УИХ-ын гишүүн Л.Гүндалай: О.Чулуунбат гишүүнд холбогдох  хэрэг  яагаад
2009.09.18

УИХ-ын гишүүн Л.Гүндалай: О.Чулуунбат гишүүнд холбогдох хэрэг яагаад

УИХ-ын гишүүн Л.Гүндалай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид асуулга тавьжээ.

УИХ-ын тухай хуулийн 7.1.15-д зааснаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх үүргийнхээ дагуу, 7.1.17-д зааснаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах эрхийнхээ дагуу иргэд, сонгогчдоос удаа дараа асууж байгаа нэгэн асуулганд албан ёсоор хариу авахыг хүсэж байна. Үүнд:

  1. УИХ-ын гишүүн О.Чулуунбатад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхээр Чингэлтэй дүүргийн шүүх одоогоос хагас жилийн өмнө шүүх хурал товлон зарласан боловч "Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байна" гэж шүүх хурлыг хойшлуулжээ. Гэтэл УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхэд холбогдох хэргийг тус шүүх Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байхад таслаж, түүнд 5.1 жилийн хорих ял оногдуулж байсныг хүмүүс огтоос мартаагүй байна. Чингэлтэй дүүргийн шүүх ижил асуудлаар ийнхүү өөр өөр байр суурь баримталсны учир юунд байна вэ?
  2. Прокурорын байгууллага, тухайлбал: Улсын Ерөнхий Прокурор Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлүүлэх саналаа УИХ-д оруулж ирэх үүрэгтэй атал шүүх О.Чулуунбатын хэргийг шийдвэрлэх боломжгүй болгоод байгаа цорын ганц гацааг арилгаж, гэм буруутай эсэхийг нь шүүхээр шийдвэрлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг авахгүй, огт үг дуугарахгүй өвгөрсөн нь чухам ямар учиртай болох? Гэтэл УИХ-ын нэр бүхий бусад гишүүдийн тухайлбал: У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Л.Гүндалай нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Ерөнхий прокурор УИХ-д удаа дараа санал оруулж ирж байсан билээ. Энэ бүхнээс үзэхэд хууль, шүүхийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй, мөн хуулийг нэг мөр хэрэгжүүлнэ гэсэн хуулийн заалтыг Прокурор болон шүүхийи байгууллага хэрхэн хэрэгжүүлж байна гэж Та үзэж байна вэ?
  3. О.Чулуунбатад холбогдох эрүүгийн хэрэг "усанд хаясан чулуу" мэт алга болсонд дээр дурьдсан нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал тавьж байсан Прокурор удах ч үгүй өөрөө хэргийг нь хэрэгсэхгүй болгон цагаатгасанд дургүйцэж байсан шигээ гайхаж бас эгдүүцэж байгаа талаараа иргэд бичжээ.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ил тод байх зарчим ийнхүү алдагдаж, зарим томхон хэргүүд сэмхэн "алга болдог болсон"-ыг тэд бас шүүмжлэн хэлэлцэж байна.
Улс орон даяар хуулийн биелэлтэнд хяналт тавих үүрэг хүлээсэн ХЗДХ-ийн эрхэм сайд Та сонгогч иргэдийн маань асуугаад байгаа эдгээр Асуулганд үнэн зөв, тодорхой хариулт өгөхийг хүсье.

УИХ-ын тухай хуулийн 7.1.18-д зааснаар УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах эрхийнхээ дагуу О.Чулуунбатын хэргийг шийдвэрлээгүй шүүх, Прокурор, АТГ, ХЗДХ-ийн Яаманд хүрэлцэн очиж (УИХ-ын хэсэг гишүүдийн хамт) хариу авах эрхтэй болохыг мэдэгдье.

Хувийг УИХ-ын дарга, Халдашгүй Байдлын Дэд Хорооны дарга, гишүүдэд хүргүүлэв.

Хүндэтгэсэн,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Л.ГҮНДАЛАЙ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.