Д.Өнөрболор: Хөгжлийн төлөө Хөгжлийн банк оршдог
2022.03.29

Д.Өнөрболор: Хөгжлийн төлөө Хөгжлийн банк оршдог

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад л үндэсний хөгжлийн банкууд амин чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Тийм ч учраас үндэсний болон олон талт хөгжлийн банкуудад үзүүлэх дэмжлэг дэлхий даяар байнга өсөн нэмэгдэж ирсэн түүхтэй.

 
Хувийн санхүүгийн байгууллагууд инновацийн компаниудад, дэд бүтцийн төслүүдэд хангалттай хэмжээний санхүүжилт олгох чадамж муутай учраас эдийн засгийг илүү эрчимтэй, хүртээмжтэй, тогтвортой болгоход шаардлагатай инновацийн, ЖДҮ, байгапь орчны зэрэг төслүүдэд хөрөнгө оруулах нь хөгжлийн гэх тодотголтой банкны гол үүрэг болж ирсэн юм. Тиймээс улс орнуудын Хөгжлийн банкууд мэргэжлийн сайн боловсон хүчинтэй, чиг үүргээ сайн гүйцэтгэдэг, тодорхой зорилготой, бүрэн эрх бүхий, улс төрөөс хараат биш, сайн засаглалтай, санхүүгийн шилмэл байгууллагууд байдаг. Ийм банкууд өндөр ашгаас илүү хөгжлийг эрчимжүүлэх, санхүүгийн үр өгөөжийг хангахыг зорих ёстой. Товчоор хэлэхэд улс орнууд эдийн засаг, нийгмийн хэрэгцээгээ илүү үр дүнтэй хангахуйц санхүүгийн системийг Хөгжлийн банк загвараар бий болгож иржээ.
Францын Хөгжлийн агентлаг "Хөгжлийн банкуудын дэлхийн анхны мэдээллийн сан” бий болгосон байна. Хөгжлийн банк, санхүүгийн байгууллагууд гэж юу вэ, ямар зорилготой вэ, ямар хөрөнгө босгож, татаж чадах вэ, дэлхийн санхүүгийн зах зээл дээрх тэдний хувь хэмжээ хэд вэ зэрэг асуултыг тэр сангийн мэдээллээс харж болох юм. 2019 оны байдлаар дэлхий даяар тив бүрт 450 гаруй төрийн (нийтийн) хөгжлийн банк (Public Development bank), 2018 оны байдлаар 11,1 тэрбум ам.долларын хувьцаатай, 2,2 тэрбум ам.доллар бүхий жилийн дундаж хөрөнгө оруулалттай гэж бүртгэгдсэн байна. Эдгээр хөгжлийн банкууд хэмжээ ба мэргэшсэн байдлын хувьд харилцан адилгүй боловч нийт хөрөнгө нь 11 их наяд ам.доллар давсан санхүүгийн асар өндөр чадамжтай нь харагдаж байна.
 
 
Улс орнуудын Хөгжлийн банк хямралын эсрэг санхүүжилт олгох, инноваци болон бүтцийн өөрчлөлтийг дэмжих, санхүүгийн хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх, дэд бүтцийн санхүүжилтийг дэмжих, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ийм үндсэн 5 үүрэгтэй гэж тодорхойлсон байна.
 
 
 
Дэлхийн хамгийн анхны Хөгжлийн банк "Caisse des Dйpфts et Consignations" (Франц, 1816), дараа нь “Banco de la Provincia de Buenos Aires” (Аргентин, 1822), "Casa de Depositi e Prestiti” (Итали, 1850) үүсч байжээ. Франц, Аргентин, Итали илүү туршлагатай байх нь. Хөгжлийн банкууд бусад санхүүгийн байгууллагуудаас илүү дэвшилтэт, шинэлэг байдаг, ялангуяа шинэ үйл ажиллагаа, инновацийг ихээр дэмждэг. Тухайлбал, Хятадын CDB, Германы Kfw/, Бразилийн BNDES нь технологийн дэвшлийг дагнаж санхүүжүүлсэн бол Чилийн CORFO нь бизнес эрхлэлтийг ихээр дэмжиж ирсэн байх жишээтэй. Эдгээр банкууд баталгаа гаргаж, өрийн сан байгуулж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ хөтөлбөрүүдийг боловсруулж иржээ. Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт зэрэг шинэ чухал салбаруудыг дэмжсээр ирсэн.
 
