Ерөнхийлөгчийн сонгуулийн үед цар тахлын халдвараас сэргийлэхтэй холбоотой түр журмыг баталлаа
2021.05.19

Ерөнхийлөгчийн сонгуулийн үед цар тахлын халдвараас сэргийлэхтэй холбоотой түр журмыг баталлаа

Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталлаа.

Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна. Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

- Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх

- Ил тод, хариуцлагатай байх

- Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх

- Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах

- Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлана.

Мөн хуралдаанаар сонгуулийн үед сонгогчдоос гадна хэсгийн хороодын 37 мянга гаруй ажилтныг амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, гар ариутгагч, байр ариутгах бодисоор хангах, Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах 6,300 орчим хүний хоолны зардал болон бараа, материалыг 21 аймагт хүргэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.