Эрсдэлийн удирдлага -4
УИХ-ын гишүүн, АБГББХ-ны Дарга, Доктор /ScD/ Б.Баттөмөрийн “Эрсдэлийн удирдлага” /Risk Managment/ цуврал нийтлэлийг хүргэж байна.
Цуврал нийтлэл-4
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ
Мэдээллийн технологийн эрсдэл нь мэдээллийн аюулгүй байдалтай холбогдох бөгөөд мэдээллийн технологийн хөгжлийг даган асар олон тооны эрсдэл учрах болов. Орчин үеийн нийгэм мэдээллийн технологийн хөгжил, компьютероос ихээхэн хамааралтай болсноос мэдээллийн технологийн эрсдэл ноцтой хор хохиролд хүргэх бөгөөд цахим ертөнцөд дайны аюул нүүрлэх боллоо. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээ, мэдээлэл, мэдээллийн бааз, системд хууль бусаар нэвтрэх, ашиглах, нууцыг задлах, гацаах, өөрчлөх, татаж авах, үзэж өөрчлөх, хуулбарлах болон мэдээ мэдээллийг устгахаас хамгаалах систем суулгаж хамгаална. Мэдээллийн технологийн салбарт эрсдэлийг тооцож, мэдээ, мэдээлэл, мэдээллийн бааз, системийг ашиглах, боловсруулах, дамжуулахтай холбоотой эрсдэлийг удирдах учиртай. Цахим мэдээллийг хадгалах, хамгаалах төдийгөөр мэдээллийн аюулгүй байдал хангагдлаа гэж үзэж болохгүй. Аналог болон бодитойгоор орших мэдээ мэдээллийг мөн хамгаалах ёстой. Цахим мэдээ, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах нь нягтлан бодох бүртгэл, луйврыг мөрдөн шалгах, гэмт хэргийн үзлэг шалгалт, менежментийн ухаан, системийн инженерчлэл, аюулгүй байдлын инженерчлэл, криминологид чухал үүрэгтэй.
Мэдээллийн технологийн эрсдэл нь компьютерийн аюулгүй байдлыг хамаардаг бол мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэл нь мэдээллийн бүхий л хэлбэр, цаасан дээрх мэдээлэл, цахим мэдээлэл, микрофильм дээр байгаа мэдээ мэдээллийг хамгаалахад анхаардаг. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахад эрхзүйн зохистой орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Мэдээлэл харилцаа холбооны технологийн ололт амжилт нэвтрээгүй тийм салбар гэж үнэндээ алга болоод байна. Энэ нөхцөлд мэдээллийн технологийн салбарын аюулгүй байдал байгууллага, хувь хүн бүрт хамаатай асуудал болж хувираад байгаа юм. Энэ салбарын эрсдэлийг тооцох, тодорхойлох, түүний эсрэг тэмцэх олон технологи, арга зам бий бөгөөд түүнээс хамгийн оновчтойг нь сонгон, эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай. Үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны хөгжлийг дэмжих, үндэсний үнэт зүйлийг хэвшүүлэх, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдал нэн чухал ач холбогдолтой. Мэдээллийн хэрэгслээр үндэсний үнэт зүйлийг түлхүү нийтлэх, сурталчлахыг дэмжиж, гадны шашин, соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой түвшинд хязгаарлах хэрэгтэй. Мэдээлэл, харилцаа холбооны технологи, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үндэсний суурь болон хавсарга судалгаа, шинжилгээ, сургалтыг онцгойлон дэмжихийг эрхэмлэх юм. Кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх, аливаа гэмт хэргийг илрүүлэх, нотлоход тооцоолох хэрэгслийн криминалистик техникийн шинжилгээ ашиглах үндэсний чадавхийг бий болговол зохино. Цахим мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг хөгжүүлэх, сүлжээ, систем, веб сайтын эмзэг байдлыг бууруулах, адилтган таних бат бэх систем, хортой кодоос хамгаалах удирдлага, өөрчлөлтийн удирдлагыг нэвтрүүлэх замаар дэд бүтэц, харилцаа холбоо, дамжуулалт, тандалтын нууцлал, хамгаалалтыг бүрдүүлэх хэрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмуудыг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлын дотоод аутсорсингийг дэмжих бодлого хэрэгжүүлэх юм.
