Хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах зайлшгүй шаардлага байна
2021.08.31

Хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах зайлшгүй шаардлага байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал нар Төв аймгийн Аргалант суман дахь сүүний кластерын стандарт загварын фермтэй танилцлаа.

Гишүүд дараа нь ХХААХҮ-ийн сайд болон тус яамны холбогдох газрын дарга нартай уулзаж Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд шаардлагатай байгаа арга хэмжээ, санхүүжилтийн талаар ярилцаж санал боловсруулан ЗГ, УИХ-д өргөн барихаар боллоо.

Манай улсын 3 хүн тутмын 1 нь хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамааралтай. Гэвч өнөөдрийн байдлаар ДНБ-ий дөнгөж 4.1 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Энэ нь ажиллаад ажиллаад олж байгаа орлого нь бага гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу сүүн бүтээгдэхүүний 67, хүнсний ногооны 60, өндөгний 51 хувийг дотоодоосоо хангаж байна. Махны хэрэглээг 100 хувь хангаж байгаа нь сайшаалтай ч бэлчээрийн даац хэтрэлт, эдийн засгийн эргэлт сул зэрэг дутагдлууд бий. Тиймээс бид хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, массыг хамарсан ажлын байраа нэмэгдүүлэх, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах зайлшгүй шаардлага байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх хувийг эргэн төлөгддөггүй барилга байгууламжид зарцуулахаас илүүтэй баялаг бүтээгчдээ дэмжсэн, ажлын байр бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтад зарцуулдаг баймаар байна. Гишүүд саналаа нэгтгэн 2020-2024 онд хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn