Эдийн засгийг төрөлжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, стратегийн хөрөнгө оруулалтыг хийхэд Үндэсний баялгийн сан чухал үүрэг гүйцэтгэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр (2021.05.26) “Баялагтаа эзэн Монгол” Үндэсний баялгийн сангийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, П.Анужин, Т.Доржханд, Б.Баттөмөр болон Монгол Улсын Ерөнхий сайдын 21 дүгээр захирамжаар байгуулагдсан Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, эдийн засагчид, судлаачид оролцлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар үйлийн 6.2-т “… Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ… Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.
Өнгөрөгч 2019 онд Үндсэн хуульд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэх үүднээс Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа юм.
Эдийн засгийг төрөлжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, стратегийн хөрөнгө оруулалтыг хийж нийгэм-эдийн засгаа хөгжүүлэхэд Үндэсний баялгийн сан чухал үүрэг гүйцэтгэхийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцолсон. Одоогийн байдлаар дэлхийн 120 гаруй улс өөр өөрийн онцлогт нийцсэн баялгийн санг байгуулсан бөгөөд 2019 оны байдлаар баялгийн сангийн активын төрлөөс үл хамааран нийт 120 сангийн удирдлагад 11 их наяд ам.долларыг нэгтгэжээ.
Хэлэлцүүлэгт “Үндэсний баялгийн сангийн талаарх ерөнхий ойлголт, эрх зүйн орчин” сэдвээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, “Үндэсний баялгийн сангийн эдийн засгийн агуулга, орлого, зарцуулалт” сэдвээр Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, “Үндэсний баялгийн сангийн олон улсын туршлага, үндэсний баялгийн санг Монгол Улсад нутагшуулах тухай” сэдвээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирал Б.Сүндэрьяа нар танилцуулга хийв.
Олон улсад Тогтворжуулалтын сан, Хадгаламжийн сан, Валютын нөөцийн хөрөнгө оруулалтын сан, Хөгжлийн сан, Тэтгэврийн нөөцийн сан гэсэн 5 төрлийн ойлголт байдаг. Баялгийн сангийн нийтлэг зорилго нь төрийн эзэмшил болон макро эдийн засгийн бодлогыг дэмжих зориулалтаар байгуулагдах шинж чанартай. Харин санхүүжилтийн эх үүсвэр нь байгалийн болон байгалийн бус баялгаас бүрдэх онцлогтой байдгийг илтгэгчид танилцуулгадаа онцлов.
Манай улсын хувьд анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ шударгаар хүртээж, ахмадуудын тэтгэврийн зээлийг Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос тэглэж, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгосон. Гэвч байгалийн баялгийн өгөөжийг хэт хавтгайрсан халамж руу оруулах нь алсдаа сөрөг үр дагавартай. Иймээс баялгийн менежмент, баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг зөв хийх шаардлагатайг оролцогчид хөндлөө. Сангийн орлогыг улсын төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэгт авч үзэн, хуримтлал үүсгэж, экспортыг дэмжих хөрөнгө оруулалтад зарцуулах хэрэгтэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Манай улс 2009 онд Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталснаар анхны баялгийн санг байгуулсан гэж үздэг. Үүний дараа 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг хүчингүй болгосон. Ирээдүй өв сангийн зорилго нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгийн орлогоос төсөвт төвлөрүүлсэн орлогыг одоо болон ирээдүй хойч үеийнхэнд тэгш, хүртээмжтэй хуваарилах юм.
Гэвч манай улсын хувьд баялгийн санг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сан болгож, зөв менежменттэй болгох шаардлага байсаар байна. Олон улсад сангийн санхүүжилтийн хэд хэдэн хэлбэр байдаг. Тухайлбал, Ботсвана, Кувейт, Чили, Эмират зэрэг улсад төрийн мэдлийн ашигт малтмалын ордын экспортоос, ОХУ-д уул уурхайн экспортын татвараас, БНСУ-д санхүүгийн илүүдэл хөрөнгөөс, Франц, Ирланд, Шинэ Зеландад тэтгэврийн сангаас, БНХАУ, Сингапурт Төв банкны нөөцөөс, Австрали, Малайзад өмч хувьчлалын орлого зэргээс бүрдүүлдэг байна.
Олон улсын валютын сангаас энэ төрлийн сангийн үйл ажиллагаагаар дамжуулан бий болсон их хэмжээний валютын урсгалыг хянах, дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор баялгийн сантай өөрийн гишүүн орнуудыг нэгтгэсэн байна. 2008 онд баялгийн сан бүхий улс орнуудын төлөөлөл 24 зарчим бүхий Сантьягогийн конвенцыг баталсан. Уг зарчмуудыг хуулийн төсөлд тусгах хэрэгтэйг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирал Б.Сүндэрьяа хэллээ.
Засгийн газрын ажлын хэсгээс дотооддоо хөрөнгө оруулалт хийдэг тогтолцоог бүрдүүлж, санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн ажлын байрыг бий болгоход Хөгжлийн сангийн зарчим манайд хамгийн тохиромжтой талаар хэлсэн. Гэхдээ хуульд сангийн зорилгыг нарийн тодорхойлж, бусад хуулийн зохицуулалттай уялдуулах, нэр томьёоны нэгдсэн ойлголттой болох шаардлагатай. Мөн санг дэмжих бизнесийн үйл ажиллагааны загварыг бий болгох нь чухлыг оролцогчид санууллаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулж, ард иргэддээ байгалийн баялгийн өгөөжийг хүртээмжтэй хуваарилахаар тусгасан. Үүнийг Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж, бодит үр дүн болно. “Эрдэнэс силверс ресурс” ХХК Салхитын алт, мөнгөний ордын үр шимийг ард түмэнд хүртээж байгаа явдал бол Үндсэн хуулийн үзэл баримтлал амьдралд бодитой хэрэгжиж байгаагийн тод жишээ болж байна.
Энэхүү үйл явдал нь цаашдаа монголчууд баялагтаа эзэн болох, Үндэсний баялгийн сантай болж, монгол хүн бүр баян чинээлэг, хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн бодит жишээ боллоо. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая төгрөгөөс бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудад зөрүүг олгож байгаа сайхан жишиг бол Норвегийн сан шиг, дэлхийн байгалийн баялгийн үр өгөөжөө үр ашигтай, ард түмэндээ өгөөжтэй ашиглаж байгаа олон жишгүүдийн нэг болж, цаашдаа буухиалан үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Иймд Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх хэрэгтэй” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.