Ч.Ундрам: Ариун цэврийн байгууламж ярихаасаа ичихгүй байна. Энэ бол том асуудал
2022.03.15

Ч.Ундрам: Ариун цэврийн байгууламж ярихаасаа ичихгүй байна. Энэ бол том асуудал

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.

-НАМАЙГ УЛС ТӨРД ОРСНООС БОЛЖ МИНИЙ ААВ ЯНЗ БҮРЭЭР ЦОЛЛУУЛАХАД Л ЭМЗЭГЛЭСЭН-

-Таны хамаарал бүхий компани Хөгжлийн банкны зээл болох 3.6 тэрбум төгрөгөө төлчихсөн. Ц.Анандбазар гишүүнийх 17 тэрбум төгрөг төлөх үеэр танайх төлсөн байдаг. “Тэрбум тэрбум мөнгийг ганцхан хоногийн дотор төллөө, ямар их мөнгөтэй юм” ч гэгдсэн?

-Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдтолоо МУИС дээд боловсролын байгууллагад ажиллаж байсан. Миний аав геологич мэргэжилтэй. Энэ мэргэжлээ ОХУ-д эзэмшиж ирээд ШУТИС-д багшилж байгаад 1990-ээд онд амьдралын эрхээр бизнесийн салбарт орсон. Монголчууд бүгд ганзагын наймаанд явж эхэлсэн яг л тэр үед. Бизнес эрхэлж л байгаа бол зээл авах хэрэгцээ гардаг. Тэр журмаар зээл авч бизнесээ өргөжүүлж, босгож ирсэн.

Аав маань дандаа амжилттай явж, ашигтай ажиллаж ирээгүй. Унаж, босч жаргал зовлонг ээлжилж л туулсаар өнөөдөр нэлээдгүй тогтвортой бизнестэй болсон. Намайг их сургуульд багшилж байхад надтай надгүй бизнесээ удирдаад, өргөжүүлсэн байдаг. 2018 онд авсан зээл юм билээ. Тухайн үед би их сургуулийн удирдлагын багт ажиллаж байсан. “Хөгжлийн банк”-ны зээлд миний нөлөөлөл ороогүй, тийм боломж ч байхгүй. Би чинь дөч хүрчихсэн өөрийн гэсэн ажил, амьдралтай хүн шүү дээ. Мэдээж эцэг, охины хувиар уулзах санал бодлоо солилцох, зөвлөгөө авах зүйл байлгүй л яахав.

Чухам зээл авсан тэр үед миний аав үйлдвэрийнхээ төслийг бичиж, зээл хүссэн юм билээ. Хүссэн зээлээ авч чадаагүй тодорхой хэмжээг нь өөрөө босгоод үйлдвэрээ барьж байгуулсан байдаг. Экспортыг дэмжих зээл хамрагдаж, экспорт хийж зээлээ ч эргүүлэн төлж байсан. Цар тахалтай холбоотойгоор хил гааль хаагдаж багагүй доголдол үүссэн. Ингээд хэсэг хугацаанд хамаг бизнес доголдолд орсныг бүгд мэдэж байгаа. Ингээд зээлээ эргэн төлж чадалгүй хэсэг хугацаанд доголдолд орсон. Удалгүй Хөгжлийн банкны асуудал ч дэгдсэн.

-3.6 тэрбумын нэг дор төлчихсөн гэх шүүмжлэлийн тухайд?

-Мэдээж энэ их мөнгө бэлэн байгаагүй. Өмнө нь хийсэн борлуулалтын орлого дээрээ энд тэндээс зээлээд төлсөн юм билээ. Мэдээж хил гааль хаагдаагүй, доголдоогүй бол хугацаандаа төлөөд л явах байсан. Уул уурхайн салбар экспорт хийж байж орлого олдог. Сул зогссон хугацаанд 1500 гаруй ажилтнаа цалинтай байлгаж, нийгмийн даатгалыг нь төлж ирсэн. Цар тахал дэгдээгүй байх хугацаанд улс орондоо маш их хэмжээний татвар төлсөн. Манай компани шиг их зүйл хийсэн уурхай тэр хавьд байдаггүй. Нийгмийн хариуцлагатай уул уурхайн компаниудын нэг гэж хэлж болно.

