2023.07.21

Боловсролын багц хууль батлагдлаа, “орос школа” bye

Монголын Улс боловсролын салбартаа анхаардаг ганц зүйл нь жил бүрийн төсөвтөө шинэ сургууль, цэцэрлэг барих, өргөтгөл хийх, урсгал зардлын мөнгийг л шийддэг байсан. Сүүлийн жилүүдэд багш, боловсролын салбарын ажилтнуудын жагсаал, шаардлага, шахалтаар цалинг нэмэгдүүлж, цалин тооцох арга, хэлбэрээ шинэчилсэн. Зарим ном, сурах бичгийг шинэчлэн хэвлэснээс бусдаар энэ салбарт дорвитой бодлогын өөрчлөлт, шинэчлэлт хийгдээгүй гэдэгтээ бүгд санал нийлэх бизээ.

Хуучин сургалтын арга барил, багш төвтэй тогтолцоог халах, дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших боломжийг бүрдүүлнэ гэж олон арван жил ярьсан ч ажил хэрэг болсон нь тун цөөн байлаа. Арга ядахдаа арай овсгоотой сургуулийн захиралууд хөөцөлдөж байж Кэмбриджийн сургалтыг сургуульдаа нэвтрүүлж, санхүүгийн чадамжтай эцэг эхчүүд хувийн сайн сургуульд хүүхдүүдээ барадуулаад олон жил болж байна. 

Ардын хүүхэд англи хэл сурч болохгүй юу гэхчилэн нийгмээрээ талцахад хүрсэн нь  дэлхийн боловсрол гэдгийг англи хэл төдийхнөөр төсөөлдөг байсан бид хуучин “орос школа”-даа дадчихсан байж. Харин энэ удаагийн парламент боловсролын салбарт шинэчлэл хийж, цэцэрлэгээс нь эхлээд дээд боловсрол хүртэлх бүх боловсролын тогтолцоогоо бүрэн хамруулж БОЛОВСРОЛЫН БАГЦ хуулийг баталлаа. 

Энэ бол Монгол Улс анх удаа боловсролын багц хуулийг Улсын Их Хурал цогцоор нь шинэчлэн баталсан чухал үйл явдал юм. Өмнөх боловсрлын хуулиудыг харвал:

Багц хуулийн төслийг 2021 оны зургадугаар сард БСШУ-ын сайд Л.Энх-Амгалан УИХ-д өргөн мэдүүлсэн.

Боловсролын багц хуулийн төсөл өргөн барив.  2021.06.24

Боловсролын багц хуулийн төсөл өргөн барив.  2021.06.24

Энэ үеэс хойш хоёр жилийн хугацаанд хуулийн төслүүдийг сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол болон боловсролын ерөнхий хууль гэсэн 5 төслийг тус бүрчлэн хэлэлцэж, 5 ажлын хэсэг байгуулан эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгч, мэргэжлийн боловсролын болон төрийн бус байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлгийг хэдэнтэй хийсний эцэст 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр эцэслэн баталлаа. 

  • БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ
  • СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
  • МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ
  • ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИУД БАГТАЖ БАЙНА.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс жилдээ 3.2 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байна. Үүнээс 500-600 тэрбум нь шинээр баригдаж буй сургууль цэцэрлэгт, 2.3-2.4 их наяд нь цэвэр урсгал зардалд явчихдаг баримт бий.

Зөвхөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтаас гадна хөгжлийн хөрөнгө оруулалтыг хуулиар шинэчлэх алхам хийсэн нь, өнгөрсөн 21 жилийн хугацаанд боловсролын багц хуулийг хамтад нь шинэчилж, боловсролын салбарын реформ хийлээ.

Эрх тэгш суралцах, чанартай боловсрол эзэмших, үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоотой багш, сурагчийг тасралтгүй хөгждөг боломжийг хуулиар нээж байна. 

Мөн танхим болон цахим сургалтыг хослуулна. Ингэхдээ сургалтын хөтөлбөр шинэчлэгдэх юм. 

Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад, багшийн хөгжлийг дэмжих, нийгмийн хамгааллыг нь баталгаажуулах, олон улсын жишгээр сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг байх, боловсролын байгууллагыг ашгийн болон ашгийн бус хэлбэртэй байлгах, хэл соёл, боловсролын дархлаатай холбоотой олон зүйл заалт бүрийг хөндөн авч хэлэлцсэн. 

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ:
  1. Боловсролын тогтолцоог шинэчилж, боловсролыг заавал танхимд суун эзэмшдэгийг өөрчилж албан болон албан бус амьдралын орчинд суралцахуйн тогтолцоо байхаар тусгалаа.  Ингэснээр насан туршийн боловсрол эзэмших боломж  бүрдүүлсэн.
  2. Багш бэлддэг, багшийг тасралтгүй хөгжүүлдэг тогтолцоог бий болгоно. Багшийн хөтөлбөрийг заавал магадлан итгэмжлэх зохицуулалтыг тусгасан. Багшийн нийгмийн баталгааг сайжруулж сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш ажилтанд 5 жил тутам 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг эхний 5 жил, дараагийн 3 жил тутам 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор заасан. 
  3. Чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, сургуулиа биш сурагчаа дагадаг хувьсах зардлын тогтолцоонд шилжинэ. Сайн багш өндөр цалин, гүйцэтгэлийн урамшуулал авдаг болно. Санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгож сургалтын чанарыг сайжруулах, сургалтын орчныг сайжруулахад зарцуулах, зарцуулалтын хяналт тодорхой, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ. 
  4. Боловсролын салбарыг улс төрөөс ангид, удирдлагын босоо тогтолцоонд шилжүүлнэ. 
  5. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрт тусгах агуулгыг боловсролын багц хуулийн дагуу шинэчилнэ.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН  ТУХАЙ ХУУЛЬ:
  1. Ялгаатай хэрэгцээ бүхий суралцагчийн сурч боловсрох эрхийг тэгш хангах, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч боловсролын үйлчилгээ авах адил, тэгш нөхцөл боломж бүрдүүлнэ.
  2. Суралцагчийн боловсрол эзэмших арга хэлбэрт гарч буй өөрчлөлтийг хуулиар хүлээн зөвшөөрч танхимын, танхимын бус (зайн, цахим), эдгээрийн хосолсон хэлбэрээр суралцаж болохыг баталгаажууллаа. 
  3. Хүүхдийн хөгжил, төлөвшлийг дэмжих, аюулгүй байдлыг хангах, хамгаалах хүрээнд 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулан сургуульд бэлтгэх, хүүхдийг 6 настайд нь сургуульд элсүүлэх зохицуулалтыг хэвээр хадгалж, бага боловсролыг гэрийн сургалтаар эзэмшиж болох зэрэг зохицуулалтыг тусгасан. 
  4. Сургалтын байгууллагын сургалт, үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй холбогдох зохицуулалтыг тодорхой болголоо. Ингэснээр сургалтын хөтөлбөрийг тогтвортой мөрдөх, хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаанд суурилан түүнийг сайжруулах боломж бүрдэнэ.
  5. Багшийн хөгжлийг дэмжинэ. Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах нэгжтэй байхаар зохицуулсан. 
  6. Үүнээс гадна, суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжихэд сургуулийн удирдлага, багш, энэ хуульд заасан бусад бүх тал хамтран ажиллаж, үүрэг хариуцлага хүлээхийг хуульчилсан. Тухайлбал, орон нутгийн удирдлага нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээг төлөөлөн хэрэгжүүлэхээр томилсон этгээдтэй байгуулах гэрээнд харьяалах нутаг дэвсгэрийн хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах, боловсролын чанарыг ахиулах талаар тусгасан. 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ:
  1. Дээд боловсролын тогтолцоо, дээд боловсролын сургалтын байгууллагын хэв шинж, бүтэц, удирдах зөвлөл, элсэлт, төгсөлт, эрдэм шинжилгээ, хөтөлбөрт тавигдах шаардлага, багш, оюутны эрх, үүрэг, нийгмийн баталгаа, чанарын баталгаажуулалт, санхүүжилтийн хэлбэрийг үр ашигтай, оновчтой болгох хүрээнд боловсруулагдаж батлагдлаа. Мөн их сургуулийг үйл ажиллагааны онцлогоос хамааран судалгааны, сургалтын, төрөлжсөн гэж ангилж, Консерватор болон технологийн коллежийн талаар тодорхой тусгаж өгсөн. Судалгааны их сургуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулахаар тусгалаа. 
  2. Дээд боловсролын байгууллагын бүтэц, зохион байгуулалтын хувьд Эрдмийн зөвлөл, Хөтөлбөрийн хороотой байх тэдгээрийн бүрэлдэхүүн, чиг үүргийг тодорхой тусгаж өгсөн. Хөтөлбөрийн хороонд ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөлөл, төгсөгчийн төлөөлөл орсноор сургалтын чанарт дэвшилт гарч, энэ салбар дахь төрийн бус байгууллага, ажил олгогчдын оролцоо сайжирч, дээд боловсролын сургалтын бодлого нь хөдөлмөрийн зах зээлийн хандлага, чиглэлтэй уялдсан байна.
  3. Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, төрөөс хараат бус, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгож, бие даан шийдвэр гаргах, зохицуулалт оруулсан. Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь дотоод чанарын баталгаажуулалт,  хөндлөнгийн үнэлгээ,  магадлан итгэмжлэл гэсэн хэлбэртэй байхаар тусгаж өгсөн. Мөн анагаах ухаан, багш мэргэжил олгох чиглэлийн хөтөлбөрийг заавал магадлан итгэмжлүүлэхээр тусгалаа.
  4. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөлөл, бизнес хөрөнгө оруулагчдын төлөөллийн хувь хэмжээг тодорхой оруулснаар сургалт-судалгаа-үйлдвэрлэл, академик эрх чөлөө нэмэгдэнэ. 
  5. Их дээд сургуулийн багшийн нийгмийн баталгаатай холбоотой орон нутаг дахь төрийн өмчийн их, дээд сургуульд ажиллаж байгаа багш ажилтанд орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг тухайн байгууллага олгохоор тусгасан. 
  6. Элсэлтийн шалгалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах, ур чадварын нэмэлт шалгалтыг тооцох, техникийн боловсрол эзэмшсэн төгсөгчийг тухайн хөтөлбөрийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт элсүүлэх зэрэг зохицуулалт туссан. 
  7. Дээд боловсролын байгууллагын эрдэм шинжилгээний бүтээлийн болон оюуны өмчийн нэгдсэн мэдээллийн сан, судалгааны ёс зүйн зөвлөл бий болно.
  8. Боловсролын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрийг олон талт оновчтой, үр ашигтай болгох, улс орны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлсэн судалгааны зардлыг төрөөс санхүүжүүлэх тогтолцоог бий болгоно.
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ:

Монгол Улсын хэмжээнд  77 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 48 буюу 62.3 хувь нь төрийн өмчийн, 29 буюу 37.7 хувь нь хувийн өмчийнх байна. 40 нь орон нутагт, 37 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Хуулийн зохицуулалтаар: МСҮТ, ПТК-д суралцагчдын ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд, суралцах хугацаандаа үйлдвэрлэлийн дадлагаар хосмог сургалтад хамрагдах. ААН байгууллага болон мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих түншлэлийг сургалтын байгууллагатай холбож өгснөөр зах зээлд эрэлттэй мэргэжлээр ур чадвартай ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх боломж нэмэгдэх юм. 

Мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллага нь нь харьяалалдаа чадамжийн төв,  салбар дундын дадлагын бааз, гарааны компани, бизнес инкубатор төв, туслах аж ахуйтай байж болохоор тусч байгаа. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 5 жил тутамд магадлан итгэмжилнэ. 

Ийнхүү 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсын Боловсролын салбарт чанар, үр дүнд суурилсан санхүүгийн механизм бүрдүүлж, улс төрөөс хараат бус байх босоо тогтолцоогоор тэгш хүртээмжтэй сургалтын шинэлэг сургалтын хөтөлбөр, арга хэлбэрт суурилах шинэчлэлийг эхлүүлэх эрх зүйн хөрс суурь бүрдлээ. 

Ардын хүүхэд англи хэлж сурч болохгүй юу гэж хэлээд цахим орчин, олон хүнд адлуулсан хүн бол УИХ-ын гишүүн, хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням юм. Бага ангиас нь англи хэл заана, заахгүй гэж нийгмээрээ удтал хуваагдан мэтгэлцсэний эцэст хууль батлагдаж маргаанд цэг тавьсан билээ. 

Ерөнхий хуулийн хэлэлцүүлгийн явцад, ЕБС-иудад анхдагч суралцах гадаад хэлийг бага ангиас нь заах асуудалд олон нийт хэт төвлөрсөн боловч, Монгол хүнийг хөгжүүлэх боловсролын цогц шинэчлэлтийн өөрчлөлтүүд илүү чухал байлаа.