Жишээлбэл, KfW нь Германд нарны эрчим хүчний сапбарт хөрөнгө оруулалт хийдэг хувийн компаниудын цорын ганц зээлдүүлэгч байсан бол, Хятадын CDB нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого боловсруулж, ихээхэн хэмжээний анхны санхүүжилтийг олгосон байдаг. Үүний үр дүнд Герман, Хятад улс нарны эрчим хүчний томоохон тэргүүлэгч улс болж, дэлхий даяар үүнийгээ сурталчилж, тус салбарыг өрсөлдөх чадвартай болгоход хувь нэмрээ оруулсаар байна. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн бодлогын хорооноос гаргасан “Үндэсний Хөгжлийн Банкуудын ирээдүй” судалгаанд (The Future of National Development Banks" by Stephany Griffith-Jones and Josй Antonio Ocampo, 2018) Хятад, Герман, Бразил, Мексик, Чили, Колумб, Перу зэрэг долоон орны Хөгжлийн банкинд дүн шинжилгээ хийж, эдгээр банкууд амжилттай ажиллаж байна гэж дүгнэсэн байна. Эдгээр орны Хөгжлийн банкууд улс орныхоо үндэсний хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх уян хатан аргаар даван туулахад дэм болсон гэж үзжээ. Хөгжлийн банкууд улс орны хөгжил дэвшил болон хувийн хэвшлийг дэмжих зорилгоор байгуулагдаж, хувьцааны дийлэнх хувийг ихэвчлэн Засгийн газрууд өөрсдөө эзэмшиж байдаг. Санхүүжилт, хөрөнгөө үндэсний болон олон улсын хөгжлийн сангуудаас бүрдүүлж, Засгийн газрын баталгааг ашигладаг. Энэ нь тэдний зээлжих чадварыг баталгаажуулж, олон улсын хөрөнгийн зах зээл дээр их хэмжээний мөнгө босгох, санхүүжилт олоход тусалдаг. Төрийн хөгжлийн банк гэдэг нэр томьёог "Хөгжлийн санхүүгийн байгууллага", "Бодлогын банк" эсвэл "Сурталчилгааны банк" гэх мэтчилэн улс орнууд янз бүрээр нэрлэсэн байдаг ба тодорхой чиглэлээр мэргэшсэн байх нь бий. Хятадын 5 том Хөгжлийн Банк нийт 4.0 их наяд ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн нийт хөгжлийн банкуудын хөрөнгийн 35 хувийг эзэлдэг. Германы Landesbanken нь нийт 1.2 их наяд долларын хөрөнгөтэй. Гэтэл зарим банкууд маш жижиг. Жишээ нь Бразилийн Roraimad evelopmentinstitution ердөө 2 сая ам.долларын баланстай. Прагвайн FundoGanadero нийт тэнцэл ердөө 18 сая ам.доллар, дүрмийн сан нь 5 сая ам.доллар байх жишээтэй.
 
 
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН БАНК ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ?
 
2020 оны арваннэгдүгээр сарын 12-нд Парис хотноо Public Development Banks буюу Төрийн (нийтийн) хөгжлийн банкуудын дэлхийн анхны дээд хэмжээний чуулга уулзалт болж, энэ үеэр дэлхийн 80 гаруй Хөгжлийн банкууд хамтарсан мэдэгдэл гаргажээ.Энэ мэдэгдэлд хөгжлийн банкууд тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцүүлэн, мөн "Ковид-19" хямралын эсрэг хувь нэмрээ оруулахын тулд өөрсдийн стратеги, хөрөнгө оруулалтын загвар, үйл ажиллагаа, ажиллах аргазүй барилаа хамтдаа өөрчлөх шийдвэр гаргаж байна гэж тунхагласан байна.
 