Төслийн хүрээнд шинээр байгуулсан компанийг өөр хүн хамтран хувь эзэмшдэг юм билээ. Хөгжлийн банкны асуудал дэгдэж миний нэр холбогдож эхлэхэд энэ тухай тодруулж мэдсэн. Аав бид хоёр тусдаа амьдралтай, өөрийн гэсэн толгойтой, үзэл баримтлалтай хүмүүс. /инээв.сурв/ Миний аав надтай надгүй бизнесээ сайхан авч яваа мундаг бизнесмен.

-Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр тань холбогдож, сошиал дайралтуудад сэтгэл хэр эмзэглэв?

-Үгүй. Надад Хөгжлийн банкны зээлийн асуудал дэлгэгдсэн нь маш зөв. Хууль бус олон асуудал ил болсон. Тийм болохоор өөр дээрээ төвлөрөхөөс илүү ямар асуудлууд цаана нь байгаа вэ гэдэг нь илүү анхаарал хандуулсан. Тухайлбал, их хэмжээний зээл авсан хэрнээ эргэн төлөөгүй, эргээд улсын үйлдвэрүүдийг худалдаад авчихсан асуудлууд илүү надад сонин байсан гэх үү дээ. Мөн ирээдүйн орлого болоод үнэ хүрэхгүй зүйлсийг барьцаанд тавьчихсан байх жишээтэй.

Энэ мэт хууль бус зүйлс дэлгэгдсэн нь асар зөв гэж бодож байна. Харин намайг улс төрд орсноос болж миний аав янз бүрээр цоллуулахад л эмзэглэсэн. Тэр хүн өөрийн хөдөлмөрөөр шударгаар бизнесээ эрхлээд явж байгаа. Улс төрд ороогүй байсан бол ингэж дуудуулж цоллуулахгүй л байсан байх гэж бодсон. Гэхдээ учир мэддэг, ухаж ойлгодог хүмүүс хэзээ хэрхэн зээл аваад, хичнээн ажлын байр бий болгоод, ямар хэмжээний татвар улсдаа төлж байгааг харж байгаа. Хэн нь буруу замаар яваад байгааг ойлгож байгаа гэж найдаж байна.

-Зээлийн барьцааны асуудал энэ зээлийн хамгийн эмгэнэлтэй зүйл болчихлоо. Танайх барьцаа хөрөнгө юу тавьсан байсан бэ?

-Уул уурхайн тоног төхөөрөмж болон томоохон үл хөдлөх хөрөнгүүд барьцаалсан юм байна лээ. Уул уурхайн техник тоног төхөөрөмжүүд асар үнэтэй. Зарим экскаватор 4 сая ам.долларын үнэтэй байх жишээтэй.


-ҮНЭНДЭЭ Ц.МӨНХЦЭЦЭГ ГИШҮҮН БИД ХОЁР АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛД УЛСААС МӨНГӨ ТАРААХ, ҮЙЛДВЭР БАРИХ ЗОРИЛГО БАЙХГҮЙ-

-Ц.Мөнхцэцэг гишүүн та хоёр сургуулийн насны охидын ариун цэврийн хэрэглэлийн асуудал гаргаж тавиад нийгэмд багагүй хэлэлцүүлэг талцал өрнөж байгаад намжсан. Ахиж энэ асуудлаар дуугарч, ажил хэрэг болгох уу?

-Одоогоос нэлээн хэдэн сарын өмнө НҮБ-ийн хүүхдийн хөгжлийн сангаас гаргасан судалгааг уншиж байж үүнийг нэлээдгүй чухал асуудал болохыг олж харсан. Энэ талаарх хэд хэдэн асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой юм байна, судалгаагаа гүнзгийрүүлж хийсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй хамтарч нийгэмд ойлгуулаад явах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ингээд төлөвлөгөө гаргаад явж байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндрөө авч, олон нийтийн дунд маргаан дагуулж эхэлсэн. Маш эмзэглэмээр жишээнүүд бий. Хөдөө орон нутагт дотуур байранд сурч байсан охин сарын тэмдэг нь гэнэт ирэхэд ямар ч мэдээлэл бэлтгэлгүй байсан тул байрныхаа хөнжил даавуунаас нь тастаж хэрэглэсэн.

