
  7. 4 сарын 9-нд Хятадаас вакцин ирнэ гэсэн нь яагаад саатав? Биднээс шалтгаалсан бол буруутай этгээдэд хариуцлага тооцох тухай ярих ёстой.
  8. Хорих ангиудад корона вирус тархсан тухай мэдээллүүд гарлаа. Урт богино янз бүрийн хугацаатай хоригдож байгаа тул амь нас нь үрэгдвэл хэн хариуцах бэ гэсэн иргэний асуудлыг танд уламжилъя. Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн хувьд маш том эрсдэл үүсгэж буйг НҮБ, Хүний эрхийн байгууллагууд сануулж буйг танд мөн сануулъя.
  9. Нүүрс тээврийн 2000 гаруй жолооч хоёр дахь тунгаа хүлээгээд машиндаа олон хонож байна гэсэн мэдээ гарч байна. Хүн талаасаа эдийн засаг талаасаа өдөр тутам, цаг тутам хохирч буй энэ мэт тохиолдлууд хэдий хүртэл үргэлжлэх бэ?
САНАЛ
  1. 2021 оны төсөв батлах үед вакцины мөнгөө төсөвт суулгаачээ гэсэн хүсэлт шаардлагыг олон удаа тавьсан. Цар тахлыг хяналтаасаа алдсан нь тодорхой болсон тул музей, спортын ордон, залуучуудад зориулсан сургалтын оронд үнэтэй ч хамаагүй сайн вакциныг яаралтай авч иргэдийн эрүүл мэнд хамгаалахад зарцуулна уу.
  2. УОК-н бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссыг оруулахаа больсон байна. Хүний эрүүл мэнд, хүний амь нас, эрх чөлөөг хамгаалах энэ ажилд ХЭҮК-ыг оруулахгүй болсон нь том ухралт. Ийм учраас яаралтай бүрэлдэхүүнд нь оруулна уу.
  3. Өнөөг хүртэл хэрэгжүүлж буй менежмент алдаанд хүргэж буй тул бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах замаар УОК-ын ажлыг эрс сайжруулна уу.