ЭЗБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайланг сонсов
2021.05.18

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайланг сонсов

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаан 17 гишүүний ирцтэйгээр цахим хэлбэрээр хуралдлаа. 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бүрэн тусгажээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар заасны дагуу Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “нэмэгдүүлсэн хүү” гэснийг хасах асуудлыг хэлэлцсэн бөгөөд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, хариулт авав. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.