Түүнээс болж байрныхаа зохион байгуулагчид зодуулсан асуудал гарсан. Ажил хэрэг болгоё гэж төлөвлөж байсан сэдэв маань нийгэмд нэгэнт түгэхэд зоригтой дуу хоолойгоо илэрхийлсэн юм. Эсэргүүцэж буй хэсэг үүнийг нийгмийн халамж гэж харж байгаа нь анзаарагдсан. Гэтэл энэ нь байгалиас заяасан өгөгдөл.

Цаашлаад хүний эрхийн асуудал. Хэзээ биений юм ирэхийг охид байтугай бид мэддэггүй шүү дээ. Охидын ээж, аав нь ариун цэврийн хэрэглэл авч өгөх чадвартай ч бай, үгүй ч бай сургууль дээр байж байхад гэнэт ирэх асуудал тохиолддог. Үүнээс болж хувцас дээр нь толбо үүссэнээр ангиараа нийлж шоолж, багш нь хүртэл муу үлгэр дуурайл болгож ярьснаар сэтгэл зүйн маш өндөр хямралд орсон явдал гарсан байх жишээтэй. Улмаар сургуульдаа хэдэн сар явах хүсэлгүй болж, сурлагад нь хүртэл нөлөөлсөн асуудал. Үүнийг би хэлээд байгаа юм биш. НҮБ фокус бүлгийн ярилцлага хийсэн байна лээ. Энэ утгаараа маш том хүний эрхийн асуудал. Тиймээс сургууль дээр ариун цэврийн хэрэглэлийг бэлэн байлгах нь чухал асуудал болж хувирч байгаа юм. Мөн багш нарыг хүний эрхийн мэдрэмжтэй байлгах нь чухал асуудал.

-Ц.Мөнхцэцэг гишүүн та хоёрыг ариун цэврийн хэрэглэлийн үйлдвэр байгуулаад мөнгийг нь төсвөөс авах гэж байна гэдэг шүүмжлэл хүртэл гарсан?

-Ийм шүүмжлэл нэлээн их ирсэн. Үнэндээ бид хоёрт ямар ч тийм зорилго байхгүй. /инээв.сурв/ Харин ч Монгол Улсдаа ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэх ямар боломж байна вэ. Хүүхдийн памперс болон хэрэглэл нь байгальд шингэдэггүй хамгийн хортой хог хаягдалд ордог юм билээ. Эдгээрийг байгальд ээлтэй хэлбэрээр яаж хийх ёстой вэ гэдэг судалгааг НҮБ-ийн хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй ярьчхаад байж байсан. Монголд өнөөдөр эсгийгээр саван, тэжээл хүртэл хийж байна шүү дээ. Эсгийгээр хийх боломж байна уу, өөр ямар материалаар хийж болох вэ зэрэг судалгааг хийхээр тохирсон. Судалгааны дараа ЖДҮ эрхлэгч нарыг НҮБ-ийн хүүхдийн хөгжлийн сангаас шалгаруулж, тэдэнд шинэ технологи инновацийг өгч үйлдвэрлэл эрхлэх боломжоор хангаж, дэмжих боломж байгаа гэж хүртэл ярьсан байгаа юм.

-Ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараахад жилд 3 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг мэдээлэл явж, улмаар “жилд энэ их хэмжээний мөнгийг эмэгтэй гишүүд өөрсдөө угаах гэж байна” гэснээр энэ асуудал нухчин дарагдаж намжих шиг болсон гэж анзаарлаа?

-Миний хувьд одоогоор ямар ч мөнгөний тоо ярьж дуугараагүй. Учир нь би багц судалгаа хийж байгаа. Одоогийн байдлаар шинэ технологийн судалгаа хийлгэх нь хамгийн чухал байна. Судалгаа хийгдсэний дараа үйлдвэрүүдийг дэмжих, дэмжлэг авсныхаа хариуд үйлдвэр нь орон нутгийн сургуулиудыг ариун цэврийн хэрэглэлээр хангаж тодорхой хугацаанд соёлыг түгээх гэсэн моделийг харж байна. Миний хувьд. Түүнээс биш улсын төсвөөс мөнгө авч бүх охидод тараах асуудал огт яриагүй.

