2021.04.30
УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр бүртгүүллээ
УИХ-ын гишүүн Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн, АН-ын дотоод сонгуулийн хороонд бүртгүүллээ.
Тэрбээр энэ үеэр "Нэг намын болон нэг хүний дарангуйлалд орчих гээд байгаа ийм үед АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа хүн нэлээд сэтгэл санаа зовж, өөрийн байр суурьтаа байж чадна гэж дүгнэж байгаа. Манай намаас нэр дэвшиж буй хэн нь ч Ерөнхийлөгчийн ажлыг хийж чадна.
Ардчилсан Нам хоёр хуваагдаад байгаа зүйл байхгүй. Намын дүрмийн маргаан, үйл ойлголцол бий ч шийдэгдчихнэ.
Улсын дээд шүүх хэд хоногийн өмнө энэ асуудлыг намын дотоод асуудал гэсэн шийдвэр гаргасан. Дотоод асуудлаа нам дотроо шийдчихэж болох байх гэж бодож байна" хэмээн ярилаа.
Өнөөдрийн байдлаар О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас:
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
- УИХ-ын гишүүн Д.Ганбат
- УИХ-ын гишүүн С.Ганбаатар
- Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин
М.Тулгат тэргүүтэй АН-аас:
- Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
- УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
- УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ
- Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай
- УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын хүмүүс АН-ын дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлээд байна.
Нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.