Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана
2021.07.01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл бараалхлаа.

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж, шинжлэх ухааны салбарын хөгжлийг тууштай дэмжин ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус академийн 100 жилийн ойг угтан Шинжлэх ухаан, инновацын анхны төв цогцолбор барих ажлыг санаачлан эхлүүлж, “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг санаачлан зохион байгуулах зэргээр шинжлэх ухааныг дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Академич Д.Рэгдэл үргэлжлүүлэн Шинжлэх ухаан, инновацын анхны төв цогцолборыг барих ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Цогцолборын цахилгаан холболтын дэд станцын барилгын ажил, газар шорооны ажил дууссан бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Монгол Улсын Шинжлэх ухааны академи нь олон улсын судалгаагаар гадаадад хэвлүүлсэн ном, бүтээлийнхээ тоогоор Азийн 46 орноос 20 дугаар байранд ордог талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, 2021 онд Шинжлэх ухааны академийн 100 жилийн ой тохиож байгааг онцолж, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг дэмжих, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулан ажиллана гэлээ.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа цөлжилт, байгаль орчны доройтолтой тэмцэх, бууруулах чиглэлд онцгой анхаарч ажиллах учир энэ чиглэлээр эрдэмтэн, судлаачдыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн төрийн бодлого боловсруулах үйл явцад эрдэмтдийн судалгаа, санал, дүгнэлт онцгой чухал гэдгийг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр томилогдсон Ч.Лодойравсалтай гар нийлэн үр бүтээлтэй ажиллахыг захилаа.