-Энэ асуудал талцал маргаан дагуулаад намжсаны дараа нийслэлийн зарим нэг сургууль ариун цэврийн хэрэглэлийн булан нээсэн байсан?

-Тухайн сургууль маш соргогоор хүлээж аваад өөрсдөө санаачлаад булан нээж байгаа нь үнэхээр гайхалтай. Боловсролын салбарынхан хүний эрхийн мэдрэмжтэй байна, зөвөөр ойлгож хүлээж авч байна. Маш баяртай байна. Эсэргүүцэж байгаа хүмүүс ч гэсэн ойлгож бодож эхэлж байгаа байх.


-АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ ЯРИХААСАА ИЧИХГҮЙ БАЙНА. ЭНЭ БОЛ ЖИЖИГ БИШ ТОМ АСУУДАЛ-

-Ариун цэврийн хэрэглэлээс гадна ариун цэврийн байгууламжийн асуудал охидын хувьд маш хүнд сэдэв болчхоод байгаа. Энэ талаар ч ажиллаж эхэлсэн гэж дуулсан юм байна?

-Ариун цэврийн хэрэглэлээс гадна 00 /ариун цэврийн өрөө/-ийн асуудлыг хүртэл ярьсан. Судалгаагаар ариун цэврийн ихэнх байгууламж эрэгтэй, эмэгтэй гэж хуваагддаггүй, дундын хэрэглээ байгаа тухай. Мөн цоожгүй, зарим нь бүр хаалгагүй, цонхтой тэр нь хөшиггүй, бохирын савгүй, 00 цаасгүй гэхчлэн маш олон асуудал бий. Энэ нь эргээд охидын хувьд хүний эрхийн мэдрэмжгүй асуудал болж хувирч байгаа юм. Ингээд бид стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болъё, хүний эрхийн мэдрэмжтэй орчинг охидуудад бий болгож өгье ингэхийн тулд ЖДҮ эрхлэгчдээ дэмжье гэхчлэн асуудлыг ул суурьтайгаар цогцоор нь шийдвэрлэх гарц гаргалгаа гаргахаар ажиллаж байгаа.

-Хэзээнээс ажил хэрэг болгож эхлэх вэ?

-Энэ хүрээнд эхний ээлжид сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгох төслийг эмэгтэй гишүүд хамтран хэрэгжүүлж эхэлж байна. Үүнд шаардлагатай 100 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж шийдвэрлэхээр болсон. Удаашралтай ч гэлээ алдаа оноотойгоор хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Зарим хүмүүс их жижигхэн зүйл ярилаа гэж шүүмжилж байгаа. Гэхдээ ариун цэврийн байгууламж ярихаасаа ичихгүй байна. Яагаад гэвэл энэ бол Монгол Улсын хүн амын 51 хувьтай холбоотой жижиг биш том асуудал гэж хэлмээр байна.

-Их сургуулийн 00 нь хүртэл ард нь нуугдаад бичлэг хийчихдэг эмгэнэлтэй. Хөдөө орон нутгийн сургууль, дотуур байрны 00-ууд банзан, асар их зай завсартай гэхчлэн асуудалтай. Ариун цэврийн байгууламжуудыг стандартжуулах ажил хэзээ эхлэх вэ, эхэлчихсэн үү?

-819 нүхэн жорлонг шинэчлэхээр зураг төсөв нь хийгдээд тендер нь эхнээсээ зарлагдсан. Цөөхөн хэдэн газруудад гүйцэтгэл нь эхэлчихсэн явна. Энэ жилдээ бүгдийг нь шинэчилж дуусна гэдэг амлалтыг БШУ-ны сайд амлалт өгсөн. Хоёрдугаар ээлжид одоо байгаа ариун цэврийн байгууламжуудаа стандартжуулах ёстой. Стандартыг сахиж хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа боловсролын байгууллагын хэрэгжилт дээр анхаарах ёстой байна. Нэмээд олон нийтийг охидын сарын тэмдгийн асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй байгаасай гэж хүсч байна.

