Монгол төрийн нэрийн өмнөөс хэлмэгдэгсдийн ар гэрийхнээс уучлалт эрэн, хүндэтгэл үзүүллээ
2021.05.28

Монгол төрийн нэрийн өмнөөс хэлмэгдэгсдийн ар гэрийхнээс уучлалт эрэн, хүндэтгэл үзүүллээ

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Сэмжидмаа, ИТХ-ын дэд дарга Г.Мөнхсайхан, Ажлын албаны дарга А.Даваажаргал нар өнөөдөр дүүргийн харьяат, улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхнийг хүлээн авч, Монгол төрийн нэрийн өмнөөс уучлалт эрэн, хүндэтгэл үзүүллээ. 

Баянгол дүүргийн хэмжээнд өөрийн биеэр хэлмэгдсэн 5 иргэн, тэдгээрийн үр хүүхэд, ач зээ нийт 166 иргэний бүртгэл судалгаа бий.

Дүүргийн ИТХ-аас 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл шүүхийн шийдвэрийг үндэслэн “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс”-т холбогдох материалийг уламжилж, 10 иргэний ар гэрт 1-40 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулсан юм.

Баянгол дүүргийн 5-р хорооны иргэн Будын Цэнд-Аюуш:

УЛСЫН ТҮҮХ МАРТАГДДАГГҮЙ, ТӨРИЙН САНАХ ОЙ ХОЛЧ ЮМ БАЙНА

-Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ өдөр төрийн нэрийн өмнөөс хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт хүсч, хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ сэдвийг сөхөх та бүхний гэр бүлд амаргүй байдаг байх. Гэхдээ хойч үедээ үнэнийг үлдээх үүднээс мэдээлэл хуваалцаж болох уу?

-Манайх Сэлэнгэ аймгийн харьяат айл өрх байжээ. 1938 онд аав минь хэлмэгдэж 10 жилийн ял сонсож шоронд орсон гэдэг. Тухайн үед аав 30 хүрээгүй настай идэр залуу эр баригдаж яваад, золоор амьд үлдсэн болохыг өөрийнх нь дурсамжаас хожим бид мэдсэн.

1970-аад оны дундуур аавыг маань улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг тогтоон, цагаатгаж билээ. Манайх эцэг эхээсээ долуулаа байсан. Аав минь 1981 он хүртэл бидэнтэйгээ хамт амьдарсан даа.

-Аав тань амьд сэрүүндээ цагаатгагдаж, нэр төрөө сэргээлгэжээ. Тэр үеийн баярыг эргэн санавал...

-Би аавыгаа тун баяртай байсныг санадаг. Аав минь түүнээс өмнө хэнд ч энэ талаар ярьдаггүй, хамаг юм нь хаалттай, болгоомжтой хүн байсан. Хэдийгээр хэлмэгдлийн он жилд нь бид төрөөгүй  байсан ч "Эсэргүүний хүүхдүүд" гэж үр хүүхдүүдээ адлагдах вий гэсэн болгоомжлол нь хаалт, хорио болж байсан байх. Аавыг  цагаатгаснаас хойш засаг төрөөс бидэнд их бага гэлтгүй дэмжлэг үзүүлж, үр хүүхэд бид өдий хүртэл тэр буяныг хүртэж байна даа.

Өнөөдөр манай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга тэргүүтэй удирдлагууд анх удаа хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, сэтгэл санаанд нь хадгалагдаж үлдсэн элдэв асуудал, бэрхшээлийг сонсож, бидэнд хүндэтгэл үзүүлэн, төрийн нэрийн өмнөөс уучлалт эрж байгаад маш их баярлаж байна.

-Таны аав тэртээ он жилүүдэд ямар хүнд хэцүүг туулсан бол?

