Түүх, соёлын үл хөдлөх 144 дурсгалыг дүүргийн хамгаалалтад авлаа
2021.12.24

Түүх, соёлын үл хөдлөх 144 дурсгалыг дүүргийн хамгаалалтад авлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах асуудлыг хэлэлцлээ.

Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг 2015 онд зохион байгуулсан. Уг тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн мэдээллийн санд оруулжээ. Хуулийн дагуу эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулсан байна. Жагсаалтад хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтжээ.

Энэ талаар өмнө нь Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороогоор хэлэлцсэн бөгөөд тус хорооноос санал дүгнэлт гаргасан байна. Санал, дүгнэлтийг Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр танилцуулав. Тэрбээр Соёлын өвийн тухай хуулийн дагуу болон манай улсын нэгдэн орсон олон улсын конвенци, баримт бичгийн хүрээнд Монгол Улс соёлын өвд хүндэтгэлтэй хандах үүрэгтэйг тодотголоо. Улмаар дэлхийн улс орнууд түүх, соёлын өвөө хамгаалах, хадгалах, анхны хэлбэрээр нь сэргээн засварлахад ихээхэн анхаарч, үүнд аялал жуулчлалын бодлогоо уялдуулан орлогын бас нэгэн эх үүсвэр болгон ашиглаж буйг онцолсон юм. Тиймээс Соёлын өвийн тухай хуульд заасны дагуу соёлын өвийг хамгаалах тусгайлсан төлөвлөгөө боловсруулж ажиллах, түүхэн ач холбогдолтой буюу иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байх боломжгүй өвийг бүртгэн авч, баталгаажуулах, нийслэл дүүргийн хамгаалалтад байгаа түүх соёлын өвийг нийслэлийн аялал жуулчлалын бодлоготой уялдуулан ашиглах саналыг тусгасан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Отгонбаатар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд буй “Гоожингийн өндөр”-ийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтаах саналыг гаргав. Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр давхар барилга нийслэлийн хамгаалалтад буй бөгөөд өмчлөгчийн асуудал нь холбогдох газраар хянагдаж байгаа аж. Улмаар Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай тогтоолын төслийг Төлөөлөгчид дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын хуралдаан үргэлжилж байна