-“Парламентад боловсролтой бодлого ярьдаг хэдэн эмэгтэй гишүүд орж ирлээ” гэж үнэлэгдэж байсны нэг нь та. УИХ-д орж ирж суугаад бодож, санаснаа хэр хэрэгжүүлж чадаж байна вэ?

-УИХ-ын гишүүний үүрэг бол хууль эрх зүйн орчныг сайжруулах, хууль санаачлах, тогтоох, хэрэгжилтэд хяналт тавих юм. Миний хувьд боловсролын салбараас сонгогдсон. Энэ салбартаа бодож санаснаа хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Салбарт маань санаа зовних асуудал их бий. Манай салбараас сонгогдсон УИХ-ын туршлагатай гишүүд нэлээдгүй олон. Бид санаа нийлэх үедээ нийлж, маргаж мэтгэлцэх үеүд ч гарч байгаа. Боловсролын багц хуулиа яаралгүйгээр хэлэлцэж батлуулахаар хүмүүсийг залхтал нь хэлэлцүүлэг хийж байгаа. /инээв.сурв/ Олон талуудыг оролцуулж санал бодлыг нь сонсож байна. Өнөөдөр гэхэд хуульчдыг урьж оролцууллаа. Боловсролын салбарыг өнөөдрийн төвшинд ирнэ гэж арай ч бодоогүй. Дээд боловсролын салбарт буюу дотор нь ажиллаж байсан арай ч нүхэн жорлонтойгоо зуун жил болчихсон байна гэж бодоогүй. Модон жорлонгийн асуудлыг шийдсэндээ баяртай байна. Гол нь сэтгэл мэдлэг чадвар л байвал.

Мөн эрүүл мэндийн салбарт ямар их өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй байгааг коронавирусийн цар тахал бидэнд харууллаа. Улс орны хөгжлийн өндөр барилгаар нь биш хүний хөгжлөөр нь хэмждэг. Хүн ам нь хэр эрүүл, боловсролтой, амьдрах чадвартай байна вэ гэдгээр нь хэмжих юм л даа. Харамсалтай нь бид эдгээр үзүүлэлтүүдээр сүүл мушгиж байна. Хүн рүү чиглэсэн асуудалд эмэгтэй гишүүд эмэгтэй хүний инстинктээрээ илүү их анхаардаг юм билээ. Тиймээс жендерийн хувьд засаглал тал дээр 50/50 хувьтай болохын төлөө зорих ёстой гэж үзэж байна.


-ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙГ ҮЗЭМЖ ТАЛААС НЬ МАШ ИХ ШҮҮМЖИЛДЭГ. БИД ЯМАР ЗАГВАР ӨМСӨХ ГЭЖ ОРЖ ИРСЭН БИШ ДЭЭ-

-“Амбицтай хэдэн хүүхнүүд” гэдэг шүүмжлэл их дагах юм аа?

-Амбицтай хэдэн хүүхнүүд гэж янз бүрээр л ярьж байна. Миний хувьд охидыг ч, хөвгүүдийг ч амбицтай байлгах ёстой гэж үздэг. Тэр нь сайн юм хийх, бүтээх юмсан гэдэг амбиц. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ярилцаад ижил тэгш эрхтэйгээр шийдвэр гаргах нь зөв. Засаглалаас эхлээд бүхий л шатанд зөв шийдвэр гарч илүү үр дүн гарна гэж бодож байгаа.

-Эмэгтэй гишүүд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхэд хүндрэл бэрхшээл тулгарч байна уу?