-Тухайн үед “Ногоон малгайтнууд” гэх хүмүүс нутгийн бүх эрчүүдийг ЗИС машинд ачиж, эсэргүүцсэн нэгийг өшиглөж чирээд, өргөж шидээд авч явахдаа гэр оронд нь байсан өнгөтэй өөдтэй бүхнийг хамсан гэдэг. Ээж тэр тухай хэлэхдээ “Манайханд алт эрдэнэ байх биш, байсан хэдэн мөнгөн эдлэлийг хуу хамаад, миний ганц оёдлын машиныг ч булаах шахсан. Ногоон малгайтнуудтай нэгийгээ үзэж байж машинаа авч үлдсэн” гэдэгсэн. Харин аавыг хамт авч явсан хүмүүстэй нь Алтанбулагийн шоронд хүргэхэд цонх ч үгүй, агаар ч үгүй жижигхэн байшинд хүмүүс багширч байсан. Азаар байшингийн нэг булан жижиг цоорой нүхтэй, тэр зүгт мөлхөж очиж, тэр нүхээр амьсгал сэлгэдэг байсан гэж дурсдаг байв.

Аавыг маань амьд үлдэхэд орос хэл мэддэг нь их тус болсон гэдэг. Шоронгийн харгалзагчид нь бүгд оросууд учраас аав хэлмэрчилж азаар эхний ээлжинд буудуулчихаагүй юм билээ. Түүнээс биш манай удамд гурван хүн буудуулсан.

-Аав тань яг юунд буруутгагдаж хэлмэгдсэн юм бол?

-Бидний өвөг дээдэс Оросоос Монгол руу нүүдэллэж ирсэн Буриадууд. Миний аавыг “Цагаантны үзэл суртал нэвтрүүлэгч” гэж хэлмэгдүүлсэн. Харин “Зарим хүн юунд буруутгагдсанаа ч ойлгоогүй, яг л дайн болж байх шиг санагдсан” гэж аав маань хожмоо дурссан. Тухайн үед машины тэвшинд ачигдсан хүмүүсээс сугарч унахад “Энэ хүн хөдлөхгүй байна үхсэн бололтой” гэж ногоон малгайтнуудад ойлгуулаад нэгнээ аврахыг оролдож байсан гэдэг. Энэ хэлмэгдлээс болж аав 10 жилийн ял авч, 3 жил шоронд хоригдоод, нүднээс гарсан хүн гэртээ эргэж ирсэн юм билээ.

-Цагаатгах тогтоолыг танай гэр бүлийнхэн хэзээ хүлээж авсан бэ?

-1970-аад оны дундуур аавыг цагаатгасан. Эцгийнхээ нэр төрийг цагаатгагдахад манай гэр бүл маш их баярласан. Монголын төр иргэнээ цагаатгахыг үзсэн аав минь бас азтай. Тэр цагаас хойш л хэлмэгдүүлэлтийн талаар бидэнд нээлттэй ярьдаг болсон санагддаг. Түүнээс өмнө бүх зүйлд чимээгүй, хаалттай, нам гүм амьдарч байсан даа.

Аавыг өнгөрснөөс хойш анх удаа төр засгийнхаа шийдвэрээр 1 сая төгрөг гардаж авахад нулимс гарч байв. Аливаа улсын түүх мартагддаггүй юм байна. Төрийн санах ой холч юм байна. Энэ олон жилийн дараа ч нөхөн олговор нь үр хүүхэд бидэндээ ирж байна шүү дээ. Уг нь би эцэг эхээс долуулаа байлаа, өнөөдөр 70 гаруй настай, ах дүүсээсээ ганцаараа торойгоод үлджээ.

Энэ улсын түүхэнд нэгэн цагт аав минь хэлмэгдэж зовж явсан ч бид ийм сайхан эх орны эзэн болж, ажил хөдөлмөрт шамдан, амьдрал ахуй маань дүүрэн, хүний дайтай ажиллаж, хөдөлмөрлөж яваад, тэтгэврийн насандаа ирсэн байна аа.

Төрийн сүлд өршөө гэж залбиран, засаг төрдөө баярлаж явна. Энэ ташрамд эмэгтэй удирдлагыг дэмжин, төрийн үйл хэрэгт бүсгүй хүний торгон мэдрэмж, уран ухааныг тусган ажиллуулж буй Баянголчууддаа баярлаж талархаж буйгаа илэрхийлье. Өнөөдрийн ажлыг сайхан зохион байгуулсан ИТХ-ын ажлын албаныхандаа баярлалаа.