Дэлхий нийтээр мэдээллийн нийгэмд шилжиж, тоон эдийн засаг, цахим ардчилал, цахим засаг, цахим бизнес, цахим банк, цахим эрүүл мэнд, цахим боловсрол, цахим хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт мэдээлэл холбооны технологи нэвтэрч байна. Шинжлэх ухаан технологийн дэвшлээс хамааран мэдээлэлд нэвтрэх, түүнийг хууль бусаар ашиглах, сүлжээний аюулгүй байдлыг доройтуулах, эвдэх арга нарийссаар байна. Вирус тараах, хакердах, интернетийн орчинд луйвар хийх, хуурч мэхлэх, вэбсайтыг хууль бусаар ашиглах, төрийн болон төрийн бус байгууллагын нууц мэдээлэлд халдах оролдлого нэмэгдэж байна. Ийм учраас мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэлээс найдвартай хамгаалах систем, тогтолцоо, бүтцийг бий болгох нь чухал. Мэдээллийн аюулгүй байдал гурван үндсэн хэсгээс бүрддэг гэж судлаачид үздэг.
1) Нууцлалыг хамгаалах, хүртээмжтэй, найдвартай ажиллах боломжоор хангах, мэдээллийн бүрэн бүтэн бөгөөд халдашгүй байдлыг хамгаалах явдал энд орно.
2) Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлж, түүнийг үнэлэх, үнэлэхдээ тодорхой цаг хугацааны давтамжтайгаар хийнэ.
3) Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад дөрвөн үндсэн шатыг дамжин хэрэгжүүлнэ. Эмзэг цэгийг тодруулна.
Эмзэг цэгүүдийг эзэнтэй болгох, хүнд хариуцуулах, үүрэг болгох хэрэгтэй. Хамгаалах гэж байгаа мэдээллийн үнэ цэнийг тогтооно. Ашиглалтад шалгалт хийж, дутагдал, доголдлыг илрүүлнэ. Ямар эрсдэл, аюул занал учирч болохыг тодорхойлно. Учирч болох хор хохирлыг ойролцоогоор тогтоож, хамгаалахад шаардагдах хөрөнгийн хэмжээг тооцоолно. Хамгаалалтад тусгай стандартыг мөрддөг болохыг анхаарах нь зүйтэй. Хэрэглээ, үйлдлийн систем, сүлжээ, өгөгдлийн сангийн хамгаалалтыг үнэлэх, одоогийн байдлыг туршиж үзэх, гаднаас халдах оролдлогыг хийж сорих замаар аюулгүй байдлын хамгаалалтыг үнэлнэ. Үндсэндээ эрсдэл гэдэг нь хамгаалалт шаардаж буй хор хохирол гэж үзэж болно. Ингэхээр эмзэг, сул дорой байдал, аюул заналхийлэх боломж нь эрсдэлийн үндсийг бүрдүүлнэ гэсэн үг. Эмзэг байдал нь гадны халдлагад өртөж болзошгүй суваг, зам буюу мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдлыг зөрчиж, эвдэж, сүйтгэж чадах үйлдлийг хийх боломжийг бүрдүүлэгч зүйлс. Эрсдэлийг үнэлнэ гэдэг нь урьдчилан тааварлах боломж багатай үйл явдал, үзэгдэл тохиолдох магадлал. Мэдээллийн технологийн салбарын эрсдэлийг үнэлэхдээ гурван түвшинд хувааж авч үзэж болно. Эрсдэл тохиолдох магадлал өндөр, дунд зэрэг, бага гэж үзээд эдгээр түвшинд тохирсон хамгаалалтыг хийнэ. Хамгаалалтын арга хэмжээнд firewall буюу сүлжээ хоорондын дэлгэц, вирусын эсрэг програм, хандалтад хяналт тавих, хоёр хэсгээс бүрдэх таних, зөвшөөрөх систем, адилтгах карт, биометрийн аргууд, хурууны хээгээр таних гэх мэт, нууц үг, ухаалаг карт унших систем, харуул хамгаалалт, файлд хандах хандалтыг хянах, шифрлэлт, мэргэжсэн боловсон хүчин, нэвтрэлтийг илрүүлэх систем, програм хангамжийг автоматаар шинэчлэх, сайжруулах зэрэг нь ордог. Технологийн дэвшлээс хамааран хамгаалалтын аргууд улам боловсронгуй болсоор байна.
ЭКОЛОГИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ
Эдийн засгийн эрчимтэй хөгжлийг нийгмийн тэгш боломж, байгаль орчныг хамгаалах бодлоготой нягт уялдуулахгүйгээр хөгжлийн зорилгодоо хүрэх боломжгүй юм. Эх дэлхийтэйгээ бодлогогүй, тооцоогүй харьцаж байсны балгаар дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, орчны бохирдол, доройтол нь бодит аюул болон бүх хүн төрөлхтөн, улс үндэстэн бүрт хамаатай асуудал болоод байна. Хүн ам тасралтгүй өсөн нэмэгдэж, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс үүдсэн хэрэглээг хангахын тулд байгалийнхаа хязгаарлагдмал нөөцийг шавхаж, байгалийн унган төрх болсон ус, ой, ургамал, амьтан, агаар орчин доройтолд оруулах нөхцөл бүрдээд байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах, экосистемийн доройтлыг тогтоож, байгалийн нөөцийн удирдлага зохицуулалтыг сайжруулах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. Чадварлаг боловсон хүчин, эрх зүйн нэгдмэл орчин, удирдлага зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүхий “Байгаль орчны сайн засаглал”-ыг хангах нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гол механизм мөн.Хөгжлийн ололт амжилтуудаа бататгахын зэрэгцээ байгаль орчинд шинэ эмзэг байдал, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх нэг арга зам бол гамшгийн эрсдэлийг бууруулах явдал байдаг.
Байгаль орчиндоо улам бүр санаа зовох хэд хэдэн үндэслэл байна. Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан Монгол Улсад дулаарал бодитойгоор илэрч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөгөөр хүний эрүүл мэнд доройтох, хөдөө орон нутагт байгаль орчны төлөв байдал өөрчлөгдөх, усны нөөц хомсдох, эрсдэлд орох зэрэг дахин сэргээгдэхээргүй өөрчлөлтүүд бий болж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын малын тоо толгой 1990 оноос хойшхи 20 гаруй жилийн туршид бараг хоёр дахин өссөн нь бэлчээрийн тогтвортой ашиглалт, газрын нийгэм, эдийн засгийн өртөг, бэлчээрийн доройтол зэрэгтэй холбоотой асуудал үүсгэж байна. Гуравдугаарт, уул уурхай нь манай улсын эдийн засаг, экспортын гол хөтлөгч хүч болсноор түүнээс байгаль орчинд үзүүлж болох өнөөгийн болон ирээдүйн нөлөөлөл анхаарал татаж байна. Дөрөвдүгээрт, хот суурин газрын хүн ам тогтвортой өсөн нэмэгдсээр 63 хувьд хүрч, томоохон хот суурингийн үйлчилгээний дэд бүтцийн хүчин чадал ачааллаа даахгүй болж байна.
Эрсдэлийн үнэлгээ хийх журам нь байгаль орчинд үүссэн аюул заналын нөлөөгөөр оршин суугчид, ажилчдын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, эд хөрөнгөнд учрах хохирол, эрсдэлийг тооцох үнэлгээний процесс, шаардлагыг тодорхойлж өгдөг. Эрсдэлийн үнэлгээг хийхдээ химийн хортой болон аюултай бодисын хог хаягдал үүсэх, хүний эрүүл мэнд, мал, амьтан, усны организм, байгаль орчин, улсын болон хувийн өмчид аюул учруулахуйц химийн хорт болон аюултай бодисыг зориудаар хэрэглэх, бохирдсон газрыг цэвэрлэх, нөхөн сэргээх зорилгоор эрсдэлийн менежмент боловсруулан үнэлгээ хийнэ. Байгаль орчны эрсдэлийн үнэлгээгээр бохирдуулагч бодис нь хүний амьдрал, экологид дамжих байдлыг судалж, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтоодог. Эрсдэл нь үүсч болох нөхцөл байдлыг дүрсэлсэн математик дүрслэл гэж зарим судлаачид үздэг байна. Эрсдэл нь ямар нэгэн осол, гамшиг болон сөрөг үр дагавраас үүдсэн хүчин зүйлсээр тайлбарлагдана. Олон Улсын Стандартчлалын байгууллагаас (ISO 2009) эрсдэлийг тодорхойлохдоо “эрсдэл бол ямар нэгэн осол, гамшиг болон болзошгүй байдлын үр дагавар” гэжээ. Эрсдэлийг өргөн утгаар нь авч үзвэл хүний үйл ажиллагаа болон ямар нэгэн байгалийн үзэгдлээс шалтгаалан сөрөг нөлөөлөл үүсэх магадлал болон сөрөг нөлөөллийн (эд хөрөнгө, хүний эрүүл мэнд, экологийн төрөл зүйлийн хорогдол, хохирол) үр дагаврын хэмжээг чанарын хувьд тодорхойлсон томьёолол юм. Эрсдэлийг тоон болон чанарын хувьд тодорхойлох боломжтой. Эрсдэлийн тоон илэрхийллийг эрсдэлийн сөрөг нөлөөллийн хэмжээг тодорхойлоход тоон утга буюу эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний индекс тооцоход ашигладаг. Эрсдэлийн чанарын илэрхийлэл (бага, их, хэт их) нь өгөгдсөн нэр томьёоны хоорондын харьцангуй ялгааг гаргахад ашиглагдана. Байгаль орчны эрсдэлийг химийн бодис хэрэглэх, үйлдвэрлэх, үйл ажиллагааны доголдол болон болзошгүй аюултай холбон үздэг. Химийн бодис агуулсан шингэн хаягдал голын усанд хаягдах, яндангийн утааг агаарт хаях, болон тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хүний буруутай үйл ажиллагааны үед байгаль орчинд сөрөг нөлөөтэй эрсдэл үүснэ. Үүнээс болж хүн амын эрүүл мэндэд учрах эрсдэлийн үнэлгээг зайлшгүй хийх шаардлагатай.