-Айхтар хүндрэл бэрхшээл байхгүй. Өөрийн мэддэг зүйлийг ярихад ямар ч асуудалгүй шүү дээ. Миний хувьд судлаагүй, мэдэхгүй зүйл рүү нэг их ордоггүй. Мэддэг, чаддаг асуудлаараа хэнээс ч санаа зовохгүй хэлдэг, ярьдаг. Нийгэм талаас чи эмэгтэй учраас “эмэгтэйчүүдийн асуудал, хүүхэд хүчирхийллийн асуудлыг л ярих ёстой” гэж тулгадаг. Эмэгтэйчүүд яагаад том сэдэв ярьж болохгүй гэж. Боловсрол, эдийн засгийн асуудал чинь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаагүй асуудал. Хүн амын 51 хувийнх нь асуудал, хүүхдийн асуудлыг ч ялгаагүй эрэгтэйчүүд ярих ёстой. Бүх улс төрчдөөс адилхан шаардаасай гэж хүсдэг. Мөн эмэгтэйчүүдийн үзэмж талаас нь маш их шүүмжилдэг. Ямар сонин хувцасладаг юм бэ, үс нь сэгсийчхээд, хөгширчхөөд, таргалчхаж гэхчлэн шүүмжилдэг. /инээв.сурв/ Бүх талаараа төгс байх ёстой юм шиг. Бид ямар загвар өмсөх гэж орж ирсэн биш дээ. Хамгийн гол нь урдах ажлаа хийх ёстой. УИХ-ын чуулганы болоод байнгын хорооны хуралдаанд сууж байх ёстой. Хууль боловсруулах тогтолцоонд оролцох, шийдвэр гаргалцах ёстой. Иймэрхүү үндсэн ажил дээр шүүмжлэл хэлбэл уг нь оновчтой. Ийм шүүмжлэлийг хүлээж авахад бэлэн. Гэтэл “чи эмэгтэй байж, үс зүс чинь ингэчхэж, тэгчхэж” гэдэг шүүмжлэлийг хүлээж авах дургүй. Мэдээж зохисгүй хувцаслахгүй. Хувцаслалтын шаардлагыг эр, эм ялгаагүй гишүүдэд тавих ёстой.

-Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл болоод амиа алдах асуудлууд дээр дуугүй суулаа гэж эмэгтэй гишүүдийг хамгийн их чичилдэг. Энэ тал дээр ямар байр суурьтай явдаг юм бэ?

-Бид жендерийн болоод хүүхдийн асуудлаар нэлээдгүй их дуугардаг. Сая Нийгмийн бодлогын байнгын хороогоор Хөдөлмөрийн тухай хууль хэлэлцсэн. Үүн дээр жендерийн асуудлыг маш сайн тусгаж өгсөн. Хүүхэд нь 3 нас хүрээгүй эмэгтэйг илүү цагаар ажиллуулах, томилолтоор явуулахдаа ажилтантайгаа заавал зөвшилцөнө гэж тусгасан. Түүнчлэн хүүхэд хөхүүлэх өрөөтэй байх ёстой гэхчлэн. Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой төсвийг хасах гэж байхад болиулсан. Энэ мэтчилэн хийх ёстой ажлуудаа хийгээд явж байгаа. Жендерийн төлөө, хүүхдийн төлөө дуу хоолойгоо илэрхийлнэ гэдэг нь гудамжинд гарч орилоод байхын нэр биш. Тэгвэл шийдэгдэх ч үгүй. Харин хууль эрх зүйн орчин, хэрэгжилт тал дээр нь үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Энэ дагуу хийгээд явж байгаа. Барилгын цахилгааны асуудлаас болж хүүхэд эндэх асуудал гарсан. Гэтэл барилгын эздээс, эрэгтэй гишүүдээс яагаад хариуцлага нэхэхгүй байгаа юм бэ. Тэдэнд хамаагүй асуудал юм уу. Эрэгтэй хүмүүс эндэхэд эрэгтэй гишүүдийг яагаад дуудаж хариуцлага нэхэхгүй байгаа юм бэ. Энэ бүх асуудалд эр, эмгүй л санаа зовниж шаардлага тавих ёстой.

-Нээрээ Ц.Анандбазар гишүүний эсрэг охид эмэгтэйчүүд нийгэм даяар давлагаалж байхад та хэдийг чимээгүй байлаа гэж чичилсэн юм байна шүү дээ?

-Хуулиар гэм буруутай эсэх нь тогтоогдтол тухайн хүнийг гэм буруугүйд тооцдог. Бид нар хууль тогтоодог, сахидаг нэг нойморын хүмүүс. Ц.Анандбазар байна уу, Ч.Ундрам байна уу хамаагүй. Бүх хүнд эрх гэдэг зүйл бий. Хуулиар гэм буруутайг нь тогтоосон тохиолдолд бид хатуу зогсох ёстой.


