Ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцлээ
2021.05.19

Ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.19) хуралдаан боллоо. Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Ганболд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл байгуулагдаад удаагүй, гүйцэтгэх захирал нь саяхан томилогдсон байна. Иймээс энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй. Ер нь нэг байгууллагын дотоод үйл ажиллагаанд Байнгын хороо хөндлөнгөөс оролцоод байх шаардлагагүй юм. Хэрэв ажлын хэсэг зайлшгүй байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийдэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжсэнгүй.