Р.Дагва: Авлигыг таслан зогсоож, хариуцлагатай байдлыг бүх түвшинд хангаж ажиллах нь хөгжих гарц юм
2021.12.09

Р.Дагва: Авлигыг таслан зогсоож, хариуцлагатай байдлыг бүх түвшинд хангаж ажиллах нь хөгжих гарц юм

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас олон улсын Авлигын эсрэг өдрийг угтан “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021 хөтөлбөр”-ийг зохион байгууллаа.

Тус чуулганаар дөрвөн салбар хэлэлцүүлгийн хүрээнд салбар бүрийн төлөөлөл илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тухайлбал, “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо”, “Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал”, “Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн” гэсэн сэдвийн хүрээнд тус бүр 6-7 илтгэгч танилцуулга хийлээ.

Чуулганы “Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлэгт Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва оролцон, “Төрийн үйлчилгээг цахимжуулах, авлига, хүнд суртлыг бууруулах нь: Нийслэлийн шийдэл, сорилт, үр дүн” сэдвээр илтгэл тавив.  Тэрбээр “Бид монгол хүний сайн сайхан, эрх чөлөөтэй амьдрах боломж, эрх, эрх чөлөөнд хамгийн их саад болж буй авлига, хүнд суртлыг бууруулах, таслан зогсоох аргыг хайж, хамтран хэлэлцэж байна. Авлигыг таслан зогсоож, ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг бүх түвшинд хангаж ажиллах нь төр, иргэний хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлж, хамтран хөгжих гарц юм. Авлигатай тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн форум нь Монгол Улсын хөгжил, дэвшилд саад болж буй авлигын шалтгаан, нөхцөлийг бодитоор тодорхойлж, авлигыг таслан зогсоох шинэ санаа, боломж, гарцыг нээсэн үр дүнтэй хэлэлцүүлэг байгаасай гэж хүсэж  байна” хэмээв. 


Мөн тэрбээр илтгэлдээ нийслэлийн зүгээс үзүүлэх төрийн үйлчилгээний цахим шилжилтийн талаар дурдсан. Тухайлбал, газрын харилцааг цахимд шилжүүлсэн egazar.gov.mn сайт болон Egazar гар утасны аппликэйшн, нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудын хариуцлага, хамтын ажиллагаа, хяналтыг сайжруулах нэгдсэн мэдээллийн business.ulaanbaatar.mn систем, нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn тэргүүтэй системүүдийг онцолсон юм.

Илтгэлийн төгсгөлд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Цаашид нийслэлийн зүгээс авлига, хүнд суртлыг бууруулах үйл ажиллагааны бие даасан төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг иргэд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах саналтай байна” гэв.

Мөн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Өнөөдрийн салбар зөвлөгөөнүүдээс гарсан санал, дүгнэлтийг зөвлөмж болгон эрх бүхий байгууллагуудад хүргүүлнэ. Чуулганы дараа хамтын хүчээр, нэгдмэл байдлаар ажиллан, цогц арга хэмжээ авч, үр дүнд хүрнэ гэж АТГ-ын зүгээс харж байгаа. “Транспаренси интернэшнл” байгууллагаас гаргасан авлигын индексийн судалгаагаар Монгол Улс дэлхийн 180 орноос 111 дүгээрт эрэмбэлэгдсэн.  Энэ бол тийм сайн тоо биш. Тиймээс Засгийн газрын түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах чиглэлээр “Авлигын эсрэг үндэсний хороо”-г байгуулан ажиллаж байгаа нь АТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг болж байгаа хэрэг” хэмээв.