Орчны нөлөөллийн үнэлгээний нэг хэсэг нь хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ юм. Амьсгал эсвэл хоол боловсруулах замаар орох химийн бодис бүрийн биологийн биет дэх агууламжийг 100% гэж тооцоолбол янз бүрийн эх үүсвэрийн хоруу чанарын лавлах хэмжээ нь өөр өөр байх тул тооцооллыг сайтар нягтлан баталгаажуулах хэрэгтэй. Төгсгөлийн үеийн шинжийг үнэлэх үнэлгээнд суурилан хоруу чанарын лавлах хэмжээг гаргах үйлдэл нь хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний зарчимтай адил байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл нь хүнээс үл хамаарах тул малчдыг даатгалын тогтолцоогоор хангаж өгөх замаар энэхүү эрсдэлийн нөлөөг сааруулах боломжтой. Манай улсад үүнээс гадна хүний үйл ажиллагаанаас улбаалан бий болсон байгаль орчны доройтол нүүрлээд байна. Тодруулбал Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн улиралд гамшгийн түвшинд хүрч иргэдийн эрүүл мэнд, улмаар амьжиргааных нь чанарт муугаар нөлөөлдөг.
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ
Үер усны аюул, гал түймэр, газар хөдлөлт, хөрсний гулсалт, галт уул дэлбэрэх, хар салхи, цунами, зуд, ган гачиг зэрэг байгалийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх, тэдгээрийн хор хохирлыг даван туулахад эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн хөнөөл, хор хохирлыг нөхөн төлөх, сэргээн босгох, гамшгийн учруулсан эдийн засаг, санхүүгийн алдагдал, бизнесийн үйл ажиллагааны тасалдлаас учирсан хохирол, уналт, байгаль орчинд үзүүлсэн үр дагавар, даатгалын төлбөр болон эрсдэлийг бууруулахад гарсан зардлыг нөхөхөд эрсдэлийг тооцох нь чухал байдаг. Гамшиг нь хөгжиж буй орнуудын хуримтлуулсан хөрөнгө болон хөгжлийн ололтыг сүйтгэж, ядуурлыг бий болгодог гол эх үүсвэр юм. Гамшгийн нөлөөллөөс үүсэх хор уршгийг хохирол багатай даван туулах асуудал нь гамшгаас хамгаалах чадавхаас ихээхэн хамаарч байна. Гамшгаас хамгаалах чадавхийг дэлхийн улс орнууд гамшгаас хамгаалах эрх зүйн зохицуулалт, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо, эдийн засаг, нийгэм, хүн амын эмзэг байдлын түвшин, эдгээрийн үнэлгээ, гамшгийн эмзэг байдлыг бууруулах арга хэмжээ, байгалийн болзошгүй аюулыг эртнээс сэрэмжлүүлэх хүчин чадал, мэргэжлийн боловсон хүчний хангамж, аврах ажлын багаж, техник хэрэгслийн хангалт, хүн амын гамшгаас хамгаалах боловсрол болон бараа, материалын нөөц бүрдүүлэлтийн боломжоор ойлгож байна. Манай орны гамшгаас хамгаалах чадавх сул байна. Гамшгаас хамгаалах салбарын мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, аврах ажлын зориулалттай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамж хүрэлцээгүй, тэдгээрийн техникийн үзүүлэлт хоцрогдонгуй байна. Байгалийн болон технологийн гамшиг хүний амь нас, эд хөрөнгө, дэд бүтэц, соёлын өв, экологийн суурьт ихээхэн хор нөлөө үзүүлдэг. Шууд бус хор хохирол гэдэгт бизнесийн үйл ажиллагаа тасалдах, үйлдвэрлэлийн алдагдал, үйлчилгээний хэм хэмнэл алдагдах байдал орно. Хөгжиж