Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгүүд зохион байгуулна
2021.11.09

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгүүд зохион байгуулна

Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр (2021.11.09) хэвлэлийн бага хурал хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням боловсролын чиглэлээр өргөн барьсан бүх хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий долоон ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2021.07.27-ны өдрийн захирамжаар томилогдон, ажлаа явуулж буйг танилцуулав.

· Боловсролын багц хуулийн төслийн нэгдсэн ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил

· Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг

· Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням

· Дээд боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам

· Судалгааны их сургуулийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг

· Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин

· Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нар ажиллаж байгаа аж.

Эдгээр нь боловсролын салбарын асуудлыг бүхэлд нь шинээр зохицуулах, томоохон өөрчлөлт, шинэчлэлийг авчрах хуулиуд болно гэдгийг Байнгын хорооны дарга тодотгов. Тэрбээр мөн боловсролын салбар хямралын байдалд орсон гэж дүгнэж буй учир тогтолцоогоор нь авч үзэх шаардлагатай болсныг тэмдэглээд, багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр 23 гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэлээ. Ажлын хэсгүүд байгуулагдсан даруйдаа буюу өнгөрсөн наймдугаар сараас эхлээд хэлэлцүүлгүүдийг эхэлж, цаашид энэ намрын чуулганы хугацаанд багтаж хэлэлцүүлгүүдийг дуусгаад, 2022 оны хаврын ээлжит чуулганаар батлах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг танилцуулав.

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос ирэх баасан гаригт буюу 2021.11.12-ны өдөр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн (сургуулийн өмнөх боловсрол), 2021.12.01-ний өдөр мөн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн (ерөнхий боловсрол), 2021.12.15-ны өдөр Дээд боловсрол болон судалгааны их сургуулийн хуулийн төслийн, 2021.01.05-ны өдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын хуулийн төслийн, 2021.01.19-ний өдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Боловсролын салбарын өөрчлөлтөд анхаарал тавьж буй эцэг эх, багш нар, ажилтан, албан хаагчид, суралцагч, судлаачид зэрэг бүх хүмүүст хэлэлцүүлгүүд нээлттэй бөгөөд, оролцохыг урьж буйгаа Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням тэмдэглэсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын багц хуулийг бага Үндсэн хууль гэж хэлж болно. Монгол Улсын 3.2 сая иргэнд бүгдэд нь хамаатай хууль юм” гэж тодотгоод, хэлэлцүүлгүүдийн үеэр гарсан санал хуулийн төсөлд тусгагдах учир нийгмийн зөвшилцлийг сайтар ханган, аль болох олон хүнийг хамруулахаар зохион байгуулж буй талаар хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.