Б.Энхбаяр: Иргэдийн шүүмж, санамсаргүй алдааг эрүүжүүлж болохгүй
2022.01.25

Б.Энхбаяр: Иргэдийн шүүмж, санамсаргүй алдааг эрүүжүүлж болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд юу хийсэн болохоо өнөөдөр танилцуулав. Байнгын хорооны дарга С.Бямбацогтын хэлснээр, 16 удаа хуралдаж, 91 хуулийн төсөл, УИХ-ын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцжээ. Хаврын чуулганд бэлтгэн ажиллаж байгааг юм байна. Энэ үеэр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Нийтийн мэдээллийн тухай хуулийг баталж 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй ангилалд оруулсан. Гэсэн хэдий ч албан тушаалтнууд албаны нууц нэрийн дор мэдээллээ нуудаг байдал хэвээр байна. Дагалдуулаад Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөх ёстой гэж судлаачид хэлж байсан.

-Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хөндөхгүйгээр Нийтийн мэдээллийн болон Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бүтэн болохгүй гэдэг зарчмын асуудлыг УИХ-ын гишүүд хөндсөн. Засгийн газар энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилж оруулж ирэх үүрэг хүлээж байгаа. Хаврын чуулганаар оруулж ирэх байх гэж найдаж байгаа. Яагаад гэхээр Засгийн газар, түүний харьяа яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар бүхий л мэдээллээ албаны нууц хэмээн тамга дарж, иргэдээс нууцлах явдал хавтгайрсан. Хоёрт, тухайн даргын үзэмжээр нууцад хамааруулсан мэдээллийг ил болгосон этгээд Эрүүгийн хуульд заасан 2-8 жилийн ял хүлээхээр байгаа. Энэ бол болохгүй, зарчим нь буруу. Тийм учраас үүнийг засварлах шаардлага байгаа.

-Албан тушаалтнууд ажилтайгаа холбогдсон шүүмжлэл, хардлагад их эмзэг байна. Цагдаад өгдөг, торгуулдаг, амыг нь барьдаг. Энэ байдлыг засахаар та сэтгүүлч гишүүдтэй хамтран хуулийн төсөл өргөн барьсан. Хэзээ хэлэлцүүлэх вэ?

-Одоогоос жилийн өмнө буюу 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал ирэх хаврын чуулганы эхээр орж ирнэ гэж ойлгож байна.

-Өргөн барьсан төсөл бүтэн жил УИХ-ын гал тогоонд хадгалагдсан байгаа нь ямар шалтгаантай байв?

-Төслийг өргөн барьсны дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Та бүхэн мэднэ, яг сонгуулийн үеэр манайхан халуурдаг, их хийрхдэг. Үүнтэй хамт худал мэдээлэл, гүтгэлэг хавтгайрдаг. Ийм мөчлөг дээр хуулийн үзэл санаа мушгигдаж ойлгогдох, энэ дээр тоглолт хийх, хэлэлцэх эсэх асуудал дэмжигдэхгүй байх нөхцөл байдал байсан учраас хойшлогдсон байгаа. Одоо бол хаврын чуулганаар хэлэлцэх эсэх асуудал нь шийдэгдэнэ. Товчхон хэлэхэд, “худал мэдээлэл түгээх” гэмт хэргийг буцаагаад “гүтгэх” болгох гэж байна.

-Ямар өөрчлөлт гарах бол?

-Худлаа мэдээлэл гэдэг бол дотроо 2-3 үзэл санааг агуулдаг. Нэгдүгээрт бодит байдлаас бүх талаараа худлаа. Худлаа мэдээллийг санаатай, санаагүй, зохион байгуулалттай түгээж байгаа эсэх үйлдэл хэлбэрүүдийг ялгаж авч үздэггүй. Гэтэл хүн мэдээлэл дутуу, эсвэл тухайн хүний нэр хүндэд халдах сэдэл агуулахгүйгээр алдаа гаргах нь бий. Энэ бол алдаа. Хэвлэл мэдээллийн байгууллагад ч тоо, үсэг алдах зэргээр мэргэжлийн алдаа гаргасны улмаас утга өөрчлөгдөх, зөрүүтэй мэдээлэл гарах тохиолдол бий. Үүнийх нь төлөө ял, шийтгэл ногдуулаад байж болохгүй шүү дээ. Тийм учраас үүнээс сэргийлж, “гүтгэх” болгож өөрчилье гэж байгаа юм. Гүтгэнэ гэдэг бол бодит байдлыг мэдсээр байж зориуд, санаатайгаар мушгин гуйвуулж байгаа үйлдлийг хэлдэг. Тэгэхээр шуудхан хэлэхэд, алдаа гаргасан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс иргэдийг хамгаалж байгаа хэрэг.

Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд өөрийнх нь албаны бүрэн эрхтэй нь холбоотойгоор иргэдийн хардсан, сэрдсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн тайлбар оруулах гэж байна. Үүнийг манай зарим улстөрч, “Улстөрч гэхээрээ хүн биш юм уу. Яагаад биднийг гүтгэж болно гээд байгаа юм” гээд байгаа. Хувийн нэр хүнд, албаны нэр хүнд хоёрыг зааглаж байгаа. Улс төрд нөлөө бүхий этгээдийг хүнийх нь хувьд нэр хүндэд нь халдаж байгаа бол хариуцлага яригдана. Энэ тохиолдолд “Чи гомдох эрхгүй” гээд хааж байгаа зүйл биш ээ. Харин тухайн албан тушаалтан нь төрийн чиг үүргийг гүйцэтгэх явцдаа авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулсан, ашиг сонирхлын зөрчил гаргасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэх мэт баримттай мэдээлэл гарвал гомдоод байх хэрэггүй гэсэн үг. Яагаад гэвэл, тухайн хүний ард нийтийн эрх ашиг байдаг. Тэр хүн нийтийн эрх ашгийг төлөөлдөг учраас илүү хүлээцтэй байх ёстой. Нэмээд иргэд болон сэтгүүлчийг тухайн эх сурвалжаа өөрөө нотлохыг шаардаад байж болохгүй. Харин ч хахууль аваагүйгээ, үндэслэлгүй хөрөнгөжөөгүйгээ, сонирхлын зөрчил гаргаагүйгээ өөрөө нотлох ёстой. Тэгэхгүй бол иргэдийг, сэтгүүлчдийг маш ихээр цагдаа, шүүхэд өгдөг, эх сурвалжаа хэлэхийг шаарддаг, цаад утгаараа иргэдийн болон иргэний нийгмийн амыг үдэх гэдэг ийм үйл ажиллагаа энэ заалтын ард хавтгайрч байна гэж бид дүгнэсэн байгаа. Тийм учраас энэ өөрчлөлтийг оруулах саналтай байгаа.