буй орнуудад байгалийн болон технологийн гамшгийн хор хохирол ДНБ-нийг ноцтой бууруулахад хүргэдэг. Сүүлийн хорин жилд гамшгаас болж алдсан хор хохирол, алдагдал нэмэгдсээр байна. Хүн амын тогтвор суурьшилд гамшиг нөлөөлж, хөдөөнөөс хот руу нүүх нүүдэл нэмэгдэж, хотын хүн амын механик өсөлт нэмэгдэж байна. Ийм учраас гамшийг эрсдэлийн менежментийн стратегийг зөв тодорхойлж, эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах, эдгээр эрсдэлд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг судалж тогтоох хэрэгтэй юм. Байгалийн гамшгаас болж технологи сүйрч, түүнээс хамаарах систем бууран сүйрэх аюултай. Гамшиг хүн амын амьдралд нөлөөлөөд зогсохгүй, байгаль орчинд удаан хугацааны хор хохирлыг үзүүлдэг. Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр бол гамшгийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулахад чиглэсэн системчилсэн хандлага юм. Гамшгийн менежментийг хэрэгжүүлснээр нийгэм эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж чадна. Хүмүүнлэгийн тусламжид зарцуулж байгаа 10 тэрбум долларын зөвхөн 4 хувь нь гамшгаас сэргийлэх арга хэмжээнд зарцуулагдаж байгаа тооцоо бий бөгөөд сэргийлэхийн тулд зарцуулсан доллар бүхэн 5-10 доллараар хэмжигдэх алдагдлыг хааж байна гэж ойлгож болно. 1970-аад оноос эхлээд гамшгийн менежментийн бодлогыг боловсруулж, практикт хэрэглэж эхэлсэн түүхтэй.
Гамшгийн менежментийг хэрэгжүүлснээр түүнээс сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авах, хор хохирлыг арилгах, эрсдэлийг бууруулах, сэргээн босгоход байгаа нөөц бололцоог бүрэн дайчилж, удирдан чиглүүлэх, ашиглах, зохион байгуулах үр дүнтэй үйл ажиллагаа юм.
Урьдчилан сэргийлнэ гэдэг бол гамшиг тохиолдохоос зайлсхийхэд чиглэсэн арга хэмжээ, түүнээс зайлсхийх боломжгүй бол аюулыг багасгах, хохирлыг бууруулах бүхий л арга хэмжээг авах явдал юм.
Бэлэн байдал гэдэг нь гамшиг тохиолдлоо гэхэд түүнийг урьдчилан мэдэж, хэвийн байдлыг хадгалахад чиглэсэн алхам болно.
Хариу арга хэмжээ гэдэг нь гамшгийн хор хохирлыг бууруулах, арилгах, гамшгийг даван туулсан хүн амын анхан шатны хэрэгцээг хангахад чиглэсэн арга хэмжээ авахыг хэлнэ.
Сэргээн босголт гэдэг нь тухайн газрын оршин суугчдын аж амьдралыг гамшиг тохиолдохоос өмнөх хэмжээнд аваачих арга хэмжээ юм. Эрсдэлийг бууруулна гэдэг бол гамшгаас үүдсэн хор хохирлыг багасгах явдал юм.
Сэргээн босгох арга хэмжээний үеэр гамшигт өртсөн хүмүүст орон байраа засч янзлах, наад захын хэрэглээг хангах, зайлшгүй үйлчилгээг хүргэх, эдийн засаг, нийгмийн гол үйл ажиллагааг дахин сэргээнэ.
Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхи, бэлэн байдлыг дээшлүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг зохион байгуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийг тандан судлах, урьдчилан мэдээлэх арга, технологийг нэвтрүүлж, мэдээллийг хэрэглэгчид шуурхай хүргэх арга замыг боловсруулж, эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах шаардлагатай байгаа юм.
Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах нь чухал. Ингэхдээ байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн үнэлгээний аргачлалыг учруулж болзошгүй байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн аюул, төв, орон нутгийн газар зүйн байршил, эдийн засаг, нийгмийн онцлог, хөгжлийн бодлого, олон улсын жишиг үнэлгээний аргачлалд тулгуурлан боловсронгуй болгох юм. Гамшгийн эрсдэл хуваалцах даатгал, давхар даатгалын тухай хуулийг боловсруулах, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох юм. Эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй газар хөдлөлт, үер, цацраг, химийн хорт болон аюултай бодисын хордуулалт, бусад гамшгийн хор уршгийг арилгах аврах ажлын зориулалттай тусгай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах нь чухал ач холбогдолтой.
Техник технологийн өндөр хөгжил, бидний амьдралын байнга өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс шалтгаалсан орчны бохирдол, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт, хог хаягдлын буруу менежмент, биологийн төрөл зүйлийн хомсдол зэрэг нь иргэдийн амьдрах орчны чанарыг ихээхэн доройтуулж байна. Зарим бүс нутагт байгалийн нөөц баялаг эрс хомсдож байгаа нь иргэдийн мэдлэг боловсрол тааруу, хүн амын дунд ажилгүйдэл, ядуурал, хялбар аргаар ашиг олох сэтгэлгээ газар авснаас гадна байгальдаа чиглэсэн төрийн бодлого, хяналт муу, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхи сул байгаатай холбоотой. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалах, зөв зохистой менежмент явуулах үүргийг төр засаг дангаараа хүлээх нь үр дүн муутай тул ард иргэд, гадны тусламжийн байгууллагууд, иргэдийн сайн дурын хөдөлгөөн, хувийн хэвшил ялангуяа төрийн бус байгууллагын оролцоо нэн чухал байр суурьтайг нотлон харуулж байгаа юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд манай гаригийн ихэнх бүс нутаг, ялангуяа Ази тивд байгалийн гамшгийн давтагдал ихэсч, учруулж байгаа хор хөнөөл нь жилээс жилд нэмэгдсээр байна. Байгалийн гамшиг бол харьцангуй томоохон нутаг дэвсгэрийг хамарсан байгаль, цаг уурын аюулт үзэгдэл тохиолдсоны улмаас хүний амь нас осолдох болон материаллаг баялгийн ихээхэн хохирол учирч нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой бэрхшээл учрах явдал юм. Байгалийн гамшгийн эрсдэлийн болон түүний улмаас эдийн засаг, нийгэмд учрах хохирлын үнэлгээг агаар мандлын гаралтай байгалийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, газар хөдлөл, ой, хээрийн түймэр биологийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, ган, цөлжилтийн эрсдэлийн үнэлгээ, байгалийн гамшгийн эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хөдөө аж ахуйд учрах эрсдэлийн үнэлгээ, дэд бүтцэд учрах эрсдэлийн үнэлгээ, нийгэмд учрах эрсдэлийн үнэлгээ гэж хэдэн бүлэгт ангилан үздэг.
Гамшгийн эрсдэлийн менежментийг хэрэгжүүлснээр байгалийн гамшигтай тэмцэх бүсийн чадавхийг хөгжүүлнэ, байгалийн гамшгийн менежментийг боловсронгуй болгоно, байгууллага, аж ахуйн нэгжийн тогтвортой ажиллагаа дээшилнэ, нийгэм, эдийн засгийг байгалийн гамшгийн эрсдэлээс хамгаалах материаллаг бааз улам бэхжиж гамшгийн улмаас учрах хохирол эрс буурна.Улс орон тогтвортой хөгжлийн замд орохын хэрээр байгалийн гамшгийн нөлөөлөл ихээхэн багасч гамшгийн улмаас учрах хохирлыг боломжтой доод түвшинд хүртэл бууруулах үндсэн нөхцөл бүрдэнэ. Гамшгийн аюулыг бууруулах асуудлыг дан ганц төр хариуцан гүйцэтгэх бус харин ажилд төр засаг, орон нутгийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, бүрийн оролцоо, гадаадын улс, олон улсын байгууллагын хамтын хүчин чармайлтыг уялдуулж, түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлснээр тэр нь амжилттай хэрэгжих үндэстэй.Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийн оролцоог бүх талаар хангах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах, нутгийн иргэдэд түшиглэсэн гамшгаас хамгаалах менежментийг хөгжүүлэхийг бодлогоор хөхүүлэн дэмжих, эрсдэлийг бууруулах түншлэл, хамтын ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.Гамшгийн эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэхдээ олон улсын туршлагаас суралцах, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, шаардагдах тоног хэрэгсэл, багажаар хангах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулахад онцгой анхаарах шаардлага тулгарч байна.