-ХҮҮХДИЙГ ГУРАВ БИШ ХОЁР НАСНААС НЬ ЭХЭЛЖ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ НЬ ЗӨВ ГЭСЭН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА-

-Та түрүүн боловсролын салбар дампуурсан гэж ярилаа. Сайд солигдох бүрд боловсролын хөтөлбөрийг өөрчилсөөр тоглоом шиг болгочихсон энэ салбараа цаашид хэрхэх ёстой гэж бодож байна вэ?

-Манай боловсролын салбартай холбоотой хууль тогтоомжууд 1990 оноос хойш маш олон удаа өөрчлөгдсөн байдаг юм. Дээд боловсролынх гэхэд л арваад удаа. Боловсролын салбараа цогцоор нь ерөөсөө хардаггүй. Гүйцэтгэх засаглалын төвшинд ЕБС-ийн хөтөлбөрүүд байнга өөрчлөгдөж байдаг. Гаднын нэг зөвлөх байгууламж орж ирж төсөл хэрэгжүүлээд л өөрчилчихдөг. Нэг сайд гарч ирээд л өөрийнхөө амбицаар өөрчлөөд байна гэсэн үг шүү дээ. Гэтэл боловсролын салбар маш тогтвортой байх ёстой. Хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүн маш удаан хугацааны дараа гардаг. Өнөөдөр хууль хэрэгжүүлээд маргааш бүгд мундаг боловсролтой болчихдоггүй. Нэг хүүхдийг 12 жил сурах хугацаанд хөтөлбөрөө гурав өөрчилчхөж байгаа байхгүй юу. Тэгэхээр багш нар нь сүүлдээ хөтөлбөрөө ойлгохоо байж, багш бэлтгэх уялдаа холбоо ч байхгүй болж, ямар ч тогтворгүй салбар болж хувирсан байна. Алдаа оноогоо маш сайн харж, дүгнэлт хийгээд урагшаа хараад явж байгаа. Боловсролын салбарыг 100 хувь дампуурчихсан гэж хэлж болохгүй. Өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн хамт олноо үгүйсгэж болохгүй л дээ. Тогтворгүй байдал бол хамгийн том асуудал гэж хэлмээр байна. Энэ бол боловсролын салбарын хамт олонтой бус Монгол Улсын засаглалын тогтворгүй байдалтай холбоотой. Ерөнхий сайд дунджаар 1.8 жил ажиллаж байна. Үүнтэй холбоотой.

-Боловсролын багц хуулиар ямар онцлох асуудлууд яригдаж байна вэ?

-Бид боловсролын баг хуульд СӨБ-д ямар мэдлэг, чадварыг олж авах ёстой юм. Үүнийг олгох хууль эрх зүйн орчин нь ямар байх ёстой. Мөн ЕБС-ийн хөтөлбөрийг аль болох тогтвортой байлгая гэдэг зарчим барьж байгаа. Их сургуулийн удирдлагуудыг төрөөс хараат бус болгоё. Энэ мэтчилэн хараат бус байдлыг хангаж байж илүү тогтвортой болно. Багш бэлтгэх тогтолцоонд ч анхаарч байгаа. Өнөөдөр боловсролын салбар сайн байхын үндэс нь багш сайн байх. Багшийг багаас нь бэлтгэх чухал. Ахлах ангиудад багш бэлтгэх клуб байгуулж, тэндээс нь бэлтгэх. Мэдээж багшийн цалин хөлсний асуудал ч яригдана. Өнөөдөр онц сурдаг хүүхэд би багш болох юмсан, бага цалин авах юмсан, ядуу амьдрах юмсан гэж мөрөөдөж энэ мэргэжлийг сонгохгүй шүү дээ. Цаашид бид багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх ёстой. Гэхдээ боловсролын багц хуулиар биш төсвийн тухай хуулиар үүнийг зохицуулна. Гишүүд ч үүн дээр санал нэг байгаа. Бүх хүүхдийг 12 жилээр сургая гэдэг асуудал яригдаж байна.

-Боловсролын салбарыг засч залруулахад УИХ-ын гишүүний статусаар оролцож, хууль эрх зүй талаас нь санал бодлоо тусгах боломж танд байгаа юм байна?

-МУИС-д анх багшаар ажиллаж эхэлж байхдаа хичээлээ хэрхэн яаж сайн заах вэ гэж боддог байлаа. Дэд профессор, профессор болчхоод шинжлэх ухаанаа яаж хөгжүүлэх вэ гэж боддог юм билээ. Өмнө нь хуулийг хэрэгжүүлдэг хүн байсан бол одоо хуулийг сайжруулах чиглэлд ажиллаж байгаа нь аз завшаан.

-Боловсролын багц хууль асуусных эл хуульд “гурав хүртэлх насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй” гэх заалт оруулж ирсэн юм билээ. Үүнийг дэмжиж байгаа юу?

-Гишүүд эл асуудал дээр хоёр хуваагдаж байна лээ. Зарим гишүүд хүүхдийг гурван нас хүртэл ээж нь өөрөө асарч, анхаарал хандуулах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тэгж байж бид боловсролтой, эрүүл саруул үеийг бэлтгэх ёстой гэх. Мөн дээр нь нэмээд өнөөдөр байгаа цэцэрлэгийн багтаамжаа харж байгаа. Сургуульд орох хүүхдүүдийг бэлтгэх хэрэгцээ байгаа юм. Би оюутан байхдаа том хүүхдээ, МУИС-д багшилж байхдаа багыгаа төрүүлж байлаа. Аль алиныг нь маш бага байхад сургууль, ажилдаа орсон байдаг юм. Миний хувьд хоёр наснаас нь оруулах хэрэгтэй гэсэн саналтай байгаа. Гэхдээ хоёр настай хүүхдийн бүлэгт илүү анхаарал тавьсан орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ингэж анхаарахад зардал мэдээж өснө. Өнөөдөр СӨБ-ийн бүх зардлыг төрөөс даадаг. Тиймээс эцэг эхчүүдээс хоолных нь ч юм уу, тодорхой хэмжээний зардлыг гаргуулах нь зөв гэж бодож байна.


-БУСДЫН ТӨЛӨӨ ЦАГ ЗАВ, ОЮУН УХААН, БҮХ ЗҮЙЛЭЭ ЗОРИУЛААД ЯВЖ БАЙГААГ ГЭР БҮЛИЙНХЭН МИНЬ ОЙЛГОЖ ХҮНДЭЛДЭГ-

-Эмэгтэй хүн улс төрд орж, нийгэмд өндөр байр суурь эзлээд явахад ямар золиос гаргахыг шаардаж байна?

-Улс төрийн албан тушаал нь нийтийн төлөө. Бид олон мянган хүний өмнөөс сонгогдсоны төлөө ард иргэд, улс орныхоо төлөө чадах бүхнээ хийх ёстой. Эмэгтэй хүн, ээж хүн, эхнэр хүний хувьд яалт ч үгүй ар гэрийн ажил, ахуй амьдралын үүрэг орхигддог. Манай гэрийнхэн маш сайн ойлгодог. Миний хувьд орон нутгаас сонгогдсон гишүүн. Зав зай гарвал Сэлэнгэ аймаг руу явдаг. Ялангуяа барын өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ байх боломж хомс байдаг юм билээ. Гэхдээ гэр бүлийнхэн маань маш сайн ойлгож байгаа. “Энэ маань бусдын төлөө өөрийн цаг зав, оюун ухаан, бүх зүйлээ зориулаад явж байгаа учир хүндэтгэлтэй ханддаг” гэцгээдэг. Тиймээс азтай байгаа.

-Та боловсролын байгууллагад хэчнээн жил ажилласан бэ?

-Би арав гаруй жил боловсролын байгууллагад ажилласан. Японд докторын зэрэг хамгаалж ирээд л МУИС-д багшаар ажиллаж эхэлж байлаа. Багшаас эхлээд дэд профессор, тэнхимийн эрхлэгч, профессор, сургалтын албаны дарга, дэд захирал гэсэн албуудыг хашиж байгаад их сургуулийн багшийн ширээнээс сонгогдсон гишүүн. Одоо Боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр ажилладаг. Ер нь боловсролын салбараас огт салаагүй. /инээв.сурв/

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.