Хөгжлийн банкууд хүчээ нэгтгэж, даян дэлхийн бүх Хөгжлийн банкуудын дэлхийн эвсэл байгуулахыг зорьж байна гээд засгийн газруудын бодлогод нийцэх, түүнийг илүү сайн хэрэгжүүлэхэд бидний потенциалыг ашиглах, Засгийн газрууд дэмжиж ажиллах, "хамтын санхүүжилт"-ийн түншлэлийг өргөжүүлэхийг уриалсан байна. Харин өнгөрсөн намар буюу 2021 оны аравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд дэлхийн 450 гаруй Хөгжлийн банкууд нэгдэж Италийн Ром хотноо "Finance in Common" нэртэй олон улсын-хоёр дахь дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулж, хөдөө аж ахуйн бизнесийг онцгойлж хэлэлцсэн байна.Учир нь Хөгжлийн банкууд хөдөө аж ахуйн корпорациудад, тэдгээрийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигтай хөрөнгө оруулалт хийж, энгийн тариаланчид, малчид, загасчид, хүнсний ажилчид болон уугуул иргэдийн ашиг сонирхлыг хөсөрдүүлж экосистемийг алдагдуулж, хүний эрхийг зөрчиж ирснийг хүлээн зөвшөөрч ийнхүү тусгайлан хэлэлцсэн байна.
 
Өнөө цагт Хөгжлийн банкууд "хөгжлийн төлөө" нэрийн дор улсын болон хувийн компаниудыг санхүүжүүлж, зам, барилга байгууламж, цахилгаан станц, үйлдвэрлэлийн ферм, хөдөө аж ахуйн тариалангийн талбай болон бусад бүтээн байгуулалтыг барихад зориулж жилд 2 их наяд гаруй ам.доллар зарцуулдаг байна. Мөн үндэстэн дамнасан корпорациудыг жишээ нь Армены алтны уурхай, Колумбын маргаантай усан цахилгаан станц, Мозамбик дахь байгалийн хийн үл бүтэх төслүүд зэрэг муу түүхтэй төслийн санхүүжилтүүд, газар булаах, авлига, хүчирхийлэл, байгаль орчныг сүйтгэх болон хүний эрхийн бусад ноцтой зөрчилд орооцолдсон компаниудад хөрөнгө оруулалт хийсэн таагүй түүх ч байна. Энэ талаар дээрх уулзалтад нарийвчлан хэлэлцсэн байна. Хөгжлийн банкууд чанартай дэд бүтцийг бий болгох, зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах санхүүгийн болон санхүүгийн бус шийдлүүдийг санал болгосоор ирсэн.Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын хурд, хамрах хүрээг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэмнэлт, цэвэр технологи, цэвэр эрчим хүч, эрчим хүчний тэгш хүртээмжийг хурдасгах, цар тахлын дараах нөхцөл байдалд эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлж, хүний аюулгүй байдлыг хангах, тэгш байдал, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр боловсрол, орон сууц, цэвэр ус, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламж, түүнчлэн нийгмийн хамгаалал, эмзэг бүлгийн хүмүүс, тэр дундаа залуучууд, ахмад настнуудын нийгэм, санхүүгийн байдлыг дээшлүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, цаг  уур, биологийн олон янз байдал ба нийгмийн зорилтуудыг багтаасан дижитал өөрчлөлт, шилжилтийг хийх, авлигатай тэмцэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дүрэм журмыг дагаж мөрдөх, хөрөнгө оруулалтын засаглал, нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн үр ашгийг хангах, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор үнийн уялдаа холбоотой бодлого хэрэгжүүлэх зэрэг нийгэм ба засаглалын бодлогын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, стандартыг тогтооход идэвхтэй хамтарч ажиллах чиглэлтэй байна. Эдгээр чиглэлээр хөрөнгө оруулапт хийж байж сая хөгжлийн гэх тодотголын үнэ цэнэ гарах юм.
 
БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?
 
Дэлхийн Хөгжлийн банкнуудын эвслийн баримтад Монгол Улсын Хөгжлийн банк цаашдаа ямар түүхтэй бичигдэх вэ. Таатай түүх гэж хэлэхгүй л болов уу. 
2011 оны Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлэх, зээл олгохоор зохицуулсан байсныг 20.17 оны Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өөрчилж, хуульд заасан болон банкнаас тогтоосон шалгуур шаардпагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк бие даан гаргадаг болсон. Хөгжлийн банкны нийт 3.2 их наяд төгрөгийн зээлийн 55 хувь нь чанаргүй ангилалд байна. Энэ бол дампуурлын аюул ойрхон байна гэсэн үг.
 
Баталгаагүй барьцаагүй олон зээл гаргасан байна.Энэ бүхэн олон улсын санхүүгийн хямрал, бүх дэлхийг хамарсан "Ковид-19" цар тахал, ОХУ-Украины дайн гээд нэн тааламжгүй цаг үед Монгол Улсын Хөгжлийн банк дампуурлын ирмэгт очсоноо зарлаж байгаа нь тун харамсалтай юм.
 
 
Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой хөнгөлөлттэй зээлийг ямар нэг байдлаар улс төрчдийн оролцоотой аваад зориулалт бусаар ашиглаж байна гэдэг гэмт хэрэг, бусад бизнес эрхлэгчийн боломжийг хулгайлсан ийм л үйл ажиллагаа. Хөгжлийн бус төслийг санхүүжүүлдэг, эрсдэл тооцдоггүй, олгосон зээлийн араас хяналт тавьдаггүй, хууль зөрчиж зээл олгодог гэсэн нийтлэг зөрчил даамжирсаар өнөөдрийн байдалд хүрчээ.
 
 
 
Нэг талаас Хөгжлийн банк өөрөө мэргэжлийн сайн боловсон хүчинтэй, чиг үүргээ сайн гүйцэтгэдэг, тодорхой зорилготой, бүрэн эрхт сайн засаглалтай, санхүүгийн шилмэл байгууллага байж чадсангүй.Арилжааны банкуудад мөнгөө хадгалж, тэдэнд их хэмжээний зээл олгож, борлогдох, хөрвөх чадвар султай барьцаа хөрөнгө авч, чухал биш худалдан авалт, тансаглал, хэрээс хэтэрсэн зардал, элдэв зөрчил, санхүүгийн сахилга бат алдагдсан байдал, ханшийн зөрүү ч энэ банкийг тойрсонгүй. Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын хороо, зээлийн хороо маш муу ажилласан, үндсэндээ Монгол банк удирдаж чадсангүй. Нөгөө талаас улс төрийн хүчин зүйл, улстөрчдийн ёс зүйгүй, хариуцлагагүй байдал ч нөлөөлсөн байна. Ийм нөхцөлд Хөгжлийн банк жинхэнэ утгаараа хөгжлийн банк байх үндэслэлгүй юм. Одоо бидэнд гэмт хэргийн буюу авлига албан тушаалын, эрүүгийн шинжтэй үйлдлүүд болон Хөгжлийн банкны өөрийнх нь дотоод засаглалын алдаа сургамж хоёрыг ялгаж, салгаж засаглах л үлдлээ. Зээл аваад хугацаандаа төлж байгаа компаниудаа хоморголон үйл ажиллагааг нь зогсоож болохгүй. Шинэ сэргэлтийн бодлого шинэ эргэлтээ Хөгжлийн банкийг хөгжүүлэх хэрэгтэй байна.
 
 
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор